Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0004

 

А.О-т холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0343/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.М,

Нарийн бичгийн дарга: Х.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч А.От холбогдох 1738000000034 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г овогт А-ийн О, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, планшетчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ЖЖ89101414/.

Шүүгдэгч А.О нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн 11-11 тоотын гадаа иргэн Я.Дг зодох гэсэн иргэн Ө.Эын үйлдлийг таслан зогсоох зорилгоор Ө.Эыг түлхэж болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г овогт А-ийн О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аюушийн Отгонбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 1738000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Оаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Эад олгож, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “... бол ялаас чөлөөлөх эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байхад А.От ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглээгүй орхигдуулсан нь буруу байна. Шүүх шүүгдэгч А.От хорих ял оногдуулахгүй тэнсэх шаардлагатай гэж дүгнэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх нь зүйтэй байна. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч А.О нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн 11-11 тоотын гадаа иргэн Я.Дг зодох гэсэн иргэн Ө.Эын үйлдлийг таслан зогсоох зорилгоор Ө.Эыг түлхэж болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хольж хэрэглэсэн нь буруу байх  тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл нь  “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэдгээрээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлээс ялгаатай бөгөөд эдгээр заалтыг давхар  хэрэглэх боломжгүйг цаашид анхаарах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн хүнийг “шүүгдэгч” гэж нэрлэх  тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хорих ял оногдуулахгүйгээр” гэснийг хасч, 3 дахь заалтын “ялтны” гэснийг “шүүгдэгчийн” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                          Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                           Б.СОСОРБАРАМ