Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/959

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Г б овогт Б.Дод холбогдох 2008020531131 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын зорчигчийн вагон депод дизелчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ... дугаар хороо ат-... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, Урьд

-2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 428 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгг зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн Г б овогт Б.Д /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод иргэн Б.Утай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа цохиж, зодон, түүний эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, завьжинд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5х/, хохирогч Б.Уын мэдүүлэг /хх-ийн 27х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6713 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31х/, шүүгдэгч Б.Дын ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /хх-ийн 39х, 40х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 43х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 44х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 45х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 47х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-62х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 36х, 65-67х, 68-70х/, хохирогч Б.Уын хүсэлт /хх-ийн 80х/, шүүгдэгч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 75-76х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод иргэн Б.Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа цохиж зодон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

СХДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5х/,

Хохирогч Б.Уын: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ээжийнхээ гэрт байж байхад багийн найз нэг сургууль хамт төгссөн Д, Б нар фэйсбүүкээр холбогдоод “Бгийнд байна, ганц шил архи аваад ороод ир” гэж хэлсэн. Би тухайн өдөр Бгийнд 11 цагийн орчим ганцаараа ороход Б, Д хоёр өмнөх өдөр нь уусан, бага зэргийн халамцуу байсан. Би тэднийд ороод Бд архины мөнгө өгөөд гаргасан ба 1 шил архи авч Д бид хоёр хуваагаад уусан. Б архинаас уугаагүй, бид хоёрыг ууж байхад гадаа хүнтэй уулзана гээд гарч ороод байсан. Архиа дуусгаад би дахиад нэг шил архинд явсан. Тэр архиа ууж дуусгаагүй байхад Д “хуучны атаман би тэдний халааг нь авсан хүн” гэж хэлсэн, мөн өмнө нь миний утсыг Б ломбарданд тавьж байсан ба Д миний утсыг авч өгсөн юм. Д надад хандахдаа ганц утас тавьчхаад юун сүртэй юм,  араас нь нэхэлтэй юм аваад л өгөх байсан ш дээ гэж хэлээд бид тэр ярианаас болоод маргалдсан. Д шууд гараараа зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд хоёр талаасаа босож ирээд коридор луу гараад коридорт намайг газар унагаагаад өвдөглөж дарж байгаад гараараа нүүр толгой цээж хэсэгт олон удаа цохисон. Бид хоёр зодолдох үед Б гаднаас орж ирсэн. Б Дыг салгаж чадахгүй дийлэхгүй байсан. Миний ам хамарнаас цус гараад гэртээ орох гэтэл араас чангаагаад миний өмсөж явсан цамцыг урчихсан. Цагдаа дуудна гэхэд Б, Д хоёр намайг гаргахгүй цагдаа дуудаж яах юм бэ, нүүр гараа угаачих, дахиад дэлгүүр ороод архи авч ууя гэж хэлсэн. Тэгээд би согтоод байхаар нь шууд гараад ээжийнхээ гэр лүү орсон. Манай ээж гэртээ ганцаараа байсан ба намайг ороход шууд ээж цагдаад дуудлага өгсөн. ...Манай эхнэр, ээж хоёр 2020 оны 03 дугаар сард Улаанбаатар их дэлгүүрээс 159.000 төгрөгөөр авч өгсөн. Энгийн даавуун цамц байсан. Чанартай цамц гэж хэлж авч өгсөн. Би цамцаа үнэлүүлмээргүй байна. Яг адилхан цамц авахуулмаар байна. ...Би эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгүүлээгүй. Гэмтлийн эмч хэлэхдээ тархины зураг авахуулах шаардлагатай, тархиндаа хавантай байх магадлалтай нарийн шинжилгээ өгөхөд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Би тухайн эмчилгээнүүдийг хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6713 дугаартай: “...Б.Уын биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, завьжинд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31х/,

Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би согтуудаа Б.Уын нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа хүчтэй алгадаж уг гэмтлийн учруулсан. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би Ууганбаяртай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ба хохирлын 440.000 төгрөгийг Ууганбаярын дансаар шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Д нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...хохирол төлбөрт 440.000 төгрөг хүлээн авсан тул одоо болон цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт гаргасан /хх-ийн 80х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэл нь Б.Дод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Б.Дод танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Г б овогт Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дод 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ