Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 113/ШШ2019/0002

 

                                      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                          татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х-д холбогдох “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х-ийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн 0165152 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Б 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13/145 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, шийдвэр гараагүй байхад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь зөрчил гэж үзэн шийтгэл ногдуулж хариуцлага хүлээлгэсэн нь буруу, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахаар байсан тул хяналтын прокурор 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 13/01 дугаартай дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлжээ.

... мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар ажил олгогч буюу “Г” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б болон холбогдох албан тушаалтан нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Д нь үйлдвэрлэлийн осолд орж, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ажилтны өөрийн буруугаас дээрх осол гарсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Иймд тухайн үедээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бичсэн прокурорын дүгнэлтийг “Г” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б-ын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй үндэслэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж дүгнэсэн, шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон тул Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг буцаан авахаар санал хүргүүлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Н нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х-д холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэл ногдуулсан 0165152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13/01 дугаартай дээрх дүгнэлтийг хүлээн авч хянаад, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 113/ШЗ2018/0108 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.                

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Б нь “Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0165152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13/01 дугаар прокурорын дүгнэлтээс татгалзсан /буцаан авсан/ нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар аймгийн Ерөнхий прокурор нь хяналтын прокурорын дээд шатны албан тушаалтан мөн бөгөөд түүний бичсэн дүгнэлтийг буцаан авах эрхтэй, хяналтын прокурор нь дээд шатны прокурорын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

Иймд доод шатны прокурорын бичсэн саналыг буцаан авахаар ирүүлсэн аймгийн Ерөнхий прокурорын санал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, бичгээр илэрхийлэх” агуулга бүхий зохицуулалтад хамаарна.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлттэй Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х-д холбогдох “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Х-ийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн 0165152 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлттэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.                                                                              

 

 

ШҮҮГЧ                                            З.ГАНЗОРИГ