Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 88

 

“Цонх констракшн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05514 дугаар шийдвэртэй,

“Цонх констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Волтам” ХХК-д холбогдох,

Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 201-16, 201-35 тоот гэрээ, В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелүүлж Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсангийн тойруу Голден вилл хотхоны 201-р байрны 16, 35 тоот орон сууц болон В2 давхар дахь 76, 77, 78 дугаарын авто зогсоолууд, тэдгээрийн өмчлөх эрхийг нотлох бичиг баримтуудыг захиалагчид хүлээлгэн өгөхийг үүрэг болгох,

“Волтам” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулж, 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 201-16, 201-35 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус бүрээс татгалзаж, хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гантөмөр, өмгөөлөгч Б.Энхзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Цонх констракшн” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Волтам” ХХК-тай 201-16, 201-35 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэсэн 3 төрлийн гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж тооцооны үлдэгдэлгүй болсон. Гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16 тоот 133.83 м.кв, 2 дугаар орцны 35 тоот 133.83 м.кв талбайтай орон сууцнууд ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан. Мөн 276, 277, 278 дугаар авто зогсоолууд ашиглалтанд бүрэн орж одоо ашиглаж байгаа.

Гэтэл гүйцэтгэгч “Волтам” ХХК 201-16, 201-35 тоот гэрээний 3.2-т зааснаар байрны түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгнө, 3.4-ийн барилгыг улсын комисс хүлээн авсны дараа захиалагчид орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцлийг бүрдүүлэх ба өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтуудыг захиалагчид шилжүүлэх, мөн В2-276, 277, 278 тоот гэрээний 3.2, 3.4-д заасныг зөрчин орон сууц болон авто зогсоолуудыг хүлээлгэн өгөхгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 2.1-д орон сууцны 1 м.кв-ийн үнэ 2 200 000 төгрөг, нийт 294 426 000 төгрөг байна. 2.2-т захиалагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнийн дүнгийн 100 хувийг гүйцэтгэгчид төлж барагдуулсан болно гэж, автомашины зогсоолын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 01-д гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнгийн 100 хувь төлсөн дүн 64 890 000 төгрөг гээд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүний гарын үсэг байгаа атал гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл захиалагчийг хохироож байна.

Түүнчлэн автомашины зогсоолын ажил гүйцэтгэх гэрээгээр зогсоолуудыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн баримт бичгийг эрх бүхий байгууллагад өгөх байсан ч ашиглалтад оруулж авто зогсоолуудыг дугаарлахдаа 1-ээс эхлэн дугаарласнаас улсын бүртгэлийн албанд өгсөн баримтаар манай гэрээний зүйл нь В2 давхарын 76, 77, 78 гэсэн дугаар бүхий авто зогсоол байхаар болсон. Манай компани нь “Волтам” ХХК-тай гэрээ байгуулах болсон шалтгаан зорилгын хувьд “Волтам” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, “Цонх констракшн” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр “Волтам” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа Голден вилл хотхоны барилгын цонхны ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

“Цонх констаркшн” ХХК, “Хасуу цамхаг” ХХК-ийн байгуулсан гэрээний нийт үнийн дүн 881 468 192 төгрөг, үүний зарим хэсгийг 2012 ондоо багтааж буюу 9, 10, 11 сард тус бүр 150 000 000 төгрөгөөр нийт 450 000 000 төгрөг төлөх байсан. Бид гэрээнд заасан ажлыг 2012 оны 11 дүгээр сард дуусгаж гэрээний үүргээ биелүүлсэн байхад 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “Хасуу цамхаг” ХХК дээрх 450 000 000 төгрөгөөс 150 000 000 төгрөг өгч өөр төлөлт хийгээгүй. Үлдэгдэл 300 000 000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардахад “Волтам” ХХК санхүүжилт өгөхгүй байна гэсэн тайлбарыг тавьж, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Энэ нь төлбөрт байр, авто зогсоол өгөхийг санал болгож, тооцоог 2013 оны 5 дугаар сарын 15 хүртэл хойшлуулах тухай байсан. Хугацаа болж дээрх албан бичгийн дагуу бид “Волтам” ХХК-тай 2 орон сууц, 3 зогсоолын гэрээг хийхээр болж цонхны ажлыг “Хасуу цамхаг” ХХК биш “Волтам” ХХК-д хүлээлгэн өгөх болсон.

Үүний дагуу цонхны ажлыг 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгч, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр акт үйлдэж хүлээлгэн өгсөн. 2 орон сууц, 3 авто зогсоолын нийт үнэ 653 742 000 төгрөг болж, орон сууц, авто зогсоолын гэрээ байгуулагдсан.

Иймд хариуцагч “Волтам” ХХК-д орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 201-16, 201-35 тоот гэрээ, В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж Голден вилл хотхоны 201-р байрны 16, 35 тоот орон сууц, В2 давхар дахь 76, 77, 78 дугаар авто зогсоол, тэдгээрийн өмчлөх эрхийг нотлох, өөрөөс хамаарах бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч шаардлагаа зөвхөн “Волтам” ХХК, “Цонх констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний тайлбараар ярих ёстой. Эдгээрийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 201-16, 201-35 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан талуудын гүйцэтгэх үүргийг зааж, үндсэн нөхцлийг тохиролцсон. Захиалагч “Цонх констракшн” ХХК гэрээний 2.3-д заасан төлбөрийг зөвхөн “Волтам” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн дансанд тушааа, 2.4-т заасан гүйцэтгэгчийн санхүүгийн албанд мөнгө төлсөн баримтын хуулбарыг тухайн өдөрт өгөх, гэрээний төлбөрийн хавсралтад төлбөр төлсөн тухай тэмдэглүүлэх гэсэн үүргээ биелүүлээгүй.

“Волтам” ХХК нь “Цонх констракшн” ХХК-ийг гэрээ байгуулмагц төлбөр төлөх үүргээ нэн даруй гүйцэтгэнэ гэсэн амлалтад нь итгэж, гэрээний хавсралтад төлбөрийг хүлээн авсан тухай тэмдэглэл бичвэрийг оруулсан. “Волтам” ХХК нь Хан-Уул дүүрэгт баригдаж буй Голден вилл хотхоны барилгын ажил гүйцэтгүүлэхээр “Хасуу цамхаг” ХХК-тай 11 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж төлбөрийг бүрэн төлсөн. Баримт нь хэрэгт байгаа. Харин “Волтам” ХХК, “Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн. Энэ маргаантай холбоотой хэрэг өөр шүүхэд хянагдаж байгаа.

“Цонх констракшн” ХХК гэрээний төлбөр төлөөгүй, төлсөн тухай баримтгүй атлаа гэрээн дээрх бичвэрийг ашиглан төлбөр төлсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлд болон тайлбартаа:

Хоёр компанийн хооронд захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. “Цонх констракшн” ХХК гэрээний 2.3-т заасан төлбөрийг “Волтам” ХХК-ийн төгрөгийн дансанд тушаана, 2.4-т заасан гүйцэтгэгчийн санхүүгийн албанд мөнгө төлсөн баримтын хуулбарыг тухайн өдөрт нь өгөх, гэрээний хавсралтад төлбөр төлсөн тухай тэмдэглүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй.

“Цонх констаркшн” ХХК нь төлбөр төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 201-16, 201-35 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс тус тус татгалзаж, хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“Волтам” ХХК-тай 3 төрлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээ ёсоор захиалагч тал захиалгат барилгуудын төлбөрийг бүрэн төлж ямар нэгэн тооцооны үлдэгдэлгүй болсон. Үүнийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд тодорхой харуулж байгаа. Хариуцагч “Волтам” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг буюу барилгын ажлын гүйцэтгэлд төлөх төлбөртөө баригдаж буй барилгаас орон сууц, авто зогсоол өгөх, харин “Хасуу цамхаг” ХХК нь “Цонх констракшн” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг буюу “Волтам” ХХК-ийн захиалгаар барьж байгаа орон сууцанд хийсэн цонхны үнийг төлөх үүргээ “Волтам” ХХК-ийн саналын дагуу шилжүүлэх болсон нь баримтаар нотлогддог.

Иймд 201-16 болон 201-35 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д орон сууцны 1 м.кв-ийн үнэ 2 200 000 төгрөг нийт 294 426 000 төгрөг байна. 2.2-т захиалагч гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувийг гүйцэтгэгчид төлж барагдуулсан болно гэж заасан. Талуудын байгуулсан В2-276, 277, 278 тоот гэрээг “Волтам” ХХК нь гэрээний загвар маягтынхаа заалтын үг үсгийг засаж тохируулахгүйгээр 2.2-т автозогсоолын үнийн дүнгийн хувийг гүйцэтгэгчид төлөх ба нийт үнийн дүнгийн үлдсэн хувийг төлөх хуваарийг хавсралтаар тохиролцон баталгаажуулна гэсэн заалттай хэвлээд ирсэн болохоор нь гэрээний хавсралт 01-д хугацаа, гэрээ байгуулсан өдөр, гэрээний үнийн дүнгийн 100 хувь, төлсөн дүн 64 890 000 төгрөг, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг н.Эрдэнэцэцэг, хүлээн авсан хүний гарын үсэг Г.Зориг гэсэн баримтыг давхар үйлдсэн.

Иймд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэх хугацаа тогтоож өгснөө түүний үр дүн гараагүй гэдгийг нотолсныхоо дараа дээрх заалтыг үндэслэж гэрээнээс татгалзах эрх үүсэх учир хуулиар тогтоосон нөхцөл бүрдээгүйгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2013 оны 5 дугаар сарын 30-ны  201-16, 201-35 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Голден вилл хотхоны 201 дүгээр байрны 16 тоот болон 35 тоот орон сууцнууд, В2 давхар дахь 76, 77, 78 дугаартай авто зогсоолууд, тэдгээрийг өмчлөх эрхийг нотлох, өөрөөс хамаарах бичиг баримтуудыг захиалагч “Цонх констракшн” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Волтам” ХХК-д үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Волтам” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цонх констракшн” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Цонх констракшн” ХХК-д холбогдох 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 201-16, 201-35 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278 тоот захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс тус тус татгалзаж, хүчингүй болгуулах тухай хариуцагч “Волтам” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Волтам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.426.660 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“Волтам” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл нь “Хасуу цамхаг” ХХК манай компанийн захиалгатай барилгын ажлыг бүрэн хэмжээгээр түлхүүр гардуулах хэлбэрээр гүйцэтгэх “Волтам” ХХК нь төлбөрийг төлөх байсан. Манай компани “Хасуу цамхаг” ХХК-д барилгын бүх ажлын төлбөрийг гүйцэтгэх үүргээ зохих ёсоор төдийгүй гэрээнд заагдаагүй нэмэлт их хэмжээний төлбөр төлсөн. Гэвч “Хасуу цамхаг” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс манайд 4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь санхүүгийн баримтаар тогтоогдсон. Энэ нь манай компани “Хасуу цамхаг” ХХК-д төлбөр төлөх бус харин төлбөр гаргуулах эрхтэй болохыг харуулж байгаа тул шүүхэд “Хасуу цамхаг” ХХК-д гэрээний дагуу төлсөн санхүүгийн баримт материалуудыг бүхэлд өгч, зохих үнэлэлт дүгнэлт хийлгэхийг хүссэн.

Шүүх дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн. “Цонх Констракшн” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-тай барилгын цонх, хаалга зэрэг угсралтын зарим төрлийн ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэх хэлбэрийн гэрээ байгуулж ажилласан. Энэ нь эдгээр компаниуд гэрээний дагуу төлбөр тооцоогоо гүйцэтгэх харилцан шаардлага гаргах эрх үүрэгтэй болохыг харуулж байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа “Волтам” ХХК-тай байгуулсан орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэж нэрлэгдсэн гэрээний үүргийн талаар шаардлага гаргасан ба “Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн талаар дурдаагүй байна. Хууль зүйн үүднээс авч үзвэл, “Цонх Констракшн” ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээ багуулсан “Хасуу цамхаг” ХХК-иас шаардах буюу өөрийнх нь “Хасуу цамхаг” ХХК-тай хамтран тайлбарлаад байгаачлан манай компаниас төлбөр авах ёстой гэж үзээд байгаа бол өмнөх “Хасуу цамхаг” ХХК-тай багуулсан гэрээндээ өөрчлөлт оруулах эсхүл манай компанитай агуулга утга нь тодорхой гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатай байсан юм.

Гэтэл дээрх хуульд заасан ажиллагааг гүйцэтгэх боломжтой байсаар атал манай компанийн зүгээс гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа “Хасуу цамхаг” ХХК-д хаягласан төлбөрийн талаар тодорхой хувилбарыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэсэн албан тоотыг өөрийнх нь өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг мэтээр муйхарлан ойлгож, нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ингэж шийдвэрлэвэл нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн “Хасуу цамхаг” ХХК ямар ч хариуцлага хүлээхгүй байх иргэний эрх зүйн харилцаанд хуульд заасан журмын дагуу гэрээ хэлцэл байгуулах шаардлагагүй нөхцөл байдлыг өөрийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлах нөхцөл бүрдэнэ гэж үзнэ.

Иймээс манай компани эдгээр нөхцөл байдалд хууль зүйн үүднээс дүгнэлт хийж зөвхөн “Цонх Констракшн” ХХК болон “Волтам” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013.05.30-ны 201-16 тоот, 201-35 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013.06.06-ны В2-276, 277, 278 тоот Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан зохих тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Учир нь “Волтам” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-ийн өмнөөс төлбөр төлөх бус харин нэмэлт гэрээний бус төлбөрөө буцаан гаргуулах шаардлагатай байхад хаалга, цонхны төлбөрийг 2 компанид 2 удаа төлөх боломжгүй нь ойлгомжтой. Иймээс “Цонх Констракшн” ХХК нь дээрх гэрээний 2.3-д төлбөрийг зөвхөн “Волтам” ХХК-ийн ХХБ дахь төгрөгийн дансанд тушаана. 2.4-д гүйцэтгэгчийн санхүүгийн албанд мөнгө төлсөн баримтын хуулбарыг тухайн өдөрт нь өгөх ба гэрээний төлбөрийн хавсралтад төлбөр төлсөн тухай тэмдэглүүлнэ гэсэн үүрэг харилцан хүлээсэн боловч энэ үүргээ огт биелүүлээгүй тул орон сууц хүлээлгэн өгөх гэрээнээс татгалзаж гэрээг цуцлахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Эдгээр гэрээнүүдэд “Цонх Констракшн” ХХК-ийн тайлбарлаж байгаа шиг үйлдэл хийгээгүй, хийх ч боломжгүй тодорхой үүрэг хүлээсэн хуульд нийцсэн гэрээ атал “Хасуу цамхаг” ХХК болон “Цонх Констракшн” ХХК-иуд хоорондоо үгсэн тохиролцож манай компанийг төөрөгдүүлэн дүр үзүүлсэн гэрээ байгуулж, улмаар төлбөрийг давхардуулан авах, завших санаа агуулсан гэж үзнэ. Иймээс дээрх нөхцөл байдал нь “Хасуу цамхаг” ХХК-ийг энэхүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч буюу эсхүл гуравдагч этгээдээр татан оруулж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.

Бодит байдал ийм байхад нэхэмжлэгч орон сууцны зориулалттай байр, авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөр төлсөн талаар нотолгоо гаргаагүй атлаа төлбөрийг бүрэн хэмжээгээр төлсөн гэж мэтгэсээр байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “Цонх Констракшн” ХХК-иас “Волтам” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс эд хөрөнгийн өмчлөх эрх нь зөрчигдсөн учир өмчлөх эрхээ нотлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ түүний хууль зүйн үндэслэл хохирол учирсан эсэх, учирсан хохиролын төрөл, хэлбэр нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар үндэслэлгүй үнэлэлт, дүгнэлт хийж, гэрээнүүд утга агуулгаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 40, 43 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэх атлаа худалдан авагч нь худалдагчид тохиролцсон үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн болохоо баримтаар хөдлөшгүй нотолж чадаагүй байхад байрны үнийг төлсөн байна гэж дүгнэсэн.

“Цонх констракшн” ХХК-д бодит хохирол учирсан эсэхийг анхаарахгүй, учирсан гэж үзвэл тэр хохирол нь “Хасуу цамхаг” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын хөлс болох нь анхнаасаа илэрхий бөгөөд тайлбар, бусад баримтаар тогтоогдож байхад худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн хохирол гэж ташаа дүгнэсэн.

Нэхэмжлэгч анхнаасаа “Хасуу цамхаг” ХХК-иас төлбөр шаардах эрх нь зөрчигдсөн байхад “Хасуу цамхаг” ХХК-ийн шаардах эрхгүй, шаардах эрх нь үүсээгүй “Волтам” ХХК-ийн өмчлөх эрхэд шууд халдсан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Иймээс шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага үүссэн нөхцөл байдлыг тогтоож, үнэлэлт дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үл хамаарах гэрээ байгуулаагүй, шаардах эрх үүсээгүй, эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй учраас хэргийг бүрэн дүүрэн тал бүрээс нь эргэлзээгүй хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Цонх констракшн” ХХК нь хариуцагч “Волтам” ХХК-д холбогдуулан 201-16 болон 201-35 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, В2-276, 277, 278 тоот Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, уг гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Голден вилл хотхон 201-р байрны 16, 35 тоот орон сууц, В2 давхарт байрлах 76, 77, 78 дугаартай авто зогсоолууд, тэдгээрийн өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтуудыг захиалагчид хүлээлгэн өгөхийг үүрэг болгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч гэрээ тус бүрээс татгалзаж, хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан талаар маргаагүй бөгөөд гэрээнд зааснаар орон сууц, автозогсоолыг хариуцагч тал нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, тэдгээрийн хариу төлбөр төлөгдсөн нөхцөл байдал тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээний эрх чөлөөний дагуу харилцан тохиролцож, хуулийн этгээдийн төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /1хх 48-р тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 30, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй хэлцэл хийсэн боловч энэ нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэл болон хариуцагчийн хүлээсэн үүрэг эс биелэгдсэн талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 201-16 тоот болон 201-35 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн В2-276, 277, 278 тоот Захиалгаар автомашины зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 201 дүгээр байрны 16 тоот, 2 дугаар орцны 35 тоот орон сууц, В2 давхарт байрлах 76, 77, 78 дугаарын авто зогсоол, тэдгээрийн өмчлөх эрхийг нотлох, өөрөөс хамаарах бичиг баримтуудыг захиалагч “Цонх констракшн” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Волтам” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч “Волтам” ХХК дээрх гэрээ тус бүрээс татгалзаж, хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, нэхэмжлэгчийг гэрээний 2.3, 2.4-т зааснаар төлбөрийг компанийн дансанд тушаах, санхүүд мөнгө төлсөн баримтын хуулбарыг өгөх, төлбөр төлсөн тухай тэмдэглүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон байна.

 

Шүүх нэхэмжлэгч “Цонх констракшн” ХХК нь гэрээний зүйл буюу орон сууцны үнийг талуудын тохиролцооны дагуу “Хасуу цамхаг” ХХК-д шилжүүлсэн, автозогсоолын үнийг компанийн удирдлагууд хүлээлцсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хууль зөрчөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй гэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05514 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА