Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01561

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ц.Б

         Хариуцагч: ШШГГ холбогдох

          ШШГГрын “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16070551 дугаар тогтоол болон Капитал зууч ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Ц.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгийн өмгөөлөгч Н.Т, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие нь Хаан банкинд 120 сая төгрөгийн зээлийн төлбөртэй бөгөөд үүний дагуу барьцаа хөрөнгөнөөс төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан юм. ШШГГай ярилцаж тус албанаас Капитал зууч ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлүүлсэн боловч Капитал зууч ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байна. 2017 оны 09 дүгээр сард дээрх Капитал зууч ХХК-ийн үнэлгээний дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гаргасан ч  надад танилцуулаагүй. Капитал зууч ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргах боломж олгоогүй. Төлбөр төлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлүүлж чадаагүй. Дархан сумын 4 дүгээр багт байрлах 2 өрөө орон сууц, Дархан сумын 5 дугаар багт байрлах 3 ш 2 өрөө орон сууц, Дархан сумын малчин багт байрлах арктай 1 өрөө орон сууц зэрэг нийт 5 орон сууц үл хөдлөх эд хөрөнгүүд маань зэх зээлийн ханшнаас доогуур үнээр дуудлага худалдаанд орох нөхцөл байдал үүсээд байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017-09-13-ны өдрийн 160701551, 2017-10-03-ны өдрийн 160701551 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа:  2015 оны  2651 дугаар захирамжаар Ц.Б, Н.Ц нараас 126.957.908 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан Ц.Б, Н.Ц нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн. Төлбөр барагдаагүй  тул барьцаа  хөрөнгүүдийг  битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад  тохиролцоогүй.Иймд Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилон үнэлүүлэхэд  4 дүгээр багт байрлах 288 м.кв талбайтай авто үйлчилгээний зориулалттай барилгыг 290.705.500 төгрөгөөр, 1210 м.кв талбайтай эзэмших эрхтэй авто үйлчилгээний зориулалттай газрыг 12.342.000 төгрөгөөр,  Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар 60 айл байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг 65 сая төгрөгөөр, Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол 17 дугаар байрны 25 тоот арктай 1 өрөө орон сууцыг 52 сая төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайланг 2016-06- 02-ны өдөр ирүүлсэн. Капитал зууч ХХК-аас ирүүлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Ц.Бт 2016-06-06-ны өдөр танилцуулахад үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэлээ татан авсан тул Дархан-Уул аймаг дахь сум дундын  2016 оны 981-р захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан Ц.Бын хариуцагч ШШГГ холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017-10- 03-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Капитал зууч ХХК-ийн 2016-06-02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б нь ШШГГрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017-09-13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан Ц.Б ШШГГ холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017-10-03-ны өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Капитал зууч ХХК-ний 2016-06-02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасныг баримтлан  Ц.Бын ШШГГ холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны  160701551 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Капитал зууч ХХК-ийн 2016-06-02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ц.Б өмнө нь 2016-06-08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дээрх шинжээчийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Капитал зууч” ХХК-д холбогдуулан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлийг татан авсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 981 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүгчийн захирамжийн талаар гүйцэд дүгнэлт хийгээгүй байна” гэжээ. 981-р захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй захирамжийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрээ гаргасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирсэн албан тоотыг үнэлээгүй, шинжээч нь барьцаанд байгаа үл хөдлөх, түүний байршлын газрыг илт доогуур үнэлж байхад анхан шатны шүүх илт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдолыг хангахгүйгээр магадлал гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Шүүх Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна.

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа “...анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгох, хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгох, үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан /хх 1/ ... хариуцагч дуудлага худалдаа зохион байгуулж явуулсан нь хууль бус /хх 137/...шүүхэд хандсан байхад хариуцагч дуудлага худалдаа явуулсан /хх 138/...” гэснээс үзвэл Ц.Б нь анхны болон хоёр дахь дуудлага худалдааг үнэлгээний хамт хүчингүй болгохыг хүсчээ.   

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн   2015 оны 07 дүгээр сарын 06-ны өдрийн 261 дугаар  захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой тайлбар, нотлох баримтыг хариуцагч гаргаж, зохигчид мэтгэлцсэн байх тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна

      Ц.Б нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2651 дугаар захирамжийг үндэслэн анхны албадан дуудлага зохион байгуулах тухай 2017-09-13-ны өдрийн тогтоол /хх 122, 124/, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017-10-03-ны өдрийн тогтоолын дагуу явуулсан дуудлага худалдаа /хх 128/ болон үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж үзнэ. 

        2. Нэг талаас Хаан банк, нөгөө талаас Ц.Б, Н.Цасчихэр нар 2015-01-03-ны өдөр 201 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2015 оны 07 сарын 06-ны өдөр 2651 дугаар  захирамж гаргаж, эвлэрлийн гэрээг баталжээ. 

       Төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар төлөөгүй тул 2015-10-05-ны өдөр 523 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016-02-19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,   2016-03-01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Авто үйлчилгээний зориулалттай барилга, газар мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 2 дугаар 60 айлын 17, 18 тоот  орон сууцыг битүүмжлэн, хураасан байна.

      Эд хөрөнгөөс төлбөр гаргуулах заалт Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны  2651 дугаар захирамж буюу 2015-01-03-ны өдөр 201 дугаар эвлэрлийн гэрээнд байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дараалал, журмын дагуу явуулах үндэслэл юм.

       Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34, 53 дугаар зүйл, Иргэний хуулийн 159, 174, 175 дугаар зүйлийг зохицуулалтыг анхаарч үзээгүй нь буруу болжээ.   

         3. Төлбөр төлөгч нь  Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Авто үйлчилгээний зориулалттай барилгын газрыг өмчлөх бус, харин эзэмших эрхтэй гэх бөгөөд энэ талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй байв. 

         Хариуцагч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Авто үйлчилгээний зориулалттай барилгын газрыг эсхүл эзэмших эрхийг үнэлүүлсэн эсэх нь тодорхой бус байхад шүүх хөрөнгө үнэлэх ажиллагааг зохих журмын дагуу хийгдсэн гэж дүгнэсэн нь Газрын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд   нийцээгүй байна.

        4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2015 оны 2651 дугаар захирамжийн биелүүлэхдээ хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 2 дугаар 60 айлын  44 тоот 2 өрөө орон сууц, мөн сумын 4 дүгээр баг 21 дүгээр хороолол 17 дугаар байрны 25 тоот 1 өрөө орон сууц, мөн багийн 22 дугаар хороолол 10 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг мөн битүүмжлэн, хураасан байна.

       Төлбөр төлөгч гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

        Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны  2651 дугаар захирамж буюу 2015-01-03-ны өдөр 201 дугаартай эвлэрлийн гэрээнд заасан мөнгийг төлбөр төлөгч бус этгээдийн эд хөрөнгөөс барагдуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. 

        5. Ц.Б хариуцагчид холбогдуулан үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг өмнө гаргаж байсан гэх баримт хэрэгт байхгүй тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны / хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч Капитал зууч ХХК-нд холбогдуулан шаардлага гаргаж байсан нь Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

         6. Ц.Б 2015-01-03-ны өдөр 201 дугаар  эвлэрлийн гэрээний дагуу өөрийн эд хөрөнгийг өөрөө худалдан борлуулах гэж  байхад шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа хийсэн  тухай төлбөр төлөгчийн гомдолд /хх 120/ ШШГГар хариу өгсөн баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэр гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-г зөрчихгүй юм.  

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  2651  дугаар захирамжийн дагуу явуулсан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг Капитал зууч ХХК-ийн 2016-06-02-ны өдрийн үнэлгээний хамт хүчингүй болгоно.

        Харин, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 2651 дугаар захирамжид заасан төлбөрийг төлбөр төлөгч нараас албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дарааллын дагуу дахин явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2651 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх явцад 2017-09-13-ны өдрийн, мөн 2017-10-03-ны өдрийн тогтоолын дагуу явуулсан дуудлага худалдаа болон Капитал зууч ХХК-ийн 2016-06-02-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай...” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

       2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны  2651  дугаар захирамжид заасан төлбөрийг төлбөр төлөгч нараас албадан гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, дарааллын дагуу  дахин явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдсугай. 

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ