Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 131

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Ц-ий А-д хологдох 2035000420046 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Х ургийн овогт Ц-ий А, 1974 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн ... тоотод оршин суух, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар: ..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.А нь “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 72-51 УВА улсын дугаартай Зил-130 загварын автомашинаар Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас Улаангом сумын чиглэлд нүүрс тээвэрлэх явцдаа автомашины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 18.9 километрээс 24.9 километрийн хооронд замыг болгоомжгүй гэмтээсний улмаас улсад 4’602’400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000420046 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-ын “...Манай “Увс Азза” ТӨХК нь Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн Улсын чанартай А-18 кодтой замын 1-287 дахь километр хүртэлх хариуцдаг юм. Манай байгууллагаас Хар тэрмэсийн шуурхай ажлын хэсгийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогтмол хийдэг ... 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн үед инженер О.С, жолооч Б-ы хамт албаны 74-38 УВХ улсын дугаартай автомашинаар дахин замд үзлэг хийхээр явж ирсэн. Тухайн үед надад энэ талаар танилцуулахад би Улаанбаатар хот ажлаар явж ирээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн газарт мэдэгдсэн. ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр Улсын чанартай А-18 кодтой авто замын Улаангом сум талаас 18.9-24.9 дахь км-т нийт 7.7 километрийн турш 2 болон 1 эгнээ үргэлжилсэн эвдрэл үүссэн, 1 эгнээ эвдрэлийн дагуу хагарал нь 1.5-2 см өргөнтэй 0.5-0.7 см гүнтэй 1 километр 700 метр турш үргэлжилсэн эвдрэл үүссэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

2. Гэрч О.С-ын “...Би “Увс-АЗЗА” ТӨХК-д автозамын инженерээр 3 жил ажиллаж байна. Би улсын чанартай А-18 кодтой Улаангом, Наранбулаг, Завхан аймгийн Сонгино, Нөмрөг сумын чиглэлийн хатуу хучилттай автозамд албаны машинтай жолоочийн хамт замын үзлэг, шалгалт, нөхцөл байдлын чиглэлээр 7 хоногт тогтмол 1-2 удаа явж үүрэг гүйцэтгэдэг. ...Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үед өглөө 10 цагийн үед албаны 74-38 УВХ улсын дугаартай автомашинаар жолооч Т.Б-ы хамт улсын чанартай А-18 кодтой автозамаар явж Малчин сумын нутаг дэвсгэр “Хар тэрмэс” гэх газрын “Бэлийн булаг”-ийн шуурхай ажлын хэсэгт нүүрс түлээ хүргэж, замын үзлэг шалгалт хийж явахад Улаангом сум талаас 18.8 километр орчмоос 24.6 километр орчимд улсын чанартай А-18 кодтой хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн зүүн урсгалаар Улаангом сумын чиглэлд 5 километр орчим хүнд даацын автомашин обудаар явж эвдрэл гэмтэл үүсгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.Б-ы “...миний нойр хүрээд байхаар нь унтаж явтал Ж.Э ах намайг дуудаж сэрээгээд зам дээр яагаад утаа, униар үүсээд байгаа юм бол гэж хэлэхэд харин яагаад тэгээд байгаа юм бол би сайн мэдэхгүй байна гээд бид хоёр ярилцаад явж байтал урдаас А ах явган гүйж ирсэн. Тэгээд бид нар зогсож уулзахад миний машины дугуй харагдана уу, та хоёр харсан уу, миний дугуй хагараад байхгүй болсон байна гэж хэлэхэд бид хоёр зам дээр утаа үүсээд байсныг ярилцаад явж байлаа, таны дугуй хагарсан юм уу, зам дээр хагарсан дугуй байгаагүй гэж Ж.Э ах хэлээд бид нарын машинд А ах сууж бид нар 3 орчим километр яваад А ахын машин дээр очиход чиргүүлийнх нь жолооч талын хойд дугуй байхгүй, обудаараа засмал зам дээр чирч яваад зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 43-44 дүгээрр хуудас/,

4. Гэрч Ц.Б-ын “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний хүү Б жолоочоор Э-ыг авч “Хар тарвагатай” уурхай руу нүүрс тээвэрт явсан. Тэр үед би гэртээ байсан. Б, Э нар миний автомашинаар явж шөнө намайг унтаж байхад ирсэн. Тэгээд өглөө босоод Б, Э нараас та нар яагаад удаад байсан юм гэж асуухад ойролцоо нүүрс тээвэрт явж байсан А-гийн машины дугуй хагарч засмал зам дээр “Хар толгой” салдаг уулзвараас нааш Улаангом талдаа махны үйлдвэрийн салдаг замын орчимд хамт дугуйг нь сольж өгөөд оройтож ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

5. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн “1. Улсын чанартай А-18 кодтой Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сонгино, Нөмрөг, сумын чиглэлийн авто зам нь асфальтан. Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сонгино, Нөмрөг чиглэлийн Улсын чанартай А-18 кодтой хатуу хучилттай авто замд үзлэг хийхэд Улаангом талаас 18.9 км-т авто замын зүүн гар талын эгнээнд замын зорчих хэсгийн гадаргууд замын тэнхлэг дагуу нийт 6 км-ийн турш  үргэлжилсэн 1.5-2 см өргөнтэй, 0.5-0.7 см гүнтэй дагуу хагарал, зарим хэсэгтээ хоорондоо 20 см зайтай 2 эгнээ болж үргэлжилсэн эвдрэл үүссэн байна. Авто замд үүсэх дагуу болон хөндлөн хагарал нь ихэвчлэн тухайн авто замын хийц, авто машины ашиглалтын элэгдэл, байгаль, цаг уурын нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг бөгөөд уг үүссэн дагуу хагарал нь авто замаар бүрэн бүтэн байдал нь алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодон зорчсон иргэний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн эвдрэл гэмтэл байна. Уг эвдрэл гэмтлийг засварлах боломжтой бөгөөд замын эвдрэл гэмтлийг засварласан байна. Асуултад тусгагдаагүй зүйл тогтоогдоогүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 167-168 дүгээр хуудас/,

6. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн “2020 оны 01 дүгээр сарын байдлаар 1 кг битумны зах зээлийн үнэ цэний баримжаа 1’900 төгрөг, 1 кг эрдэс нунтгийн зах зээлийн үнэ цэний баримжаа 125 төгрөг, 1 м3 элсний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 10’000 төгрөг, 1 м3 түлшний модны зах зээлийн үнэ цэний баримжаа 100’000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх 47 дугаартай дүгнэлт /хх- ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.А нь “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 72-51 УВА улсын дугаартай Зил-130 загварын автомашинаар Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас Улаангом сумын чиглэлд нүүрс тээвэрлэх явцдаа автомашины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 18.9 километрээс 24.9 километрийн хоорондох замыг болгоомжгүй гэмтээсний улмаас улсад буюу Зам тээврийн хөгжлийн яаманд 4’602’400 /дөрвөн сая зургаан зуун хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэж Ц.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтой урьдчилан мэдэх боломжтой байсан боловч үйлдэлдээ хайхрамжгүй хандаж хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.А-гийн болгоомжгүй үйлдлийн улмаас Зам тээврийн хөгжлийн яаманд 4’602’400 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн болох нь “хохирлыг хэмжээг тодорхойлсон мөрдөгчийн хүснэгт” /хх-ийн 173 дугаар хуудас/, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “... Уг эвдрэл гэмтлийг засварлах боломжтой бөгөөд замын эвдрэл гэмтлийг засварласан байна ...” гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...2020 оны 6 дугаар сард зам зассан. Зам засахад 320’000 төгрөгийн зардал гарсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.А-гаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ц.О /хх-ийн 50-51 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Б.Д /хх-ийн 52-53 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ачаа тээвэрлэлт хийдэг эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 2000 /хоёр мянга/ нэгж буюу 2’000’000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Зил-130 загварын авто машины обудын хагархай төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х ургийн овогт Ц-ий А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 2000 /хоёр мянга/ нэгж буюу 2’000’000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Зил-130 загварын авто машины обудын хагархай төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА