| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07456/И |
| Дугаар | 5582 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 5582
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Голомт банк /РД: 2075377/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-р байр, 73 тоотод оршин суух, Анчин овогт Гомбодоржийн Бурмаа /РД: ХГ59011163/-д холбогдох,
3 889 608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны төлөөлөгч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Бурмаа нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЗГ3635100637 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг жилийн 24,0 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч Г.Бурмаа нь үндсэн зээлийн төлбөрт 214 366 41 төгрөг, үндсэн хүү болон торгуулийн хүүнд 111 899 59 төгрөг нийт 326 266 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл.зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу сар бүр эргүүлэн эргүүлэн төлөх үүргээ удаа дараа зөрчин, зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийн банкыг хохироож байгаа тул зээлдэгч Г.Бурмаагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2 785 634 төгрөг, үндсэн хүү болон хүүгийн торгуулийн төлбөрт 1 103 974 төгрөг, нийт 3 889 608 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Голомт банкнаас нэхэмжилсэн 3 889 608 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Бурмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Г.Бурмаад холбогдуулан 3 889 608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Бурмаа нь Голомт банкны нэхэмжилсэн 3 889 608 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банкны нэхэмжлэлтэй, Г.Бурмаад холбогдох 3 889 608 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3 889 608 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 184 төгрөгийн тал хувь болох 38 592 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 38 592 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 38 592 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН