| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07426/И |
| Дугаар | 5642 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 5642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Модны-2, “NDN” бизнес төв 401 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Могол ноос” ХХК /РД: 2649373/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Хатанбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Могол ноос” ХХК-ийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Хатанбаатар нь тус компанид ерөнхий менежер Ч.Галсанбалжиртай ноос бэлтгэж өгнө хэмээн амаар харилцан тохиролцож хийсэн. Урьд жил нь түүнтэй ноос бэлтгэх гэрээ хийж, ноосоо бэлтгэж өгсний үндсэн дээр түүнд итгээд ноосны урьдчилгаа 6 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкаар дамжуулан шилжүүлж өгсөн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ноос бэлтгэж өгөх ёстой байсан боловч нэг ч кг ноос “Моголноос” ХХК-д хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч уг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 7 дугаар баг, Далай 3 гудамж 6 тоотод амьдарч байсан учраас тэндээс бэлтгэж өгнө гэсэн. Түүнийг сураггүй алга болоход араас нь эрэн сурвалжлахад Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Шувуун фабрикт түүхий эдийн цэг ажиллуулж тэнд амьдарч байхад нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уулзхад 6 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн баталгаа хийж өгсөн. Өдийг хүртэл төлбөрөө төлөхгүй тус компанийг санхүүгийн хувьд ихээхэн хохироож байна. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Могол ноос” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Хатанбаатарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Могол ноос” ХХК нь С.Хатанбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2016/02722 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “Могол ноос” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сүрэндоржийн Хатанбаатарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сүрэндоржийн Хатанбаатарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Могол ноос” ХХК-д /утас: 76119977/ мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
Сүрэндоржийн Хатанбаатар нь Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 5Б дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Сүрэндоржийн Хатанбаатарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан С.Хатанбаатарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Могол ноос” ХХК-д /утас: 76119977, 88226196/ мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН