| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06829/И |
| Дугаар | 5608 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 5608
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 27-р гудамжны 1135 тоотод оршин суух, Их бичээч овогт Лхагва-Очирын Даваацэрэн /РД: ЦГ62080619/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Баруун дөрвөн зам, Үндсэн хуулийн 24-р гудамж, “Рокмон бюлдинг” 3-р давхарт, 309 тоотод байрлах, “Монгол Дайван” ХХК /РД: 2791617/-д холбогдох,
8 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Даваацэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 7-10-р сарын хооронд “Монгол Дайван” ХХК-ийн Төв аймгийн Батсүмбэр суманд барьж байгаа орон сууцны барилга руу Эрдэнэ сумаас тоосго, Хөвсгөл аймгийн мөрөн суманд барьж байгаа 5-н давхар орон сууцны блок цемент мөн Мөрөн сумаас цагаан-уул орж хонь ачиж УБ хотход буулгах зэргээр олон удаа тээвэр хийж өгсөн. Энэ компанийн ачааг тээвэрлэхдээ шатахууны урьдчилгаа 10 492 500 төгрөг хасаад 10 099 000 төгрөг авах ёстойгоос Мөрөнгөөс Цагаан-Уул явсан тээврийн хөлснөөс 500 000 төгрөг, хасаж 2015 оны 12-р сард 1 000 000 төгрөг өгч үлдэгдэл 8 600 000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй зугтаж байна. Тээвэр хийж эхлэхдээ гэрээгээ маргааш өгнө, одоохон гэсээр гэрээгээ өгөхгүй байсан. Ингээд 2015 оны 12-р сард нягтлан Тунгалагтай тооцоо нийлж авах мөнгөө баталгаажуулж авсан. Ерөнхий захирал Дэлгэрбаяр, гүйцэтгэх захирал Батсүх нартай олон удаа уулзсан боловч мөнгө шийдэх эрхгүй хүмүүстэй уулз гэж явуулж, цаг хожиж байна. Хамгийн сүүлд захирал Дэлгэрбаяр мөрөнд баригдаж байгаа 5 давхар орон сууцны барилга дуусахаар өгнө гэж хэлсэн боловч барилга нь дуусаад айлууд нь орсон байна. Одоо мөнгөгүй гэж хэлээд олдохгүй байна. Иймд хариуцагчаас 8 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч Л.Даваацэрэнгийн нэхэмжлэлтэй “Монгол дайвин” ХХК-д холбогдох тээврийн ажлын хөлсөнд 8 600 000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. “Монгол дайвин” ХХК нь өөрийн компаний санаачлан хэрэгжүүлж буй “Атмор-24 төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Төв аймгийн Батсүмбэр сумуудад орон сууцны барила барих ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү орон сууцны угсралтын ажлын хүрээнд бид нэхэмжлэгч Л.Даваацэрэнгээр 2015 оны 08-р сарын 14-ний өдрөөс 2016 оны 01-р сарын 27-ны өдрийг хүртлэх хугацаанд нийт 18 217 000 төгрөгийн тээвэрийн ажлыг гүйцэтгүүлсэн байх бөгөөд үүнээс 9 977 500 төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн байдлаар 8 239 500 үлдэгдэлтэй байна. Монгол улсын хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдалтай колбоотойгоор бидний барьсан орон сууцны борлуулалт муу байгаатай холбоотойгоор бид нэхэмжлэгч талд санхүүгийн бүртгэлд бүртгэгдсэн төлвөл зохих 8 239 500 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байна. Иймд дээрх дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан 8 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 239 500 төгрөгийн шаардлагыг хангаж, 360 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.Даваацэрэн нь хариуцагч “Монгол Дайван”-иас нэхэмжилсэн 8 600 000 төгрөгийн үнийн дүнгээс 360 500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 8 239 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч “Монгол Дайван” ХХК нь 8 239 500 төгрөгийг нэхэмжлэгч талд үл маргах журмаар төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Даваацэрэн нь хариуцагч “Монгол Дайван” ХХК-д холбогдуулан 8 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Даваацэрэн нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 8 600 000 төгрөгийн 360 500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монгол Дайван” ХХК нь үлдэх 8 239 500 төгрөгийг нэхэмжлэгч Л.Даваацэрэнд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Даваацэрэнгийн нэхэмжлэлтэй, “Монгол Дайван” ХХК-д холбогдох 8 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 8 600 000 төгрөгийн 360 500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монгол Дайван” ХХК үлдэх 8 239 500 төгрөгийг нэхэмжлэгч Л.Даваацэрэнд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153 550 төгрөгийн 6768 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 73 391 төгрөгийг, хариуцагч “Монгол дайван” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 73 391 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Даваацэрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН