Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 953

 

      2020         08            26                                          2020/ШЦТ/953

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б С

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Снь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356, А/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 0.19 г/кг мөнгөн ус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Смэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

 Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Гэрч П.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би хашаанд зуслангийн байшинтай. Тус хашаанд миний төрсөн ах Сзуслангийн байшинтай, түүнийгээ хараад ганцаараа амьдарч байгаа. Снь 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой гар утас руу залгаад “ахыгаа ирээд авчих бие муу байна” гэж хэлсэн. Тэгээд би “эмнэлэг явах уу” гэсэн чинь ах “би эмнэлэг явахгүй, намайг хотын төвд байдаг гэрт хүргэж өг” гэсэн. Тэгээд ахыг хотын төвд байдаг гэрт нь аваачиж амраагаад бид нар сахиж хоносон. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим ахын бие муудаад байхаар нь 3 дугаар эмнэлэг рүү авч яваад эмч нарт үзүүлэхэд “артерийн судас бөглөрсөн байна” гээд ахыг хагалгаанд оруулсан...ах Снь манай хамаатны хүүхэд болох Д.Д хамт мөнгөн ус хэрэглэсэн байсан. Одоо Д госпиталын хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа. Миний ах 1 дүгээр хороололд гэртээ байгаа..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),

 

2. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 14 дүгээр гудамж 48 тоот гэртээ байхад Б.Сах гэртээ дуудсан. Тэдний гэрт нь орсон чинь Б.Сах ширээн дээрээ 5 литрийн хуванцар усны савны талаар шороо болон ус, мөнгөн ус хийчихсэн зайлж сэгсрээд байж байсан...“яах гэж байгаа юм бэ” гэхэд “алттай шороо байгаа юм угаах гэж байгаа юм” гэсэн. Савтай шорооны талаар надад огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

 

3. Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/119 дугаар:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн ууттай 4515 гр шороо нь шинжилгээнд тэнцсэн болно.

2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн ууттай шороонд мөнгөн ус болон цианидын агуулгыг тодорхойлоход 0.19 г/кг (190г/т) мөнгөн ус (Нg) илэрсэн бөгөөд харин цианид илрээгүй болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн ууттай шороонд 0.19 г/кг (190г/т) мөнгөн ус (Нg) агуулагдаж байгааг тогтоосон дүнг үндэслэн уг шороог гравитацийн аргаар угааж 0.6689 гр металл мөнгөн ус ялгаж авсныг хүлээлгэн өгсөн болно. Ялган авсан цэвэр мөнгөн усны гадаргуу нь алтны жижиг хэсгүүдээр хүрээлэгдсэн байдалтай байна. Эндээс дүгнэхэд уг илрүүлсэн химийн бодис нь цэвэр металл мөнгөн ус болно.

4. Шинжилгээгээр илрүүлж гарган авсан металл мөнгөн ус нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаарт хавсралтад аюулын ангилал ба зэрэглэлээрээ “хортой-3” ангилалд ордог Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт (Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоол)-д ордог бодис юм.

5. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн ууттай 4515 гр нойтон шорооноос дээж авч спектрофотометрийн аргаар алтны агуулгыг тодорхойлоход уг дээжинд 0.153 г/кг (153 г/т) алт тодорхойлогдсон. Мөн уг шороон дээжийг (4.2 кг) гравитацийн аргаар угааж 1.16 грамм мөнгөлөг металл хатуу үлдэгдэл болон 35.31 грамм шороог тус тус ялган авч, цаашид химийн уусгалтын аргаар боловсруулж 0.143 грамм болон 0.207 грамм алтыг тус тус ялгаж авсан. Тус тусад нь цаасанд боосон 0.143 грамм болон 0.207 грамм буюу нийтдээ 0.35 грамм алтыг хүлээлгэн өгсөн болно.

6. Шинжилгээгээр илрүүлж гарган авсан үнэт металл болох алтыг зах зээлийн ханшаар Монгол банканд тушааж болно. Мөн шинжилгээгээр илрүүлсэн металл мөнгөн усыг цэвэрлэж, цэвэр мөнгөн ус гарган авч дахин ашиглах боломжтой боловч уг бодис нь Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ордог тул хортой, аюултай бодисыг устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, албан байгууллагад хүлээлгэн өгч, устгалд оруулна”

7. Шинжилгээний дүнгээс үзэхэд шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн ууттай 4515 гр шороо нь алт агуулсан шороон ордын хүдрийг мөнгөн усаар боловсруулсан буюу амалгамжуулалтын дараах үлдэгдэл байх үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт, хавсралт (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас),

 

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 169 дугаар тал), оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дугаар тал), Мэс заслын тэмдэглэл (хавтаст хэргийн 60-65 дугаар тал), Нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл (хавтаст хэргийн 97, 98 дугаар тал), шинээр гаргаж өгсөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

 Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.С холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

 I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Снь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын 14 дүгээр гудамжны 49 тоотод Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356, А/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 0.19 г/кг мөнгөн ус хадгалсан болох нь:

- гэрч П.П мэдүүлэг (хх15-17), гэрч Д.Д мэдүүлэг (хх19-20), Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/119 дугаартай дүгнэлт (хх 31-33) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Снь хууль зүйн хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 0.19 г/кг мөнгөн ус хадгалсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай тул тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, худалдах, бусдад дамжуулах зэрэг аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн Химийн хорт аюултай бодисын тухай хуулийн 10 дугаар зүйлд хадгалахад тавигдах үндсэн шаардлагыг тусгаж өгсөн байх ба мөнгөн ус нь Химийн хорт аюултай бодис болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаарт хавсралтад аюулын ангилал ба зэрэглэлээрээ “хортой-3” ангилалд ордог Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт орсон” гэх дүгнэлтээр нотлогдож байна.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Сын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Б.Саас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

 II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан  зэрэг нөхцөл байдлын харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Снь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй (хх-94) буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Снь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 0.6689 грамм жижиг хуруу шилтэй мөнгөлөг металл мөнгөн усыг Хортой аюултай бодисыг устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн байгууллагад шилжүүлж устгуулах, мөн тус албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 0.35 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.