Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 87

 

Л.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05359 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ганхуягт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 6 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Л.Отгонцэцэг би өөрийн фитнесс клубт 5 ширхэг гүйлтийн замыг хариуцагч Д.Ганхуягаас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авсан. Гэтэл уг гүйлтийн замууд нь худалдаж авснаас хойш 2 хоногийн дараа эвдэрч эхэлсэн. Ингээд Д.Ганхуягт мэдэгдэхэд засаж өгье гээд зассан боловч засвар аваагүй. Гүйлтийн зам байнга эвдэрч, ажиллаж байгаад гэнэт зогсолт өгч хүн унасан асуудал гарч, ер нь наймаа буцаах талаар хариуцагчид хэлсэн.

Хариуцагч Д.Ганхуяг нь хэд хэдэн удаа засаж өгнө гэж худал хэлсэн. Гүйлтийн 5 замыг хариуцагчид буцааж өгнө. Ашиглалтын зардлын хувьд гэрээ хийгдээгүй учир төлөхгүй. Манайх 6 500 000 төгрөгөт хүү, алданги тооцоогүй. Учир нь бидний хооронд гэрээ байгуулж, энэ талаар тохиролцоогүй, тийм харилцаа үүсээгүй. Зөвхөн амаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Хариуцагчийн хувьд нэг жилийн баталгаа өгч засвар үйлчилгээг хийж өгнө гэсэн боловч засаж өгөөгүй.

Дээрх 5 замаас 2 зам нь ажиллаж байгаа, 4 дүгээр замын дамар тачигнаж дугараад байсан болохоор 3 дугаар замын дамрыг сольж хийгээд одоо ажиллаж байгаа. Ингээд 3 дугаар зам ажиллахгүй байгаа. 1 дэх замын хувьд тог залгасны дараа чанга дохио дугараад ажилдаггүй болж, 5 дахь зам тог ирээд ажиллаж байгаад гэнэт зогсдог доголдолтой байгаа.

Хариуцагч цахилгаанаас үүдэлтэй гэмтэл гэж ярьдаг. Гэтэл 4 замын эвдрэл бүгд өөр өөр байгаа. Хэрэв тогноос болсон бол бүгд зэрэг шатаад зогсох байсан. Гэтэл замууд өөр өөр цаг хугацаанд, өөр өөр гэмтэлтэй байгаа учир цахилгаанаас хамааралтай гэж үзэх боломжгүй. Хариуцагчийг баталгаа гаргахаасс өмнө гүйлтийн замуудад эвдрэл гарч, үүний улмаас Д.Ганхуягийг удаа дараа дуудаж байсан.

Ажиллаж байгаа хоёр гүйлтийн замыг бид авч үлдэх боломжгүй. Учир нь гүйлтийн замуудыг нэг дор байрлуулдаг бөгөөд ижил гүйлтийн замууд хэрэгтэй. Сольчихвол өөр болчих тул Д.Ганхуягаас 5 гүйлтийн замын үнэ 6 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт 5 ширхэг гүйлтийн замыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдсан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар миний зарсан гүйлтийн замууд анхнаасаа худалдахад эвдрэлгүй бүрэн бүтэн байсныг худалдан авагчид хүлээлгэн өгсөн учраас эвдрэл гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө 3 удаа очиж өөрийн зардал хөрөнгөөр 3 замыг засч байсан ба буцаан өгөх талаар хэлж байсан гэсэн нь худлаа. Харин гүйлтийн замыг засч өг гэж хэлж байсан боловч удаа дараа очиж засч байсан болно.

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг гүйлтийн замуудыг хуучин гэдгийг анхнаасаа мэдэж байсан ба шинэ зам зарсан бол би баталгаа бичиж өгөх байсан. Хуучин гэдгийг мэдээд авсан учир эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдлыг хариуцахгүй гэж хэлж байсан. Иймээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар Л.Отгонцэцэг нь нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч худалдан авсан зүйлээ зориулалтын дагуу ашиглахгүй, даац хэтрүүлэн ашиглаж, тог бууруулагч хэрэглэхгүй, газардуулагчгүй ашигласнаар гарсан эвдрэл гэмтлийг худалдагч хариуцахгүй байхаар Иргэний хуульд заасан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний хувьд 2 гүйлтийн замыг шинэ замаар сольё гэсэн боловч солиогүй учраас засч өгсөн. Нэхэмжлэгчид худалдсан 5 гүйлтийн замаа буцааж аваад, харин ашиглалтын 10 сарын мөнгөнд нийт төлбөрийн 60 хувийг суутгаад 40 хувийг гүйлтийн замуудаа зарж борлуулсны дараа өгч болно. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2 зам нь ажиллаж байгаа, 3 зам нь гэнэт ажиллаад, гэнэт зогсоод байгаа нь цахилгаантай л холбоотой. Замуудын ачааллыг нэмэгдүүлээд, халаачихсан учир ийм байдал гарч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ганхуягаас 6 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Тухайн үед буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л.Отгонцэцэг нь худалдах худалдан авах хэлцэл хийж 5 ширхэг хуучин гүйлтийн замыг үнэ тохирч авсан. Гүйлтийн замуудыг захын үнээс доогуур үнэлж ямар ч ашиггүй борлуулсан. Эдгээр 5 ширхэг гүйлтийн зам нь хуучин хэрэглэж байсныг худалдан авагч Л.Отгонцэцэг мэдэж байсан ба фитнесийн клубт нь аваачин угсарч өгөөд ажиллуулаад хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа 3 зам доголдоод байна гэхээр нь мэргэжлийн засварчинд ханд гэсэн боловч байнга утасдаад байхаар нь өөрөө очиж засч зааварчилгаа өгч, холболт болон газардуулагч зэрэг нарийн юмыг нь тохируулж өгсөн.

Ингээд 2016 оны 5 дугаар сарын сүүлчээр Л.Отгонцэцэг мөн л нөгөө замуудын талаар ярьсан. Тэгэхэд нь би Солонгос улсаас тоног төхөөрөмж олж өгье гэсэн баталгаа гаргаж өгсөн. Тэрээр 5 замын үнэд 6 500 000 төгрөг банкаар шилжүүлэн өгсөн гээд байгаа боловч Хаан банкны 2015 оны 10 дугаар сарын 20-ны хуулгаар 6 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг.

Худалдах худалдан авах гэрээг амаар хийсэн бөгөөд эд хөрөнгийн баталгаат хугацааг тогтоогоогүй, гүйлтийн замыг 2015 оны 10 дугаар сарын 20-нд шилжүүлсэн, 6 сарын дотор хариуцагч шүүхэд хандаагүй байхад шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Л.Отгонцэцэг нь хариуцагч Д.Ганхуягт холбогдуулан гүйлтийн зам худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 6 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талууд амаар тохиролцон, нэхэмжлэгч Л.Отгонцэцэг нь хариуцагч Д.Ганхуягаас фитнессийн зориулалтаар ашиглагдах, өмнө хэрэглэж байсан 5 ширхэг гүйлтийн замыг нийт 6 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоныг шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд талуудын үүргийн харилцааг тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь тухайн хэргийн үйл баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэлд хамаарна. Нэхэмжлэгч “нийт 5 гүйлтийн замын 3 нь доголдол илэрсний улмаас Д.Ганхуягийг хэд хэдэн удаа дуудаж засварлуулсан боловч уг доголдол арилаагүй, ... ажиллаж байгаа хоёр гүйлтийн замыг авч үлдэх боломжгүй, ... нэг дор байрлуулдаг учир сольчихвол өөр болчихно” гэж тайлбарласныг, хариуцагчийн гаргасан “5 гүйлтийн замыг худалдсан, 3 удаа очиж өөрийн зардлаар 3 замыг засч өгч байсан” гэх тайлбартай харьцуулан үзвэл хариуцагчийн шилжүүлсэн 3 гүйлтийн замыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй эд хөрөнгө байсан гэж үзэх боломжгүй.

 

Зохигчдын дээрх тайлбараар хариуцагч нь 3 ширхэг гүйлтийн замын эвдрэл, доголдлыг нэхэмжлэгчийн шаардсаны дагуу засч байсан боловч уг доголдол арилаагүй, үлдсэн хоёр зам хэвийн ажиллаж байгаа гэх үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

Хариуцагч Д.Ганхуяг нь доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн, эсхүл уг доголдол нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн, түүнчлэн доголдолтой байсан 3 ширхэг замыг засч, цаашид ашиглах боломжтой болгосон гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

 

Харин шүүх гэрээгээр нийлүүлсэн гүйлтийн замаас 3 ширхэг зам нь эвдрэлтэй байхад 5 ширхэг замын үнийг худалдагч талаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсгийн зохицуулалттай нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, уг заалтын дагуу эд хөрөнгийн нэг хэсэг доголдолтой байгааг тухайн гэрээний зүйл бүхэлдээ доголдолтой гэж үзэхгүй юм.

 

Хэрэгт авагдсан 5 ширхэг гүйлтийн замын зураг, зохигчдын тайлбараас үзэхэд эдгээр 3 зам нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасан “устгах буюу зориулалтыг нь алдагдуулалгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг” гэж үзэх, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт заасан “...нэгдмэл зориулалттай ашиглагдах хөрөнгө...” биш байна.

 

Харин Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт “хэд хэдэн эд хөрөнгө худалдсан тохиолдолд зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр цуцалж болох”-оор заасны дагуу нэхэмжлэгч нь 3 ширхэг гүйлтийн замтай холбоотой хэсгээр гэрээг цуцлан, учирсан хохиролд уг хөрөнгийн үнэд төлсөн 3 900 000 төгрөг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 1 ширхэг замыг 1 300 000 төгрөгөөр нийт 6 500 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй тул 3 ширхэг доголдолтой зам худалдан авахад гаргасан зардлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцох боломжтой.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн доголдолтой 3 ширхэг гүйлтийн замын үнэ 3 900 000 төгрөгийг хариуцагч Д.Ганхуягаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/05359 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ганхуягаас 3 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Отгонцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “хариуцагчаас 118 950 төгрөг” гэснийг “хариуцагчаас 77 350 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА