Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/ШШ2019/0002

 

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/ШШ2019/0002

Улаанбаатар хот

В Ю-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: В Ю-гийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох,

        Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6 дахь заалтуудыг бүхэлд нь[1], Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь заалтын “биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют ...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ж, Н.Ц, А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        В Ю шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. Нэхэмжлэл гаргах үндэслэл:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д улсын хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр заажээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй хэм хэмжээний актууд нь улсын хэмжээнд үйлчилдэг байх тул энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

        Б. Зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй эрхийн талаар:

2. В Ю  би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бээжин хотоос нисч Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж, гадаад худалдаа, ачаа тээврийн үйл ажиллагааг явуулахаар Монгол Улсад өөрийн үүсгэн байгуулсан М Г Х-той ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан нүүрс тээвэрлэх шаланз маркийн автомашин худалдан авах бэлэн мөнгийг биедээ авч явсан.

3. Улмаар онгоцноос буусны дараа би бусад зорчигчийн нэгэн адил нисэх буудлын гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч биедээ авч явсан бэлэн мөнгийг гаалийн улсын байцаагчид зохих ёсоор шалгуулсан ба шалгуулахаас зайлсхийсэн аливаа үйлдлийг гаргаагүй.

4. Миний хувьд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эсхүл тарифын бус хязгаарлалттай барааг авч яваагүй учир гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрсэн нь Гаалийн тухай хуульд заасан журамд нийцэж байгаа юм. Гэвч Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн зүгээс гаальд мэдүүлэх бараатай атлаа гаалийн хилийн ногоон гарцаар гарсан гэж буруутгасан. Улмаар байцаагч тус бэлэн мөнгийг гаалийн байгууллагад “мэдүүлэхээс зайлсхийсэн” гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, миний авч явсан бэлэн мөнгийг хураасан юм.

5. Гаалийн улсын байцаагчийн хувьд дээрх шийдвэрээ Гаалийн ерөнхий газрын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6 дахь заалт болон Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь заалттай холбон тайлбарлаж намайг гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх ёсгүй байсан гэж буруутгадаг.

6. Гэвч эдгээр хэм хэмжээний актын холбогдох заалтууд нь Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь заалтыг зөрчсөн байна. Харамсалтай нь энэхүү хууль бус журмын улмаас надад холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэж, улмаар надад хариуцлага ногдуулах асуудал яригдаж байх тул өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

        В. Хэм хэмжээний акт Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь заалттай шууд зөрчилдөж байгаа талаар:

7. Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1, 60.1.6-д заасны дагуу хуульд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх ёстой.

8. Гэтэл Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.4, 6.6 болон Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 10.5 дахь заалтууд нь Гаалийн тухай хуулийн дараах заалтыг зөрчсөнөөс гадна эдгээр нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон байна.

9. Гаалийн тухай хуулийн 55.9-д заасны дагуу зорчигч болон зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлдэг билээ. Гаалийн тухай хуулийн 228.1-228.7 дахь зүйлд зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг хуульчилсан байна. Тус хуулийн 228.1 дүгээр зүйлд заасны дагуу зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болохоор заасан ба зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгох эрхтэй байна.

10. Улмаар Гаалийн тухай хуулийн 228.3-д “Энэ хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд зорчигч гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл тус хуулийн 8.1-д заасан улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон эсхүл тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа нь зорчигч гаалийн хилийн улаан эсхүл ногоон гарцаар нэвтрэх шалгуур байна.

11. Тиймээс хэрвээ зорчигч өөрийн биед улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон эсхүл тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааг авч яваагүй тохиолдолд гаалийн хилийн ногоон гарцаар нэвтрэх эрхтэй байна.

12. Ийнхүү Гаалийн тухай хуулийн 228.3 дахь заалтаар гаалийн хилийн ногоон, улаан хилээр нэвтрэх шалгуурыг тодорхой тогтоож тус хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд ногоон гарцаар нэвтрэхийг хориглоогүй байхад Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.4 дахь хэсэгт “гаалийн болон бусад татвар төлөх бараатай”, “биеэс тусдаа явуулсан ачаатай”, “гуравдагч этгээдэд дамжуулах бараатай”, “таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй” хэмээн шинээр дөрвөн төрлийн ачаа, барааг гаалийн хилийн улаан гарцаар гарах үндэслэл болгож ногоон гарцаар гарахыг хориглосон хэм хэмжээ тогтоосон нь хууль бус байна.

13. Түүнчлэн Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5-д “Зорчигч ногоон гарцыг сонгосон бол ... биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ” гэсэн нь Гаалийн тухай хуулийн 228.3 дахь заалттай шууд зөрчилдөж байна.

14. Тиймээс Ван Юүели миний хувьд биедээ 5 сая төгрөгөөс дээш хэмжээний бэлэн мөнгө авч явахдаа гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрсэн нь Гаалийн тухай хуулийн 228.3 дахь заалтын дагуу хууль ёсны үйлдэл байсан ба уг үйлдлээрээ Гаалийн тухай хуулийн 55.2.4-д заасны дагуу биедээ авч яваа барааг гаальд мэдүүлсэн юм.

15. Энэ тохиолдолд гаалийн улсын байцаагч барааг шалгаж зохих журмын дагуу хил нэвтрүүлэх ёстой байтал хуультай зөрчилдсөн “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг үндэслэн намайг буруутгаж байгаа нь хуулиар тогтоосон хэм хэмжээг илтэд зөрчсөн, хуулийн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан Гаалийн ерөнхий газрын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь заалтын биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют ...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгохыг хүсье“ гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйл 52.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна” гэж заасан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, гарын үсэг зураагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан заалттай зөрчилдсөн. В Ю 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ заасан үйл баримтыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тусгасан буюу хуулийн 54.1.6-д заасан нэхэмжлэлд заасан үйл баримт байгаа.

Нэхэмжлэгч В Ю-гийн нэхэмжлэлийн шаардлагад “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6 дахь хэсгийг, “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох шаардлагыг хүлээж авах боломжгүй юм.

Учир нь Гаалийн ерөнхий газрын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2937 дугаар олгож бүртгэлд авсан. 2016 оны хавсралтаар батлагдсан А/236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3650 дугаар олгож бүртгэлд авсан учир нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6 дахь заалтуудыг бүхэлд нь, “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь заалтын “ ... биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют ...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хуульд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон” гэж тодорхойлжээ.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4-т гаалийн хилээр нэвтрүүлэх барааг зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр мэдүүлж болохоор, 228 дугаар зүйлийн 228.2-т зорчигч гаалийн хилээр нэвтрэх гарцаа өөрөө сонгохоор, ингэхдээ 228.3-д хуулийн 8.1-д заасан бараа байхгүй тохиолдолд гаалийн хилийн ногоон гарцаар нэвтэрч болохоор зохицуулжээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг батлахдаа 6.4-д Дараах тохиолдолд гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ.

6.4.1. Гаалийн болон бусад татвар төлөх бараатай;

6.4.2. биеэс тусдаа явуулсан ачаатай;

6.4.3. гуравдагч этгээдэд дамжуулах бараатай;

6.4.4. Таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй;

6.6. Энэ журмын 5.4-т заасан бараагүй зорчигч ногоон гарцаар нэвтэрч болно, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт тавих нийтлэг журам”-ын 10.5-д “Зорчигч ногоон гарцыг сонгосон бол хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ” гэж тус тус тусгасан нь “хуульд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон” гэж үзэхээргүй байна.

Учир нь Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 /Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно/-т гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг батлах бүрэн эрхийг гаалийн удирдах төв байгууллагын даргад олгосон, маргаан бүхий журмуудыг тухайн бүрэн эрхийн хүрээнд батлан гаргажээ.

Мөн Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална” гэж заасныг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дарга тухайн журмуудыг батлахдаа Улсын Их Хурлаас баталсан улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газраас баталсан тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтад тусгагдсанаас гадна тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /2006 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Зорчигч 5 саяас 20 сая хүртэл төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улсын хилээр бэлнээр оруулах, гаргах бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэх заалтыг үндэслэн маргаан бүхий заалтууд, түүний дотор 6.4.4-д “таван сая, түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй тохиолдолд гаалийн мэдүүлгийг бичиж, улаан гарцаар нэвтрэх талаар зохицуулсан нь Гаалийн тухай хуулийн 8.1 дэх заалттай нийцэж байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль 2013 онд шинэчлэгдэн батлагдсанаар Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэхдээ гаалийн мэдүүлэгт мэдүүлж байхаар хуульчилсан, тухайн хуультай нийцүүлж хариуцагч албан тушаалтан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын холбогдох заалтаа өөрчлөөгүй нь буруу байна.

Гэвч нэхэмжлэгчийн Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлсэн валютын хэмжээ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /2013 оны/ хуулийн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ мэдүүлэх ёстой хэмжээнээс их, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хариуцагчийн хуулийн дагуу журамд өөрчлөлт оруулаагүйгээс болж зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч төрийн захиргааны байгууллагын заалтууд дугаарлалтын алдаатай байгаа зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар түүнийг байлцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзаагүй тул шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр явуулсныг дурдах нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4, 228 дугаар зүйлийн 228.3, 232 дугаар зүйлийн 232.2, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /2006 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В Ю-гийн “Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.4, 6.6 дахь заалтуудыг бүхэлд нь, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 10.5 дахь заалтын “ ... биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют ...” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                                               Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                                                               Д.БААТАРХҮҮ

        


1. 6.4. Дараах тохиолдолд зорчигч гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ.

6.4.1. Гаалийн болон бусад татвар төлөх бараатай;

  1. Биеэс тусдаа явуулсан ачаатай;
  2. Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай;
  1. Таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй.

6.6. Энэ журмын 5.4-т заасан бараагүй зорчигч ногоон гарцаар нэвтэрч болно.