Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5688

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, Капитал банк /РД: 2556375/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 81 дүгээр байр, 5 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Батсүх /РД: ЧП82040718/-д холбогдох,

 

33 768 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагч Г.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг, Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банкны төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банкны хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн болон захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Батсүх нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаар “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-г байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо,  10 дугаар хороолол,  “Шинэ дэлхий” ХХК-ийн 108 айлын орон сууц 81 дүгээр байрны 1 дүгээр орц, 5 тоотод байрлах 94.44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр авахад Капитал банк зээлийн урьдчилгааг төлөх, Г.Батсүх нь дээрхи гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5-д зааснаар 10 жил тогтвортой, үр бүтээлтэй, тогтвор сууршилтай Капитал банкинд ажиллах нөхцөлтэйгээр харилцан тохиролцон олгосон. Г.Батсүх нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 309 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 3 дугаар зүйлийн 3.3 дэх заалтуудыг зөрчсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, 3 дугаар зүйлийн 3.4-д заасны дагуу Капитал банк нь урьдчилгаанд төлсөн төлбөр, хүүгийн хамт нэхэмжлэх эрх үүссэн болно. Иймд Г.Батсүх нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 309 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсанаар гэрээний дээрхи заалтуудын дагуу банкнаас ипотекийн зээлийн урьдчилгаанд төлсөн зээлийн урьдчилгаа 25 200 000 төгрөг, зээлийн хүү /20 сар/ 8 568 000 төгрөг, нийт 33 68 000 Г.Батсүхээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Шинэ дэлхий” ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Итгэл хотхон” орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 1.4, 1.5 дахь заалтуудад орон сууцны м.кв үнийг тодорхой заасан байдаг. Мөн 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр "Орон сууцны санхүүжилтийн гэрээ” байгуулсан тус гэрээний 1.1, 1.3-д зааснаар захиалагч, гүйцэтгэгч, банк тус бүрийн гэрээний дагуу эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага тодорхой тусгагдсанаас хархад банкны хувьд барилгын компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ажилтны зээлийг шийдвэрлэхтэй холбоогой харилцаанд оролцдог. Дээрх гэрээтэй холбоотой харилцаанаас үүдэлтэй 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Банк болон Г.Батсүх нарын хооронд “ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Зээлийн гэрээ” тус тус байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний үүргийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шаардах эрхийн үндэслэл болгож буй гэрээ нь Монгол улсын хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа болно. Тухайн үед сайн ажилласан ажилчиддаа хөнгөлттэй байрыг өгдөг байсан. Капитал банкны хувьд тухайн байрыг 2012 онд зээлээр авч байсан. Байрыг худалдаж аваад жил болсоны дараа тухайн гэрээг хүчингүй болгосон. Ямар үндэслэлээр хүчингүй болгосон гэхээр захиралыг ажилчидаа хавтгайруулан байр худалдлаа гэж хэлээд гэрээг хүчингүй болгосон. Хэрвээ байрыг үргэлжлүүлж авна гэвэл 1 800 000 төгрөгөөр гэрээ байгуул гэсэн. Тухайн үед байрыг аваад ажилчид өөрсдийн хөрөнгөөр байрыг тохижуулж, байрны зээлийг төлсөн байсан. Гэтэл энэ гэрээг хүчингүй болгож ажилчдыг энэ зөрүүг төлөөд гэрээг байгуу, байгуулахгүй бол байрыг буцааж өг гэсэн зүйл хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Г.Батсүхэд холбогдуулан 33 768 000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч ажлаас халагдсан тул “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 25 200 000 төгрөг, 20 сарын хүү 8 568 000 төгрөг, нийт 33 68 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...уг мөнгийг аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг төлөөгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Батсүх нь 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Капитал банктай хөдөлмөрийн гэрээ байгуулан Капитал банкны хяналт шалгалтын хэлтсийн захирлаар томилогдон ажилласан байна. Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 24 дугаартай “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ээр ажилтныг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласанд нь урамшуулал болгож, мөн цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах, амьдрах орчин, нөхцлийг нь дээшлүүлэх зорилгоор орон сууц худалдан авахад нь зориулж ажил олгогчийн зүгээс 25 200 000 төгрөгийг төлөх, ажилтан тогтвортой ажиллах хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр болон захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилтны өмнөөс банкны төлсөн 25 200 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүгийн хамт банкинд буцаан төлөхөөр тохиролцсон нь гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байхаас гадна уг гэрээний хүчин төгөлдөр байдалын талаар маргаагүй байх тул гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх гэрээний зорилго нь ажил олгогчоос ажилтны тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахыг урамшуулсан шинжийг агуулсан байна.

 

Капитал банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 309 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан, хариуцагч Г.Батсүхийг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд хариуцагч уг тушаалд гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн дээрх тушаалд Г.Батсүхийг сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг нэхэмжлэгч шүүхэд баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрт гомдол гаргаагүй нь түүнийг ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4-т заасан “тогтвор суурьшилтай ажиллах” гэдэгт ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх нөхцөл хамаарахаар байхад нэхэмжлэгч мөн гэрээний 2.6-д заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. 

 

Иймд “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний зүйлийг биет байдлаар болон түүний ашиг болох нийт 33 68 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч дээрх урамшууллыг аваагүй гэх боловч хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 02-ны, мөн оны 8 дугаар сарын 26-ны өдрийн мемориалын баримт, Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар зөвшөөрөд олгох тухай тогтоол, түүний хавсралт, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, нэхэмжлэгч болон “Шинэ дэлхий” ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 171 дугаартай, “Орон сууц захиалан бариулах гэрээ”, түүнчлэн “Шинэ дэлхий” ХХК болон хариуцагч нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 25 дугаартай, “Шинэ дэлхий” ХХК-ийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Итгэл хотхон” орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ” зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийг дээрх 25 200 000 төгрөгийг хариуцагчид олгоогүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 25 200 000 төгрөгийн урамшууллыг аваагүй гэх үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Батсүхэд холбогдох, 33 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.БАЯСГАЛАН