Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 133

 

-

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Г.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Г-гийн С-т холбогдох 2035000730096 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Г-гийн С 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн салбар, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн .........тоотод оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...........

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 41-41 УВА улсын дугаартай Ниссан санни загварын автомашин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.7в, 12.1-д дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасныг улмаас хохирогч А.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000730096 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 06-16 дугаар хуудас/,

2. Хохирогч А.О-ын “...С, М.Р хоёр 2020 оны 5-р сарын 11-ний үүрээр манайд ирж амарсан хаанаас ирсэн талаар асуусанд 2020 оны 05-р сарын 10-ны өдөр Тариалан сум руу явж хадлангийн талбайн чулуу түүгээд ирсэн гэж хэлсэн. Өглөө 10 цагийн үед сэрээд цай ууж дуусаад М.Р хөдөө яваад ирсэн тул Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт “Гашууны гол”-ын дэргэд очиж миний “Тоёота санни” загварын 41-41 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг угааж цэвэрлэе гэж хэлээд явсан. Гол дээр очих замдаа дэлгүүрээс авсан “Боргио” нэртэй 2.5 литрийн 2 сав пиво хувааж уугаад М.Р нь би урд өдөр нойр муутай хоносон тул нойр хүрээд байна гээд унтаж байсан. Г.С нь М.Р-ийн машиныг жолоодоод намайг хамт яваад манай найзыг гэрээс нь аваад ирий гэж хэлээд 12-р багийн төвийн сайжруулсан шороон замаар явж байгаад онхолдсон яг яаж байгаад зам тээврийн осол гаргасан талаар би Саас асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

“...С бид хоёр согтуу байсан учраас суудлын бүс хэрэглээгүй юм. Тухайн үед С нь нэлээд согтуу байсан учраас машин хүчтэй хаазалж өндөр хурдтай явсан бөгөөд би километрийн заалтыг хараагүй, мөн би Ст хурдаа хасаач гэж хэлэхэд хурдаа хасахгүй хаазлаад явж байгаад машин гэнэт л зүүн талаараа онхолдсон бөгөөд зам дээр ямар нэгэн бартаа саад байгаагүй. Мөн тухайн үед зам дээр мал амьтан, хүн, тээврийн хэрэгсэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-62 дугаар хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч М.Р-ийн “...Бид нар Гашууны гол руу явж байхдаа 2.5 литрийн Боргио нэртэй пиво хоёр ширхгийг Оын гэрийн арын дэлгүүрээс аваад Гашууны голд очоод эхлээд нэг савтай пивыг задалж ууж дуусаад, түүний дараагаар хоёр дахь савтай пиво ууж байгаад өмнөх орой нойр муутай хоносон учраас би унтчихсан. Тэгээд унтаж байхад О ирж сэрээсэн бөгөөд юу болсон талаар асуухад машиныг чинь С гэгч жолоодож яваад унагаачихлаа гэж хэлсэн. Би ойр орчимдоо харахад миний машин байхгүй байсан юм. Бид хоёр алхаад машин байсан гэх 12 дугаар багт байрлах шинэ баригдсан цэцэрлэгийн зүүн талын зам дээр очиход цагдаагийн алба хаагч нар ирчихсэн, С байхгүй, миний машины дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, кабин цөмөрсөн, урд, хойд талын салхины шил хагарсан, жолооч талын хаалга, шил хагарсан, урд копут хонхойсон зэрэг гэмтлүүд үүссэн байсан. ...С Гашууны голд оччихсон байхад би таны автомашинаар яваад найзаа аваад ирмээр байна гэхээр нь би чи чадах юм уу? Чамд жолооны үнэмлэх байгаа юу? Цагдаагийн алба хаагч зогсоож шалгавал яана гэхэд надад жолооны үнэмлэх байгаа би очоод аваад ирье гэж хэлж байсан. ...Тэгээд би хэвтэж байгаад унтчихсан. Тэгтэл найзыгаа авахаар О-ыг суулгаад миний машин унаад явчихсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

4. Гэрч Ч.Х-гийн “...Манай хүү С нь надад зам тээврийн осол гаргасан талаараа хэлэх гэж ирсэн байсан. Гэрт ирээд нүүр гараа угаагаад, хувцсаа янзлаад ослын талаар надад хэлээд, тухайн машиныг зөөвөрлөх талаар, мөнгө хэрэг болох талаар хэлсэн. Би С-ыг загнаад хамт осол болсон гэх газар луу явах гэж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд С-ыг дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 329 дугаартай “...Үзүүлэгч А.О-ын биед гэмтэл учирсан байна. Сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун, шуунд язарч урагдсан шарх, зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

6. Шинжээчийн Н.О-ын “...2020 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 329 дугаартай дүгнэлтийг гаргасан. А.О-ыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч үзэхэд хавирганы 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун шуунд язарч урагдсан шарх, зулгаралт гэмтэл учирсан байсан. 2020.05.12-ны өдрийн компьютер томографын шинжилгээгээр сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал оношлогдсон тул дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч Г.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...О бид хоёр тухайн пивыг уугаад дуусгачхаад би Р унтаж байхад 41-41 УВА улсын дугаартай “Ниссан санни” загварын автомашиныг жолоодохоор болоод хаалгыг онгойлгоход түлхүүр нь байсан юм. Би машин асаагаад О-ыг дуудаад хамт яваад манай найзыг аваад ирье гэхэд О ах зөвшөөрөөд урд талын жолоочийн эсрэг талын суудалд суугаад бид хоёр Гашууны голоос 9-р багийн нутаг руу чиглээд найзыгаа авахаар явж байгаад 12-р багийн нутагт сайжруулсан шороонд зам дээр явж байгаад жалга мэт зүйл байхаар нь тойрч гарах гээд баруун талдаа жолооны хүрдийг огцом дарахад машин нэг өнхрөөд дөрвөн дугуйн дээшээ хараад уначихсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Р-ийн 41-41 УВА улсын дугаартай “Ниссан санни” загварын авто машин жолоодож яваад уг автомашиныг онхолдуулж, тухайн машинд сууж явсан хохирогч А.О-ын биед хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч М.Рид 2’000’000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар авсан лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна. Тодруулбал шүүгдэгч Г.С-ыг Драггер 7510 загварын төхөөрөмжөөр шалгахад 2.13 буюу Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д зааснаар шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промилээс их байна. Иймд шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

Шүүгдэгч Г.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг, мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.  

 Шүүгдэгч Г.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч Г.С нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.С нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...Надад учирсан хохирол, эмчилгээ, эм тарианы зардлыг Г.С бүрэн төлж барагдуулсан, Надад одоо нэхэмжлэх зүйл, ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх хохирогч А.О мэдүүлэг /хх-ийн 58-62 дугаар хуудас/-ээр, “...Надад шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хэмжээний хохирол учирсан, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надаас нэхэмжлэх зүйл гомдол, санал, хүсэлт байхгүй” гэх иргэний нэхэмжлэгч М.Р-ийн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Г.А /хх-ийн 71-72 дугаар хуудас/, Г.Т /хх-ийн 73-74 дүгээр хуудас/, Н.Б /хх-ийн 75-76 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Г.С нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн салбар, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 3 дугаар курст суралцдаг, ээж, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 24-14а тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, мөн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байна.

Шүүгдэгч Г.С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ст тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Г-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.С-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Г.С-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.С-т хяналт тавих үүргийг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА