Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/939

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Б.Мд холбогдох 2008000001170 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, ... ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ...-р байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.М /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Ар гүнтийн задгайд байрлах зуслангийнхаа байранд “ирэхгүй удлаа” гэх шалтгаанаас үүдэн эхнэр буюу хохирогч О.Дтэй маргалдан муудалцаж, улмаар түүний нүдэнд цохих, үснээс нь зулгаан газарт чирэх, гар, хөл рүү нь цохих, ам руу нь цамцныхаа тасархайг чихэх зэргээр зодсоны улмаас баруун талын хацрын дотор салстын язарсан шарх, зүүн чихний ар талд үсний зааг, эрүүний зүүн булан, баруун шууны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээжний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч О.Дгийн гаргасан “нөхөр Б.М зодсон” гэх гараар бичсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2х/, хохирогч О.Дгийн мэдүүлэг /хх-ийн 9-10,13х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7878 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16х/, гэрч Ц.Тийн мэдүүлэг /хх-ийн 24х/, гэрч Н.Цийн мэдүүлэг /хх-ийн 27х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 46х, 49-50х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 48х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 53х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 55х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 56х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-75х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76х/, ... тодорхойлолт /хх-ийн 105х/, шүүгдэгч Б.Мы мэдүүлэг /хх-ийн 98-99х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Ар гүнтийн задгайд байрлах зуслангийнхаа байранд өөрийн эхнэр О.Дг “ирэхгүй удсан гэж хэрүүл хийлээ” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

Хохирогч О.Дгийн гаргасан “нөхөр Б.М зодсон” гэх гараар бичсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2х/,

Хохирогч О.Дгийн: “...Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо Ар гүнтийн задгайд зуслангийн байшиндаа 4 хүүхэдтэй хамт байсан ба эмнэлэг орох ажилтай байсан юм. Манай нөхөр М нь ажил дээрээ очиж ажлаа хүлээлгэж өгчихөөд ирнэ гэж хэлсэн ч ирэхгүй удаад байхаар нь би мессежээр ирэхгүй удлаа гэж шалтгаанаар хэрэлдсэн. М 17 цагийн үед гэртээ ирэхээр нь би машины түлхүүрээ нэхтэл миний гарнаас зулгаагаад нүүр лүү нэг удаа алгадаад толгой руу гараараа 2-3 удаа цохисон бас үснээс зулгааж газар чирч жижиг өрөө рүү оруулж байгаад ална гээд хоолой боож гар хөл рүү гараараа цохиод байсан, би зөрүүлж өөдөөс нь зулгааж байгаад цамцыг нь урчихсан, тэгсэн М бүр уурлаад цамцныхаа тасархайг ам руу чихээд байхаар нь цамцыг нь авч шидчихсэн чинь М гэрээс гараад миний машиныг унаад явчихсан... Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад учирсан гэмтлүүдийг манай нөхөр М гараараа миний гар луу цохиж, ам руу цамц чихэж, мөн хоолой боож хоолой маажиж учруулсан. Маргалдаж байхдаа цамцыг нь урчихсан чинь үнэтэй цамц урлаа гээд тухайн цамцаа тайлаад миний ам руу чихээд баруун талын хацрын дотор талд гэмтэл учруулсан. Бусад гэмтлүүдийг гараараа боож цохих үед үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х, 13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7878 дугаартай: “...О.Дгийн биед баруун талын хацрын дотор салстын язарсан шарх, зүүн чихний ар талд үсний зааг, эрүүний зүүн булан, баруун шууны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16х/,

Гэрч Ц.Тийн: “...2020 оны 07 дугаар сарын 01-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Найрамдал Баянголын аманд зуслангийн байшиндаа очоод байж байтал найз Д над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь би зуслан дээрээ ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгсэн надтай уулзах хэрэг байна гэхээр нь би яваад очих уу гэж асуутал би өөрөө яваад очъё гээд 30 орчим минутын дараа Д 2 бага хүүхдээ дагуулаад цүнхтэй хувцсаа барьчихсан, Дгийн өмд нь өвдөгөөрөө урагдсан байдалтай нүүр ам хүзүү улаан эрээн болчихсон байсан. Гэрт ороод хоол цай өгөөд сууж байтал Д найз нь тэсэхгүй байна, миний хоол амыг боосон, найз нь салахаас өөр аргагүй байна гэж хэлсэн. Манай хамаатны хүүхэд байсан болохоор хамаагүй юм ярьж чадахгүй байсан. Тэгээд Д дээшээ гарч амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

Гэрч Н.Цийн: “...Д миний дундах охин маань дээрээ нэг ах, доороо нэг эмэгтэй дүүтэй. Д, М хоёр анх 2008 онд танилцаад 2009 онд хуримаа хийж хүүтэй болж, 2012 онд охинтой, 2016 онд охинтой, 2018 онд охинтой тус тус болсон. М Д хоёр хоёулаа дээд боловсролтой эмч хүмүүс. Мы хувьд архи дарс хэрэглээд байдаггүй, огцом ууртай уураа барьж чаддаггүй тийм хүн. Надтай хүртэл хэрэлдэж байсан. М их дээрэнгүй их зантай, гэрт орохоор дуугардаггүй их сонин хүн л дээ. Би 3 том хүүхдийг нь өсгөж хүн болгосон. Миний охин хүүхдээ хараад гэртээ байдаг, М харин 1-р эмнэлэгт мэс заслын эмч хийдэг. ...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр надад утсаар М намайг зодсон, би одоо найзындаа байна гэж хэлсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 27х/,

Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Уг гэмтлүүдийг би учруулсан. Аман дээр нь цамцаараа дарсан. Тэр үед хацрын дотор салстад гэмтэл учирсан байх гэж бодож байна. Эхнэр маажих гээд дайраад байхаар нь ноцолдсон. Тэр үед үүссэн гэмтлүүд байна. Би эхнэр О.Дгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М нь эхнэр О.Дг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан идэвхитэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...Б.Мд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасан /хх-ийн 107х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням нь Б.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Б.Мд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Б овогт Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ