Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/986

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Э.Ст холбогдох 2008000001221 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Хангайн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Э.С /РД:жю97110711/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 66Б гудамжны 3 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ё.Ттын нүүрэн тус газар цохиж унагаад хөлөөрөө өшиглөж биед баруун хоншоорын хөндийн урд хананд зөрүүгүй хугарал, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/, хохирогч Ё.Ты мэдүүлэг /хх-ийн 11х/, гэрч Х.Ггийн мэдүүлэг /хх-ийн 13х/, гэрч О.Дын мэдүүлэг /хх-ийн 15х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 8829 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18х/, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 20-21х/, шүүгдэгч Э.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/, ... ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт, /хх-ийн 38х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 40х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 41х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44х/, хохирогч Ё.Тгийн хүсэлт /хх-ийн 56х/, шүүгдэгч Э.Сын мэдүүлэг /хх-ийн 31-32х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Хангайн ... гудамжны ... тоотод иргэн Ё.Тттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа цохиж, өшиглөх зэргээр зодон, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн байгууллагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/,

Хохирогч Ё.Ттын: “...Би 2020 оны 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед ажлын газрын С, Д, Б бид Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хорооллын шөнийн захын караоке орж дуу дуулж 0.75 граммын нэг шил архи хүн хүний хоёр шил пиво уугаад тэндээс оройн 00 цагийн үед гараад дэлгүүр ороод том савтай 3 пиво аваад Сын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хангайн ... тоот гэрт очиход Сын эхнэр нь хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгээд бид 4 үргэлжлүүлээд пиво ууж байгаад би Стай маргалдсан, тухайн үед юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Би согтуу байсан. Тэгээд Стай маргалдаж байхад миний нүүр лүү гараараа цохиход би газар унаад нүүрээ дараад доошоо хараад хэвтэхэд дээрээс ганц хоёр удаа өшиглөсөн. Сын эхнэр, Д хоёр салгахад би шууд гарч яваад найз дээрээ очоод цагдаад дуудлага өгсөн. С бид хоёрыг маргалдаж байхад Бээ, Д хоёр согтууд унтсан байсан. С миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би газар унахад дээрээ бас өшиглөсөн. Надад нэхэмжлэх эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

Гэрч Х.Ггийн: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... тоот гэртээ хүүхдийн хамт амарч байхад манай нөхөр С ажлын газрын 3-н залуутай хамт ирээд гэрт 0.75 граммын Болор архи нэг шил, том 3 савтай пивотой орж ирээд тэр 4 архи ууж байгаад нөгөө хоёр залуу согтоод унтаад өгсөн, манай нөхөр нөгөө залууг одоо унтаж амаръя гээд юм яриад гарч ороод байсан. Тэгээд би бие засаад буцаад ороод ирэхэд нөгөө хоёр хоорондоо маргалдсан, нэг нэгээ цохисон байх шиг байхаар нь би дундуур нь ороод нөхрөө татахад манай нөхөр тэр залуугийн нүүр хацар хавьцаа нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би орон дээр нөхрөө дараад хэвтүүлсэн ба нөгөө залуугийн хамраас цус гарсан байдалтай шууд гараад явсан. Тэрнээс хойш тэр залуу эргэж орж ирээгүй. Бид нар унтах гээд хэвтэж байхад 02 цагийн үед цагдаа дагуулаад ороод ирсэн. Манай нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

Гэрч О.Дын: “...Би 2020 оны 07 дугаар сарын 31-ний оройн 20 цагийн үед ажлын газрын С, Д, Б бид нар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын шөнийн захын караоке орж дуу дуулж 0.75 граммын нэг шил архи хүн хүний хоёр шил пиво уугаад тэрнээс орой 00 цагийн үед гараад дэлгүүр ороод том савтай 3 пиво аваад Сын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хангайн ... тоот гэрт очиход Сын эхнэр нь хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгээд бид 4 үргэлжлүүлээд пиво ууж байгаад Б бид хоёр тасраад унтаад өгсөн. Намайг унтаж байхад Сын эхнэр Г, С, Т хоёр маргалдаад байна гэхээр нь би сэрээд хартал С Тыг гараараа нүүр лүү нь цохиж байхад очоод дундуур нь ороод салгасан. Тэгтэл Тын хамраас цус гараад гүйгээд гараад явахад би араас нь гараад харахад Т хаалгаар гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 8829 дугаартай: “...Ё.Тт-н биед баруун хоншоорын хөндийн урд хананд зөрүүгүй хугарал, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, зүүн мөр, зүүн бугалга цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/,

Шүүгдэгч Э.Сын: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хангайн ... тоот гэрт очсон. Гэрт ирэхэд эхнэр Г хүүхдийн хамт унтаж байсан. Тэгээд бид 4 үргэлжлүүлээд пиво ууж юм яриад сууж байхад Б түрүүлээд согтоод тасраад унтаад өгсөн. Т бид хоёр үлдээд юм ярьж сууж байгаад би Т унтаж амар гэхэд унтахгүй гэрээс гарч ороод явах гээд байхаар нь би орой болсон байна унтаад яв гэхэд унтахгүй гараад явахад араас нь гараад Тыг гэрт оруулж ирэхэд бие засах гээд гараад явсан. Би Тыг унт гээд газар орон дээр дарахад унтахгүй гээд намайг түлхээд босохдоо миний ам руу цохичихсон юм. Би Тын нүүр лүү гараараа нэг удаа цохиход хамраас нь цус гарахад бид хоёрын дундуур эхнэр орж ирсэн ба Д Тыг холдуулсан. Намайг манай эхнэр ор луу татаад холдуулсан. Т надаас эмчилгээний мөнгө төгрөг авахгүй гэхээр нь би цалин дээрээс 100.000 төгрөг өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.С нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Э.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Ттын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотойгоор баримт гаргаж өгөөгүй хэдий ч шүүгдэгч Э.Саас 100,000 төгрөг авсан, цаашид хохирол нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нь Э.Ст холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Э.Ст танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

           ТОГТООХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Б овогт Э.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ