Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 5630

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 28-р байр, 9 тоотод оршин суух, Жаргалант овогт Сэрдамбын Балдандорж /РД: ПЭ76080516/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Алтанхуягийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Балдандорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч В.Алтанхуягт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 204 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. В.Алтанхуяг нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 64 дүгээр байр, 101 тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул хариуцагч В.Алтанхуягийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Балдандорж нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Алтанхуягийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч С.Балдандорж нь В.Алтанхуягт холбогдуулан  шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2016/24878 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Балдандоржид иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ванчигийн Алтанхуягийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Ванчигийн Алтанхуяг /РД: ПЭ71011011/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч С.Балдандоржид мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Боржигон овогт Ванчигийн Алтанхуяг /РД: ПЭ71011011/ нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 64 дүгээр байр, 101 тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Ванчигийн Алтанхуяг /РД: ПЭ71011011/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан В.Алтанхуягийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч С.Балдандоржид /утас: 99591155/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН