Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0254

 

Өмнөговь аймгийн прокурорын газрын

ахлах прокурор А.Агийн дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир

Дүгнэлт гаргагч: Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.А

Хариуцагч: Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газар

Дүгнэлтийн шаардлага: “Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагч прокурор А.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 120/2021/0019/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.А нь Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газарт холбогдуулан “Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, 22.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1, 2, 7 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Агийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн шаардлагыг хангаж, Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Зөрчил шалган шийдвэрлэх хуульд байхгүй "гэм буруу" гэх ойлголтыг хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, гаалийн улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад ирүүлсэн зөрчлийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлох баримтаар нотлогдсон хүлээн зөвшөөрсөн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар хэлэлцэх боломжтой юм", мөн үндэслэх хэсгийн 8-д "хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулж буй зөрчлийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар баримтаар нотлогдоогүй, зөрчлийг холбогдогч санаатайгаар гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгах ажиллагааг бүрэн явуулаагүй болох нь тогтоогдож байна" гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Харин Эрүүгийн хуулийн 2.1.1-д "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эндээс гэмт хэрэг болон зөрчлийн гол үндсэн ялгаа нь гэмт хэрэг нь "үйлдсэн үйлдэл эс үйлдэлдээ гэм буруутай байх"-ийг шаарддаг бол зөрчил нь гэм буруутай байхыг шаардахгүй зөвхөн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаснаар зөрчилд тооцогдоно.

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд гэм бурууг шалган тогтоохтой холбогдсон ганц ч заалт байхгүй. Нэгэнт гэм буруугийн хэлбэр гаргасан зөрчилд яригдахгүй тул тухайн зөрчлийг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй гэх аль хэлбэрээр үйлдсэн болохыг мөн л харгалзах боломжгүй. Гэтэл шүүгч Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд огт байхгүй ойлголтыг улсын байцаагч шалган тогтоох байсан гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь ямар ч хууль зүйн үндэслэл алга.

Шүүгч үндэслэх хэсгийн 6-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6.1.1.1, 6.6.1.1.2, 6.6.1.1.3, 6.6.2, 6.6.4, 7.1.1.1.1, 7.1.1.3-д заасныг нэрлэн зааж үүний дараа үндэслэх хэсгийн 7-д" Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал” хэмээн өмнө дурдсан дүгнэлтийг хийсэн.

Гэтэл шүүгчийн дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”; 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”,; 1.3-д “зөрчил үйлдсэн болох стандартаар нь баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол”, мөн хуулийн 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна.” 4-д “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж заасан эдгээр заалтад шүүгчийн дурдаад байгаа мэт "гэм бурууг тогтоох ёстой" "зөрчлийг санаатай гаргасан эсэхийг шалгах ёстой" гэх агуулга огт байхгүй.

Харин эсрэгээрээ “үйлдэл нь баримтаар нотлогдсон байх”, “зөрчил үйлдсэнээ сайн дураараа зөвшөөрсөн байх” гэх гол шинжүүд бий бол хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж болно гэж заасан.

Зөрчил гаргагч Х.Б нь “гаалийн хилээр гаалийн байгууллагад мэдүүлээгүй их хэмжээний бэлэн мөнгийг тээвэрлэж явсан болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан хилийн цэрэг М.Бын тайлбар, мэдүүлэг, хөндлөнгийн гэрч байлцуулсан үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, холбогдогч болон бусад этгээдийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг” зэргээр нотлогдсон. Мөн зөрчил гаргагч Х.Б нь тус зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн.

Иймд эрх бүхий алба тушаалтан гаалийн улсын байцаагч нь тус хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6.1.1.1, 6.6.1.1.2, 6.6.2-д заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй. Харин шүүхээс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдий хялбаршуулсан журмаар зөрчил ногдуулах шийтгэлийн хуудас бичигдсэн ч зөрчлийг шалган тогтоох ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны аргуудыг ашиглаж иж бүрэн хийгдсэн. Иймд шүүх Зөрчлийн хэрэг нээж явуулах ёстой байсан гэснээр ямар хийгдэх ёстой ажиллагааг нөхөн гүйцээх ёстой гэх үндэслэл байхгүй.

2. Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй "захиалагч" гэх ойлголтыг хэрэглэсэн

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 болон 9 дэх хэсэгт “тэр юаны эзэн нь И.Эрдэнэ гэж хүн байсан, түүнийг шийтгэх ёстой байсан" гэх агуулга бүхий дүгнэлт хийжээ. Гэтэл Зөрчлийн тухай хууль зөрчил үйлдсэн, хүн хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах зохицуулалттай. Харин зөрчлийг захиалагч, хатгагч гэх ойлголт, тэдгээрийг шийтгэх тухай зохицуулалт байхгүй. Энэ нь зөвхөн эрүүгийн хуульд хэрэглэгдэх ойлголт.

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 63-51 УБЭ улсын дугаартай автомашин гаалийн хилээр гаальд мэдүүлээгүй 133,700 юаны тээвэрлэж нэвтрэхэд тус тээврийн хэрэгсэлд И.Эрдэнэ байгаагүй. Хэрэв тэрээр хамт тус үйлдэлийг гаргасан тохиолдолд И.Эрдэнийг Зөрчлийн тухай хуулийн 2.2.1 д "Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу И.Эрдэнийг шийтгэх үндэслэлтэй. Харин бусад тохиолдолд Зөрчил гаргуулахаар "хатгагч", "захиалагч" гэх ойлголт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд байхгүй тул тус мөнгөний өмчлөгч хэн болохыг тогтоож шалгах үүрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтанд байхгүй. Шүүгч эрх бүхий албан тушаалтныг хуульд байхгүй үүргийг хэрэгжүүлэх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Х.Б нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 63-51 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажны саванд хар өнгийн ууттай БНХАУ-ын 133.700 юанийг Шивээхүрэн боомтын гаалийн байгууллагад мэдүүлээгүй зайлсхийсэн болох нь зөрчлийн материалд авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, холбогдогч Х.Б гэрч Х.Б, Н.Б нарийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд, иргэн М.Б, И.Э, Б.Т, Н.Б нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоосон. Гэтэл шүүгч зөрчил гаргасныг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэхдээ дээрх нотолгооны хэрэгслүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа хууль зүйн болон бодит үндэслэлийг нэрлэн заагаагүй.

3. Нэхэмжлэлд дурдаагүй үндэслэлийг шүүх шинээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10, 11, 12 дах хэсэгт прокурорын дүгнэлт буюу нэхэмжлэлд дурдаагүй шинэ үндэслэлийг гаргаж шийдвэрээ гаргасан. Прокурор шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шаардах үндэслэлдээ “шийтгэлийн хуудсаны бичиглэл нь хэлбэрийн шаардлага хангаагүй", "хураан авсан мөнгийг улсын орлого болсон нь тодорхойгүй” гэх үндэслэл огт байхгүй. Гэтэл шүүгч нэхэмжлэгч буюу прокурорын өмнөөс түүний маргаагүй үндэслэлийг шинээр өөрөө гарган ирж, тэрхүү үндэслэлээрээ дүгнэлтийг хүлээн авч хангах боломж байхгүй.

Зөрчлийн тухай хуулийн 11.19-д “Гаалийн байгууллагад:”  22.1-д “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн;... бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Шийтгэлийн хуудсаар хураан авсан “БНХАУ-ын 133.700 юаныг" 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Бараа тээврийн хэрэгсэл хураах хуудсаар хураан авч 2021 оны 06 дугаар  сарын 29-ны "Хураагдсан эд зүйлийг хадгалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж улмаар гүйлгээний мемориалын баримтаар улсын орлогод шилжүүлсэн. Төлбөр улсын орлогод орсон дээрх баримтууд байгаа бөгөөд төлбөр улсын орлогод орсон эсэх үйл баримтаар талууд маргаагүй байхад шүүх тус хураан авсан мөнгийг улсын орлогод оруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж буй нь илүүц юм. Эргэлзэж байгаа бол мөрдөн шалгах үүргийнхээ хүрээнд шүүхээс Төрийн сангаас энэ талаар лавлагаа авах боломж байсан.

4 Шүүгч процессийн зөрчил гаргасан прокурорын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Маргаан бүхий акт болон Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн Гаалийн улсын байцаагч Э.Бийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0245131 дугаар шийтгэлийн хуудас"-тай холбогдуулан иргэн И.Эрдэнэ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12.1-д зааснаар гомдол гаргажээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Агийн тус шүүхэд бичиж хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 03 тоот дүгнэлт

Тус гомдлын дагуу Өмнөговь аймгийн прокурорын газар Зөрчлийн хэргийг хянаж үзээд 2021 оны 07 дугаар сарын 09-ны 20 тоот Прокурорын тогтоолоор зөрчил гарсан үйл баримт тогтоогдсон бөгөөд "Зөрчлийн тухай хуулийн 1.2.3. Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасныг үндэслэл болгон И.Эрдэнийн гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.

Тус шийдвэрт И.Эрдэнэ Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Ганбатад хандан гомдол гаргасныг Ерөнхий прокурор хүлээн авч хянаад улмаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 тоот тогтоолоор "Х.Б нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх заалтад заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул" хэмээн И.Эрдэнээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Мөн тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад "Энэхүү шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр байна" гэж заажээ.

Энэ үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12.8-д заасан 8.1-д “шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох”, 8.2-т “шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөх”, 8.3-д “гомдлыг хүлээн авахаас татгалзах” зэрэг шийдвэрүүдийн аль нэгийг гаргах эрх хэмжээ прокурорт байх боловч Аймгийн Ерөнхий прокурор "гомдлыг хүлээн авахаас татгалзаж" шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12.5-д "Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ" мөн зүйлийн 7-д "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй" гэж тус тус заажээ.

Нэгэнт эцсийн болсон шийдвэрийн талаар дахин гомдол гаргах эрх хэмжээ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод байхгүйгээс гадна нэгэнт эцсийн болсон тухайн нэгжийн Ерөнхий прокурорын шийдвэрийг өөрчлөх, дахин авч хэлэлцэх эрх хэмжээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулиар прокурорт эрх хэмжээ олгоогүй.

Гэтэл Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн асуудлаар Х.Б 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр өргөдөл гаргасныг хүлээн авсан нь болон Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор буюу дээд шатны прокурорын шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.М хүчингүй болгож буй өөрчилсөн шийдвэр гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн 6.1-д "Прокурор дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцна. Прокурор дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлнэ" гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргасан дүгнэлт буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Шүүх тус үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д зааснаар үгүйсгэхдээ Зөрчлийн тухай хуульд заасан прокурорт дүгнэлт бичих эрх олгосон заалтуудыг үндэслэжээ.

Прокурорыг шийтгэлийн хуудаст дүгнэлт бичих эрхийн талаар бид маргаагүй. Зөвхөн прокурор тэр эрхээ хэрэгжүүлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа хэтэрсний дараа мөн хуульд заасан дарааллын дагуу тийнхүү дүгнэлт бичих эрх нь дуусгавар болсоны дараа дүгнэлт бичсэн нь хууль бус тул хүлээн авах үндэслэлгүй гэж маргасан. Гэтэл шүүхээс бидний маргасан үндэслэлд хууль зүйн хариу өгөөгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д “Прокурорын тухай хуулийн 9.2-т заасны дагуу Прокурорын хариу мэдэгдэх хуудаст гомдол гаргаагүй бөгөөд түүнийг эдлэх боломжтой байсан” гэжээ. Гэтэл тус хариу мэдэгдэх хуудсыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй бөгөөд зөвхөн гомдол гаргасан Х.Бд өгсөн хариу болно. Тийнхүү шийдвэр гарсныг прокурорын дүгнэлт бичигдэж шүүхэд хариуцагчаар дуудагдсаны дараа мэдсэн тул гомдол гаргах боломжгүй мөн эрхгүй. Иймд шүүхийн тус дүгнэлт үндэслэлгүй.

5. Хариу тайлбар татгалзлын зарим үндэслэлд огт тайлбар өгөөгүй.

Прокурорын дүгнэлтэд "Х.Б .... 63-51 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж улсын хилээр гаргахаар очсон бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 133.700 юань байсныг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.... Уг хураагдсан мөнгө нь иргэн И. Эрдэнийн мөнгө байсан болох нь түүний холбогдогчоор өгсөн.... гэх мэдүүлэг авагдсан баримтуудаар тогтоогдсон байна..... Иймд тухайн зөрчлийн үйлдсэн буруутай этгээдийг олж тогтоон тохирох шийтгэлийг оногдуулах, мөн Хилийн цэргийн 0166 дугаар ангийн 0324 салбарын хангалт эрхэлсэн орлогч Н.Бат-Оргил, баримт шалгагч М.Б нарын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай байх тул " гэжээ.

Прокурорын дүгнэлтэд "...мөн Хилийн цэргийн 0166 дугаар ангийн 0324 салбарын хангалт эрхэлсэн орлогч Н.Б, баримт шалгагч М.Б нарын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай байх тул” гэжээ.

Тухайн субъектуудын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалган тогтооход зөрчил гаргагчид оногдуулсан шийтгэлийн хуудас саад болох хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд тийнхүү этгээдүүд эрх мэдлээ хэтрүүлсэн урвуулсан зэрэг буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалган тогтоох эрх хэмжээ прокурорт байсаар байгаа болно. Шүүхээс маргаж буй тус үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй.

6. Шүүх маргааныг шийдвэрлэж нэхэмжлэлийг хангасан боловч энэ тухай захирамж гаргасан

Шүүх маргааныг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан боловч Өмнөговь аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг; мөн хуулийн 113.1-д "Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна” гэж заасан.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "шүүгчийн захирамж" гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг” хэлнэ гэж тус тус заажээ.

Маргааныг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн тул энэ тухай шүүхийн шийдвэр гаргах ёстой атал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж захирамж гаргасан нь тус хуулийн ноцтой зөрчсөн зөрчил байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй процессийн болон хууль хэрэглээний ноцтой алдаанууд гаргасан тул Өмнөговь аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3 тоот шийдврийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл бүхэлд нь хэрэгсэхгүй болгох аль нэг шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

5. Дүгнэлт гаргагчаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

3.1 Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бээс иргэн Х.Б нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-д “Гаалийн байгууллагад”, 22.1-д “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” гэж заасныг зөрчсөн болох нь гаалийн хяналтын шалгалт, холбогдогчын тайлбар, фото бичлэгээр нотлогдож байна гэж үзэн 0245131 дугаар шийтгэлийн хуудсаар 8,849,669.65 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэжээ.

3.3. Хариуцагчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг иргэн И.Эрдэнэ эс зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь прокурорын газарт гомдол гаргасанд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус газрын хяналтын прокурор Г.Ганбаяр 20 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан, мөн иргэн И.Эрдэнээс дахин ерөнхий прокурорт гомдол гаргасанд тус газрын ерөнхий прокурор Н.Ганбат 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр тул дүгнэлт гаргах эрхгүй хэмээн гомдол гаргаж байх боловч хуульд шийтгэлийн хуудсаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн хуулийн этгээд болон дүгнэлт гаргагч нараас эс зөвшөөрч захиргааны шүүхэд маргах эрхийг тусгасан байх тул энэхүү үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд уг захиргааны маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй.

3.4. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.”, 3 дугаар зүйлийн 3.1.11-д “"гомдол" гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах буюу прокурор дүгнэлт гарган маргах хугацааг хуульд тусгайлан заасан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тухайн нэгжийн дээд шатны прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ”, 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй” хэмээн зохицуулжээ.

3.5. Хэдийгээр анхан шатны шүүх “... прокурор зөрчлийн хэргийн оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэрэг, материалыг хянах, хяналт тавих, хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дүгнэлт бичих бүрэн эрхтэй...” гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч дүгнэлт гаргагч энэхүү эрхээ туйлын байдлаар эдлэх боломжгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар нэхэмжлэлийн адил дүгнэлт гаргаж байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд дүгнэлт гарган маргах боломжтой.

3.6. Гэтэл дүгнэлт гаргагч нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу гурван сарын дараагаар дүгнэлт гаргасан байгаа нь дээрх хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

3.7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.А нь Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газарт холбогдуулан “Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

3.8. Ийнхүү нэгэнт хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын бусад үндэслэлд тайлбар хийх шаардлагагүй тул дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжийн хэвлэмэл хуудас дээр хэвлэсэн техникийн алдаа гаргасан байх ба цаашид энэхүү алдааг давтан гаргахгүй байхыг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Агийн дүгнэлттэй, Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Э.Бийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0245131 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагч нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан хариуцагч Шивээхүрэн дэх Гаалийн газрын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА