Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 5617

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 73-р байр, 9 тоотод оршин суух, Боржигин овогт Чогсомжавын Бат-Эрдэнэ /РД: ЧК57070870/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-186, ажилчны гудамж-1, Эсби төв-401 тоотод байрлах, “MBC” ХХК-д холбогдох,

179 649 653 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажиллаж байсан “МВС” ХХК-ийн захирал С.Батчулуунтай “Гантулга Бор" ХХК-ийн захиалгын дагуу аялал жуулчлалын сургалтын төвийн барилгын ажил гүйцэтгэх төслийг бүрэн хариуцан ажиллах, ажлын үр дүнг хүлээлгэн өгч, ажил дууссаны дараа татварын дараах ашигаас 40 хувийг нь авахаар тохиролцон 2015 оны 5-р сарын 29-ний өдөр бичгээр хоёр талаас гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан болно. Аливаа нэг бодит ажил хариуцан ажлын гарсан үр дүнг 60:40 харъцаагаар хуваах тухай бусад ажилтнуудад мөн адил сүүлийн 3 жил ярьж, ажилтнууд гүйцэтгэж байсан боловч ажил бүрийн төгсгөлд олгогддоггүй байсан практик 2015-2016 онд мөн ер. инженерээр ажиллаж байсан инженер дээр давтагдсан, одоо над дээр дахин давтагдаж байна. “Гантулга Бор” ХХК нь 2015 оны 5 сарын 13-нд №03/15 дугаартай гэрээ байгуулан ”МВС” ХХК-иар Хан-Уул дүүргийн I 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдах "Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн барилгын угсралтын ажил хийлгэх болсон бөгөөд миний бие тус ажилд гэрээ байгуулах үеэс нь эхлэн “МВС” ХХК-ийг /2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/044 тоот захирлын тушаалаар төслийн удирдагчаар томилогдсон/ төлөөлөн бүх ажлыг гардан зохион байгуулж ажил үүргээ чанарын өндөр түвшинд сэтгэл гарган хийж гүйцэтгэсэн ба эцсийн гүйцэтгэлээр 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажил хүлээлцэх актаар бүрэн хүлээлгэн өгсөн билээ. Энэ бүх хугацаанд 3 удаа ажлаас чөлөөлсөн мэдэгдэл өгч байсан ба тухай бүрд нь захиалагч талын шаардлагаар буцаан ажиллуулж байсан болно. Энэ үйлдлүүд нь тохиролцсон зүйлээ биелүүлэхгүй гэсэн шалтгаантай байсных гэж одоо би ойлгож байна. Гэрээгээр тохирсон ажил үүргээ бүрэн гүйцэтгэн дуусгавар болсон учир “МВС” ХХК-ийн захирал С.Батчулуунаас тохирсон ёсоор ашгийн 40 хувийг авахаа хэлтэл үгүй би чамд нэг ч төгрөг өгөхгүй гэж хэлэн гүйцэтгэлийн тооцоогоо ашиггүй гаргах арга заль гарган мөнгийг өгөхгүй гэсэн учир миний бие захирал С.Батчулуунд дээрх асуудлаар дахин хандан 2016 оны 9 дүгээр сарын 02-нд албан бичгээр хандсан боловч хариу өгөөгүй байгаа болно. Дээрх ажлын гэрээт төсөвт өртгийн нэгдсэн тоөцоогоор нийт 4 330 000 000 төгрөг бөгөөд үүнээс туслан гүйцэтгэгч “ТТЕЗ” ХХК-иар 543 442 305 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд “МВС” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн нийт төсөв 3 786 557 695 төгрөгөөс төлөвлөгөөт ашиг нь 449 124 134 төгрөг бөгөөд үүнээс 40 хувь нь нийт 179 649 653 төгрөг болж байгаа. Иймд “МВС” ХХК-иас 179 649 653 төгрөгийг гаргуулж өгнөү үү гэжээ.

Хариуцагч “MBC” ХХК-ийн Б.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Гантулга бор” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 03/15 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай" гэрээ байгуулж “Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт баригдах “Аялал зуучлалын сургалтын төв”-ийн барилга угсралтын ажилыг хийж гүйцэтгэхээр болсон. Энэхүү ажлыг манай компанид дэд захирал албан тушаалтай Ч.Бат-Эрдэнэ хариуцан ажилласан бөгөөд бидний хооронд нэхэмжлэлд дурдсанчлан ажил дууссаны дараа татварын дараах ашгаас 40 хувийг авахаар тохиролцсон асуудал огт байхгүй. Манай байгууллагын зүгээс Ч.Бат-Эрдэнэд тус ажлыг гүйцэтгэх хугацаанд нь цалин хөлс болон тодорхой хэмжээний урамшууллыг тогтмол олгож байсан. Ч.Бат-Эрдэнэ нь ажил хариуцан ажиллаж байх хугацаандаа татварын дараах ашгаас хувь авах талаар компанийн удирдлагуудад хандаж байсан бөгөөд бид тохиролцоонд хүрч чадаагүй учир цалингаа аваад ажлаа хийж гүйцэтгэж дууссан. Ч.Бат-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сар хүртэл нь манай компанийн албан бичгүүд болон тамгыг хариуцан ажиллаж, ажлын шаардлагаар гарын үсэг, тамгатай хоосон цааснуудыг бэлтгэн авч ажил болон гэртээ бүх тендерийн материалуудыг боловсруулдаг байсан. Гэтэл тэрээр урьд нь тендерийн материалд ашиглахаар авсан байсан гарын үсэг, тамгатай хоосон цаасан дээрээ Аялал жуучлалын сургалтын төвийн барилга угсралтын ажлын “Тохиролцоо” эх бичгийг хуурамчаар үйлдэж шүүхэд хүргүүлсэн байна. “МВС” ХХК нь Ч.Бат-Эрдэнэд ажиллаж байх хугацаанд цалинг тогтмол олгож байсан бөгөөд сүүлийн 5 жил сард 500 000-1 200 000 төгрөгөөр цалинжуулж байсан. Мөн түүнчлэн ажиллаж байх хугацаанд нь 2003 онд Таван шард 2 өрөө байр, 2009 онд Модны хоёрт байрлах шинэ 1 өрөө байр, Ланд крузер 80 маркын автомашин, гадаад сурч буй хүүхэд нь сургалтын төлбөрт 5000 ам.доллар, мөн бэлэн мөнгөний урамшууллыг жил болгон олгосон. Цалингаас гадуур авч байсан урамшууллыг товч дурдвал 2013 онд 4 сая төгрөг, 2014 онд 25 сая төгрөг, 2015 онд 13 сая төгрөг, 2016 онд 1 сая төгрөгийн урамшуулал авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “MBC” ХХК-д холбогдуулан гаргасан 179 649 653 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Би удаан хугацаагаар эмчилгээнд явах болсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би энэ асуудлаар бүх шатны аль ч шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй гэжээ.                                 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нь хариуцагч “МВС” ХХК-д холбогдуулан 179 649 653 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнэ нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, “МВС” ХХК-д холбогдох, 179 649 653 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 056 200 төгрөгийн тал хувь болох 528 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                М.БАЯСГАЛАН