Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01567

 

Ж.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01004 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1151 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ж.О

         Хариуцагч: А.Бд холбогдох     

    Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2016-05-05-ны өдөр Өмнөговь аймагт ноолуур аваад байж байтал Д.Д залгаад 1 дүгээр өнгийн ноолуур хэрэгтэй байна. Эмээлт дээр байгаа найз А.Бд өгчих гэсэн. Утсаар нь үнээ яриад 05 сарын 11-ний өдөр ачуулж, улаанбаатар хотод Эмээлт зах дээр А.Бгийн түүхий эд авдаг цэг дээр нь буулгуулсан. 1 501.400 кг ноолуурыг 96,588,200 төгрөгөөр худалдан авахаар утсаар тохиролцож, мөнгийг цувуулж өгсөөр хамгийн сүүлд 2016-07- 10-ны өдөр 76,588,200 төгрөгийг өгч, үлдэгдэл 20сая төгрөг өгнө гээд өнөөдрийг хүрч байна. Иймд А.Бгаас 20 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: А.Б нь нэхэмжлэлд дурдсан Д.Д гэгчид мөнгө өгч хөдөө орон нутагт ноолуур бэлтгүүлдэг байсан бөгөөд Д.Дамдинсүрэн нь бэлтгэсэн ноолуураа Ж.О гэгчээс хүлээн аваарай гэсний дагуу хүлээн авсан байдаг. Ж.О нь энэ 20 сая төгрөгийн асуудлаараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгуулж байсан бөгөөд тус цагдаагийн газраас А.Б, Д.Д нарыг шалгахад Д.Д нь цагдаагийн байгууллага болон Ж.О нарт А.Бг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг өөрөө хэлж мэдүүлж, хамааралгүй гэдэг нь тогтоогдсон. А.Б ноолуур авсан байна. Гэхдээ тайлбар дээр гурвуулаа уулзаад өрийн талаар ярилцсан байдаг. Иргэний хуулийн 124.1-д зааснаар өр нь шилжүүлж болохоор заасан байдаг. 2016 оны 10 сараас хойш энэ 3 хүний хэлцлийн дагуу өр шилжих хэлцэл үүссэн байна. Иймд А.Б төлөх үндэслэлгүй. Д.Д нь өөрөө төлнө гэдгээ хэлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01004 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Бгаас 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1151 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр болон магадлалд: “Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч харилцагч нь 1 501.4 кг ноолуур худалдан авсан, улмаар төлбөрийн зарим хэсгийг төлж, 20сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь кариуцагч А.Бгийн 2017-02- 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн тайлбараар тогтоогдож байна. Зохигч хэн аль нь энэ үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагчийн төлөөлөгч нь Дамдинсүрэн төлөхөөр тохиролцсон бөгөөд энэ нь мөрдөн байцаагчийн тэмдэглэлээр нотлогдоно. Иймд өр шилжсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 124.1-д өр шилжих талаар зохицуулсан боловч энэ нь үүргийг өөртөө авч байгаа этгээд болон үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан зөвшөөрсөн байхыг шаарддаг. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017-01- 13-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд Дамдинсүрэн гэгч нь үүргийг буюу 20сая төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Уг тэмдэглэлээр “Отгонсүрэнг залилаагүй, наймааны асуудал маргаантай байгаа” гэснээр маргаан гэж үзсэн байх тул уг төлбөрийг төлөхийг зөвшөөрөөгүй байна. Иймд өр шилжсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэргийн 4-6-р хуудсанд нэхэмжлэгч Ж.Огийн цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарт нотлох баримтын шаардлага хангаснаар авагдсан байх бөгөөд уг тайлбарыг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэн авахдаа хх-5-р хуудсанд Ж. Отгонсүрэнд 2017-02- 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг үйлдэж, тухайн үед хэрэгжиж байсан Эрүүгийн хуулийн 252-р зүйл “Зориуд худал мэдээлэх”-гүй байхыг сануулж хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгч мэдүүлэг авсан байх бөгөөд тухайн Ж.Огийн мэдүүлэгт хх-6-р талд “Тэгээд нэг хэсэг Дамдинсүрэн утсаа авахгүй алга болсон. Би хөөцөлдөж явж байж 2016 оны 10 сард Дамдинсүрэн, Баясгалан нарыг олж гурван нүүрээ харж уулзахад Дамдинсүрэн надад үлдсэн 20 сая төгрөг өгөхөөр болсон Дамдинсүрэн би Баясгалангаас 20 сая төгрөг авснаа зөвшөөрч байна гэж хэлсэн Дамдинсүрэн надад 20 сая төгрөгөө өгөөгүй, утсаа ч авахгүй болчхоод байна.” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэгдэн авагдсан байна. Энэхүү мэдүүлгээр талууд худалдах-худалдан авах гэрээг дүгнэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 20 сая төгрөгийн өрийн талаар харилцан тохиролцсон байх бөгөөд өрийг шилжүүлсэн өр шилжих үед өрийг хүлээж авсан тал болох Дамдинсүрэн өр шилжүүлэгч Баясгалан өрийг шаардах эзэн Ж.О нар нь харилцан өөрсдөө байлцаж өрийг шилжүүлсэн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймээс дээрх худалдах-худалдан авах гэрээг дүгнэн өрийг шилжүүлж буй үйл баримт нь дээрх хуульд заасан аргаар бэхжүүлэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж.О 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаж, А.Бгаас худалдсан ноолуурын үлдэгдэл үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, өрийг шилжүүлсэн гэж маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Нэхэмжлэгч хариуцагчид 1,501.4 кг ноолуур худалдсан, А.Б нь тохирсон үнийн зарим хэсгийг төлж 20,000,000 төгрөг төлөөгүй үлдсэн талаар зохигч мараагүй  байна. 

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

        Зохигч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдагч үүргээ биелүүлсэн, худалдан авагч гэрээний зүйлийг хүлээн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй нь нотлогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.

        Хэрэгт авагдсан баримтаар өр шилжсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй  юм.

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01004 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1151 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 260.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ