Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 06

 

Ц.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0173/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   Ц.С

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Р.Цэрэнханд

           Хохирогч                                                   Б.Э

           Хохирогчийн өмгөөлөгч                           Ч.Отгонжаргал

           Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Содномдоржид холбогдох 17150001790072 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, О  овогт Ц-ын С.

Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулах Булган зочид буудалд хохирогч Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор:

О овогт Ц-ын С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.С-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.С нь торгуулийн ялыг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар хохирогч Б.Э нь  эрүүл мэндэд учирсан хохирол, хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч Ц.С нь 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хохирогч Б. Э-д Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 500000 төгрөг төлсөн болохыг дурьдаж,

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Э давж заалдах гомдолдоо:

“... Тус шүүх нь шүүгдэгч Ц.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэсэнд хохирогчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөлд маргах зүйлгүй байна.

Гэвч тухайн хэргийн шүүхээр шийдвэрлэхдээ тус шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд үүнд хохирогчид учруулсан хохирлыг гаргуулан шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна.                                                

            Үүнд:  Эрүүгийн   хэрэг   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   17.4-т   заасны   дагуу "Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам"-ыг баримтлах ба 17.4 дүгээр зүйлийн 4.5-д "гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх"-ыг заавал тусгасан байвал зохино.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд 1.2-д зааснаар "...учруулсан хохирлыг төлсөн" байвал тухай эрүүгийн хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д гэмт хэргийн хохирол гэж "...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүү мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно",  2-д "...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж тус тус заажээ.

Дээрхээс үзэхэд шүүх хэргийн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхдээ хохирогчид учирсан бодит хохирлыг барагдуулсан, төлсөн байх, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй болсон эсэхийг нягтлан тогтоох зэргийг харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл шүүгдэгч Ц.С нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд ч төлбөр төлөөгүй, эмчилгээний зардлыг нь бүгдийг барагдуулж өгнө гэж байсан боловч огт барагдуулаагүй. Энэ талаар миний бие мөрдөн байцаалтын шатанд хэлж байсан боловч надад хохирол барагдуулах талаар хэлэхдээ "шүүхэд материалаа гаргаж өгч хохирлоо барагдуулж болно" гэж тайлбарладаг байсан. Миний бие шүүхэд хэрэг очсон гэдгийг мэдээд шүүгчийн туслах Э гэх залуутай утсаар холбогдож "... Ц.С хохирлоо төлөөгүй, миний бие гомдолтой байна, хохирлын баримтаа явуулья" гэхэд шүүгчийн туслах Э нь "хэрэг чинь өчигдөр орж ирсэн. Яаралтай шийдэх тул баримтаа эх хувиар нь өгч амжихгүй, та хуулбарыг нь  мэйлээр явуулчих"  гэж хэлсэн.  Тэгээд би  шүүгчийн туслахын цахим хаягаар хохирлын баримтаа явуулсан. Шүүх хурал их хурдан зарлагдаж, хурал болох өдрийг нь надад их хожуу мэдэгдсэн тул би өөрийн биеэр шүүх хуралд оролцож амжихгүй байдал үүссэн. Харин гомдолтой эсэхээ утсаар мэдэгдэж болно гэхээр нь "миний эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулаагүй тул гомдолтой байна" гэдгээ шүүгчийн туслахад хэлээд баримтаа явуулсан.

Мөн миний бие Ц.С-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршуулсан 500.000 төгрөгийг мэдээгүй байсан ба шийтгэх тогтоолд дурьдсаны дараа л үүнийг олж мэдсэн юм. Гэтэл шүүх үзэхдээ “Шийтгэх тогтоолын 5 дугаар хуудас "...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 500.000 төгрөг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж тэмдэглэсэн боловч хохирогч 2.543.600 төгрөгийн баримтаа эх хувиар нь шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна. Миний бие Ц.С-д зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэж ажлын бүтээмж алдаж олон хоног хэвтэн эмчлүүлсэн бөгеөд энэ нөхцөл байдлаас болж ихээхэн хохирол учирсан. Гэтэл шүүх хохирогчид учирсан бодит хохирлыг гаргуулж өгөөгүй тул давж заалдах шатны шүүхээс энэхүү хохирлыг барагдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ:“…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

   Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт байрлах Булган зочид буудалд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Э-ыг зодож биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Б.Э нь “… шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн…, ... хохирол барагдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан боловч

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд энэ зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг хамаарахаар тусгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд тусгагдсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаардахгүйгээс гадна шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчлагдсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч Б.Э нь анхан шатны шүүхэд хохирлын баримтууд /хх 70-74/-ыг хуулбарлан хүргүүлж, шүүгдэгчээс 2.543.600 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд давж заалдах гомдолдоо дээрх баримтуудын эх хувийг ор хоногийн төлбөр 700.000 төгрөг, цахим төлбөрийн 14.500 төгрөгийн баримтуудын хамт хавсарган /хх 96-99/ ирүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудсанд авагдсан хохирлын баримтуудын талаар “...баримтаа эх хувиар нь шүүхэд ирүүлээгүй тул...” гэж дүгнэсэн байх тул дээрх баримтууд нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан гэж үзнэ.

Шинжлэн судлагдсан дээрх баримтууд болох “Мөнхийн Тун ХХК”-ны 8.100 төгрөгийн баримт, мөнгөн шилжүүлгийн 8.000 төгрөгийн баримт зэрэг нь нэр зөрүүтэй /Ү Б, Б гэж бичигдсэн/, мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Э нь “хамрын мэс засал хийлгээгүй байгаа” гэх тайлбарыг гаргасан, түүнчлэн 14.500 төгрөгийн баримт, ор хоногийн төлбөр гэх 700.000 төгрөгийн баримт /хх 96/-ууд нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлагдаагүй байх тул дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс хохирол гаргуулах боломжгүй  байна.

Харин Шүүхийн шинжилгээний албанд үзлэгийн мөнгө 8.000 төгрөг тушаасан гэх баримтыг давж заалдах шатны шүүх хохирлын баримтад тооцсон боловч шүүгдэгч Ц.С нь хохирлын төлбөрт тооцож 500.000 төгрөгийг Булган аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дансанд шилжүүлсэн байх тул дээрх 8.000 төгрөгийн хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нь дээрх гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол болон эмчилгээ хийлгэсэн баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дурьдсан байх тул хохирогч Б.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч Б.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧ                                                       Ц.ТУЯА

                                                                                  

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН