Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/954

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Билгүүн,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А а овогт С.Бт холбогдох 2008000001121 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг ... дугаар хороо Ар хустайн гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, А а овогт С.Б РД:/.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 сарын 19-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр болох дүүргийн хашаанд иргэн Ц.Аийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүр рүү нь нулимсний улмаас хоорондоо маргалдан улмаар үснээс нь зулгааж доош даран толгойруу нь гараараа цохиж, биөд нь баруун шуунд цус хуралт, баруун шуу, хүзүүнд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1х/, хохирогч Ц.Аийн мэдүүлэг /хх-ийн 27-28х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8-9х/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45х/, шүүгдэгч С.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 38х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 39х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 40х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48х, 63-66х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69х/, шүүгдэгч С.Бын мэдүүлэг /хх-ийн 58-59х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр болох дүүргийн хашаанд иргэн Ц.Атэй машин зөрөх асуудлаас үүдэн маргалдаж, нүүр рүү нь нулимж, үснээс нь зулгааж доош даран толгой руу нь гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1х/,

Хохирогч Ц.Аийн: “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд бичиг өгчхөөд нөхөр Бгийн хамт зогсоолоос гарах гэж байтал өөдөөс нэг цагаан өнгийн машин ирж зөрөх үед жолооч нь “та энэ талаар зөрчих” гэхээр нь манай нөхөр зөрөх гэж байтал жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан залуу согтуу, манай нөхрийг “хурдан зөрөөч ээ” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “чи болиоч ээ, аав шигээ хүнийг” гэж хэлсэн чинь миний нүүр лүү 2 удаа нулимаад авсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад тэр хүний хаалгыг нь онгойлгоод “чи яаж байгаа юм” гэж хэлсэн чинь миний үснээс зулгаагаад доош дараад толгой руу гараараа цохиод авсан. Харин машин барьж байгаа хүн нь цаанаас салгаад би холдоод цагдаад дуудлага өгсөн. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухайн гэмтлийг Баатар үснээс зулгааж гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнх 7199 дугаартай шинжээчийн: “...Ц.Аийн биед баруун шуунд цус хуралт, хүзүүнд цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 8-9х/,

Шүүгдэгч С.Бын: “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд 100 айлд ажил дээрээ 100 гр архи уучхаад Сонгинохайрхан дүүргийн орж хүнтэй уулзахаар дүү Гаар машинаа бариулаад явсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын хашаа руу ороод нэг жижиг тэрэгтэй зөрөлцөх гээд тэр машинд сууж явсан эмэгтэйтэй маргалдсан. Надад зам тавьж өгөхгүй байхаар нь би машин дотроосоо тэр машин луу нулимсан юм. Тэгсэн нөгөө эмэгтэй бууж ирээд миний хаалгыг онгойлгоод над руу дайрахаар нь би хоёр гарыг нь бариад автал эсэргүүцээд намайг цохих гээд байхаар нь толгойноос бариад доош дарсан, тэгсэн нөгөө эгч гартаа барьсан утсаараа нүүр лүү нэг удаа цохиод авсан, тэгсэн Г машинаасаа бууж ирээд салгаад бид хоёр хоёр тийш болсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Алтанцэцэгийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар гэрч О.Б руу агсарч, улмаар тус машинд сууж явсан хохирогч Ц.Аийн нүүр лүү нь нулимж соёлгүй бүдүүлэг авирыг гаргасан төдийгүй хохирогчийн үснээс нь зулгааж, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисноос хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч С.Б нь өөрийнх хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирч болохыг мэдсээр байж зориуд хүсч үйлдсэн шинжтэй байх тул тус гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Түүний энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул С.Быг тус зүйлээр гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогчид 200.000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн боловч ямар нэгэн баримтгүй, иймд хохирогч Ц.А нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногт төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулаагүй, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /өмнө энэ төрлийн хэрэгт холбогдож байсан ч засарч хүмүүжээгүй/ зэргийг тус тус харгалзан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А а овогт С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 1350 (нэг мянга зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая, гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.А нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Баас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ