| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07425/И |
| Дугаар | 5629 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 5629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “БСБ финанс ББСБ” ХХК /РД: 5443598/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Сабит шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нар нь “БСБ Финанс” ББСБ-аас 2015 оны 01 дүгээр сарын 16 өдөр 0048 тоот зээлийн гэрээгээр 4 480 000 төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зо|зиулалтаар 12 сарын хугацаатай буюу 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нар нь зээл авах үедээ Баянзүрх дүүрэг, 6 хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байр, 14 тоотод оршин сууж, Сүхбаатар дүүрэг, 13 хороо, Рашаантын 7-395 тоотод Жаргалант дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан бөгөөд эхний сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хоцроон төлөлт хийж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш төлөлт хийхээ больсон. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгааг мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК нь Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол, К-17 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “БСБ финанс ББСБ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгав.
Боржигон овогт Баасанжаргалын Мөнгөнчимэг /РД: ХБ73042600/ нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К7 дугаар байр, 14 тоотод оршин суух бүртгэлтэй, Буучин овогт Баярцэнгэлийн Болорчимэг /РД: УШ90071742/ нь Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 24 дүгээр гудамж, 591 тоотод оршин суух бүртгэлтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Баасанжаргалын Мөнгөнчимэг /РД: ХБ73042600/, Буучин овогт Баярцэнгэлийн Болорчимэг /РД: УШ90071742/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Мөнгөнчимэг, Б.Болорчимэг нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “БСБ финанс ББСБ” ХХК-д /утас: 96007625/ мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН