Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/963

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Т.Отгонтөгс /томилолтоор/,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Э.Хт холбогдох 1908058861134 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Автомашины механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, баянхошуу ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Э.Х РД:/.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 12-наас 2019 оны 11 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчин хотхоны ... дугаар байрны урд талд ... улсын дугаартай тоёота кровн маркийн автомашин жолоодож явахдаа “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас ... улсын дугаартай тоёота витз маркийн автомашины эзэмшигч гэх иргэн Б.Мтай маргалдаж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зэрэг шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч Д.Ды мэдүүлэг /хх-ийн 27х/, гэрч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 33х/, гэрч Э.Эы мэдүүлэг /хх-ийн 30-31х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13757  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36х/, шүүгдэгч Э.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 60х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 61х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 62х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-71х/, шүүгдэгч Э.Хын мэдүүлэг /хх-ийн 50-51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь 202019 оны 11 дүгээр сарын 12-наас 2019 оны 11 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 02-03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчин хотхоны ... дугаар байрны урд талд “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар иргэн Б.Мтай маргалдаж, нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Хохирогч Б.Мын: “...2019 оны 11 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчин хотхоны гэр лүүгээ орох гээд эхнэрийн дүү Д.Ды хамт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай vitz маркийн автомашинтай байрны голоор явж байхад өөдөөс ... улсын дугаартай автомашин тулаад сигналдаа зогсоод холдохгүй байсан. Тэгэхээр нь би чи холдчих гэж хэлсэн чинь нөгөө залуу машинаасаа буугаад би машинаас буугаад бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн нөгөө машины жолооч миний хамар луу гараараа цохиод хаячихсан чинь миний хамар хугарчихсан байсан. Тэгээд би нөгөө залууг цааш нь түлхэхдээ халтираад газар уначихсан. Тэгээд би босож ирээд дахиж барилцаж авсан чинь гэрээс манай эхнэр гарч ирж таарсан. Тэгээд цагдаа дуудсан. Миний хамар хугарсан, баруун талын өвдөг шалбарсан байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хамрыг Х гэх залуу гараараа цохиж гэмтээсэн. Харин өвдөгний зулгаралтыг Х намайг цохиход би гарааш руу халтирч орохдоо газар унаад авсан зулгаралт байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Гэрч Д.Ды: “...2019 оны 11 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө би ахын ... улсын дугаартай vitz маркийн автомашиныг бариад гэрт нь хүргэж өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчин хотхон дотор машинаа байрлуулж тавих гээд явж байхад ... дугаар байрны урд талаар явж байсан чинь өөдөөс ... улсын дугаартай киров маркийн автомашин тулж ирчхээд сигналдаад байсан. Тэгсэн нөгөө залуу болон манай ах хүртэл машинаасаа бууж хоорондоо хэрэлдээд барилцаж авсан. Тэгээд манай ах нөгөө залууг цааш нь түлхэхдээ  халтирч гараашны тийшээ уначихсан юм. Тэгээд ах босож ирээд нөгөө залуутай дахиж барилцаж авсан чинь нөгөө залуу ахын хамар луу гараараа цохиод авсан. Тэгээд би очиж салгаж байхад гэрээс эгч гарч ирж таарсан. Тэгсэн ахын хамарнаас цус гараад байсан чинь манай эгч чи манай нөхрийн хамрыг хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай эгч би нөхрөө аваад эмнэлэг явъя гэсэн чинь нөгөө залуу явуулахгүй, би цагдаа дуудна гээд цагдаа дуудсан байсан. ...М ах хамаатнуудтайгаа уулзаад гэрт нь хоёр шил архи хувааж уусан. Тэгээд би архи уусан байсан болохоор нь машиныг нь барьж гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан. ...Тухайн залуу манай ахын нүүр лүү гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

Гэрч Д.Бын: “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр М нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах Хайрхан хороололд орой 20 цаг өнгөрч байхад манай ээжийн төрсөн дүүгийн цайлганд очиж байж байгаад би түрүүлээд гэр лүүгээ яваад нөхөр араас 00 цаг өнгөрч байхад Даар машинаа бариулаад байрны гадаа ирсэн байсан. Тэгээд манай дүү Д намайг гэрт унтаж байхад над руу залгаад та гараад ирээч гэхээр нь би гараад очсон чинь манай нөхрийн хамарнаас цус гараад нэг танихгүй залуутай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би хамар нь хугарчихсан байхаар нь гэмтэл ороод янзлуулмаар байна, чи машинаа холдуулчхаа гэж хэлсэн чинь би цагдаа дуудсан байгаа, би холдохгүй гээд нөгөө танихгүй залуу машиндаа ороод суусан. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. ...Би юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй байна. Яриаг нь сонсоход бол нэг нэгэндээ зай тавьж өгсөнгүй гэдгээс болсон юм шиг байсан. Манай дүү машин байрлуулах гээд байрныхаа урдуур явж байсан чинь өөдөөс нь нэг машин гарч ирчхээд зай тавьж өгөөгүй. Тэгээд манай нөхөр архи уусан байсан болохоор очоод уурлаад маргалдсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13757 дугаартай шинжээчийн: “...Б.Мын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36х/,

Шүүгдэгч Э.Хын: “...Би шинжээчийн №13765 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан Б.Мын биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх бүхий гэмтлүүдийг би ноцолдож байх хооронд үүссэн байх. Санаатай бол цохиогүй, өөрийгөө хамгаалах гэж цааш түлхэхэд л цохигдсон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Х, хохирогч Б.М нарын хэн аль нь бие биедээ хүндэтгэлтэй хандаагүй, хороолол дундах замд тээврийн хэрэгслээр зорчихдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчих, эсхүл боломжгүй нөхцөл байдалд байгаа бол хэн боломжтой нь зам тавьж өгөх байдлаар асуудлаа эв зүйгээр шийдвэрлэхийн оронд “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар бие бие рүүгээ дайрч, давшлан харилцан хүч хэрэглэсэн үйлдлийг хийсэн байх ажээ. Э.Х, Б.М нарын бие бие рүүгээ халдсан үйлдлийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, Э.Хын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “би аргагүй хамгаалалт хэрэглэх явцдаа хохирогчид гэмтэл учруулсан” гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй буюу  хохирогч нь шүүгдэгчийн эсрэг хууль бус довтолгоо эхлүүлсэн, хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Хын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх, гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Х нь өөрийнх хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирч болохыг мэдсээр байж зориуд хүсч үйлдсэн шинжтэй байх тул тус гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Түүний энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Э.Хыг тус зүйлээр гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан нийт 283.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч нь хохирогчид 283.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн /хх-ийн 97х, 98х/ байна. Иймд шүүгдэгч Э.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногт төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Э.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Э.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ