| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0113/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 123
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х ургийн овогт Б-ын Б-д холбогдох 2035000000116 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Б-ын Б, 2002 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 7 дугаар сарын 09-нд шилжих шөнө иргэн Дыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000116 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.З “...Намайг машин дээр ирэхэд эгчийн машинд танихгүй 2 залуу бензин хийсэн юм шиг байсан ба би тэрийг нь сайн мэдэхгүй байсан юм. Ингээд бид хэд машинтай явангаа хоорондоо бага зэргийн маргаан үүсгэсэн. Тэхээр би нөгөө хоёр залуугаас та хоёр хаана буух юм бэ, машинаа, эгчээ авч харилаа гэсэн чинь намайг зодсон залуу 3-р 10 жилийн тэнд хүргээд өг гэхээр нь шууд 3-р сургууль руу чиглэж яваад зогсоол дээр нь очиж зогссон. Машинаас эхлээд нөгөө танихгүй хоёр залуу түрүүлж буугаад О бид хоёрыг буугаад ир гэхээр нь машинаас буусан. Эгч бас машинаас бууж ирээд бид нарт хандаж зодоон хийгээд байх шаардлага байхгүй гэсэн чинь намайг зоддог залуу нь 2-лаа ийшээ яваад эр хүн шиг уулзаадахъя гэхээр нь би дагаад явсан. ...Тэгэхээр нь би нөгөө залууд хандаж ахын дүү хоёулаа хэрэлдэж маргалдаад яах юм бэ? хоёулаа ингээд явчихъя гэсэн чинь надад Тэсийн залуу ямар байдгийг хардууч гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ? гэж хэлэх хооронд тэр залуу гараараа миний нүүр лүү цохисон ба миний хацар, шанааны хэсэгт цохигдсон. Тэхээр нь би өөрийгөө хамгаалаад дахиад цохиулахгүй гэж бодоод тэр залууг тэврээд авсан чинь намайг мушгиж дараад доороо оруулж унагасан. Би газарт унангуутаа нөгөө залуугаар бас цохиулахгүй гэж бодоод 2 гараас нь зуураад хөдөлгөхгүй байсан. ...Маргааны явцад би тэр залууд маргааш цагдаа, шүүх гээд бөөн юм болно шүү, одоо ингээд болъё гэсэн чинь тэр залуу шууд гараараа миний зүүн талын нүдний хэсэг рүү цохисон. Гарт нь чулуу байсан. Уг залуу над дээрээс босохдоо газраас чулуу авсан байсан. Уг цохилтод би манарч газарт унасан. Тэгтэл тэр залуу намайг манараад газарт хэвтэж байтал миний толгойны хэсэгт 2 удаа дэвссэн. Тэхээр нь би толгойгоо гараараа хамгаалаад атиралдаад хэвтсэн чинь нөгөө залуу миний цээж, гэдэсний хэсэг рүү өшиглөсөн. Уг өшиглөлтөд би амьсгаа авч чадахгүй болж бие эвгүй болсон. Бие эвгүй болоод болилдоо гээд 2-3 удаа орилж тэр залууд хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
2. Гэрч Ж.М-ы “...Гэтэл О нөгөө 2-ыг хайгаад алхаад явсан буцаад О машинд суучихсан ирсэн ба нөгөө 2 олдсонгүй гэж хэлсэн. Огийн сууж явсан машин такси болж таарсан. Тэгэхээр нь би дүүгийнхээ утас руу залгасан чинь утсаар авахгүй байсан. Тэгтэл надтай цуг үлдсэн залуу манай дүүтэй цуг явсан найзтайгаа утсаар ярингуутаа ямар нэгэн зүйл бид нарт хэлэхгүйгээр шууд зугтаагаад яваад өгсөн. Тэр залуу замын дээд талын гудамж руу гүйгээд орсон. Араас гудамж руу орсон чинь тэр залуу харагдахгүй байсан. Харин миний дүү уг гудамжинд газарт хэвтэж байсан ба нүүр нь тэр чигтэй цус болсон зодуулсан байдалтай байсан. Нөгөө 2 залуугийн аль аль нь ч байхгүй зугтаагаад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
3. Гэрч Б.Б-ын “...Тэгж байтал нөгөө 2 залуу 3-р сургууль дээр хүргээд өг гэсний дагуу хүргэж 3-р сургуулийн зогсоол дээр очиж зогссон. Бүгдээрээ машинаас буусан чинь нөгөө 2 залуу Зтай бензин хийсэн гэсэн учир нь олдохгүй зүйл яриад байхаар нь би З-т намайг очих газар хүргээд өг, явмаар байна гэж хэлээд байж байтал нөгөө 2 залуугийн нэг нь З-ыг холдоод учраа олоод ярилцаад ирье гээд бид нараас холдоод замын эсрэг талын хороолол руу явсан. ... Буцаад 3-р сургуулийн зогсоол дээр ирсэн чинь М нэг залуутай нь цуг байсан. Тэр үед уг залуу утсаар яриад л шууд зугтаагаад хорооллын гудамж руу орсон. Араас нь яваад орсон тэр залуу зугтаагаад харагдахгүй болсон байсан. Харин З биеэ хумьсан байдалтай атиралдаад хэвтэж байхаар би татаж босгосон чинь нүүр, гарын хэсэг нэлэнхийдээ цус болсон зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
4. Гэрч Б.Д-ы “...Тэр 2 явсны дараа үлдсэн бид 3 машины гадна хүлээгээд зогсож байсан. Надтай цуг үлдсэн ах над руу томорсон зүйл яриад, би урдаас зөрүүлээд маргалдаад зогсож байсан. Тэгж байтал Б над руу утсаар ярьж зугт гэхээр нь би шууд зугтаагаад замын эсрэг талын гудамж руу орсон юм. Уг гудамж руу орж байтал нөгөө жолооч залуу зогс пизда минь гэхээр нь би зогсохгүйгээр шууд гүйсэн. Тэр залуу гудамж дотор харанхуйд яг хаана байгаа нь харагдаагүй. Гудамжны эхэнд зогс гэх дуу сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “...Үзүүлэгч Д.З-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын мурийлт, тархи доргилт, хамрын нуруу, зүүн хөмсөг, баруун мөр, баруун, зүүн далны хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлсийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын мурийлт, тархи доргилт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 476 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Бид хоёр нэг нэгнийхээ хувцаснаас заамдаж барилцангуут би тэр ахыг тохсон байдалтай мушгиж газарт унагаагаад доороо оруулаад гараараа цээж рүү нь цохисон. Тэгтэл тэр ах намайг эсэргүүцэж намайг түлхээд миний дээр гараад бас гараараа миний цээж рүү цохисон. Тэгээд бид 2 хоёулаа газраас боссон. Тэгтэл тэр ах миний чихний дээд тал руу гараараа цохихоор нь би зөрүүлээд тэр ахын хамар болон хөмсөгний хэсэгт гараараа цохисон чинь хамраас нь цус гарч эхэлсэн. Тэгтэл тэр ах намайг ална гээд тэврээд газарт унагаахаар нь би ахыг мушгиж доороо оруулаад босож зогсож байгаад хөлөөрөө тэр ахын нуруу, гэдэс рүү нь өшиглөсөн. Тэр ахыг өшиглөнгүүтээ тэр газраас шууд зугтаагаад дээш эргээд гүйсэн...” /хх-ийн 52-53 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 08-ны шөнө хохирогч Д.З-ын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохиж, цээж болон гэдэс рүү өшиглөж хохирогч Д.З-ын биед хамар ясны хугарал, хамрын мурийлт, тархи доргилт, хамрын нуруу, зүүн хөмсөг, баруун мөр, баруун, зүүн далны хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Д.З-ын “...Би эхлээд цаашид хийлгэх эмчилгээний зардалд 500’000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Б-тай ярилцсаны эцэст 350’000 төгрөг авахаар тохиролцож бэлэн мөнгөөр өөрийн данс руу шилжүүлж авсан. Миний хохирол бүрэн барагдсан тул цаашид нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/-ээр, хохирогч Д.З-ын “Д.З миний бие Бад зодуулж гэмтэл авсан. Бид хоёр хоорондоо ярилцаж тохирсон. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид гомдол байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/-оор тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Баас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч С.Б /хх-ийн 20 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Б.Г /хх-ийн 21 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Ц.Г /хх-ийн 22 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Ц.Л /хх-ийн 23 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Б.Д /хх-ийн 24 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Т.А /хх-ийн 26 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Увс аймгийн Сагил сумын 01 дүгээр багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА