Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Н-н иргэн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороо, Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нарт  холбогдох, 

 Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар “Хатгал тосгоны Захирагчаар Б.Г-ыг батламжилсан захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Хатгал тосгоны  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалган, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагч Ц.Б, гуравдагч этгээд Б.Г, гэрч П.Б, Б.А, Э.Ц, Д.Н, П.Д, Ч.Б, Б.Д, Б.М, Б.Г, Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У  нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны захирагчийн ээлжит бус сонгууль нь 2018 оны  10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан. Тухайн сонгуультай холбогдуулж сонгуулийн нэгдсэн хорооноос 06 дугаартай тогтоолыг гаргасан байдаг. Энэ 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 06 дугаартай тогтоолд юу гэж тусгаж өгсөн бэ гэхээр нийт санал хураалтанд оролцсон сонгогчид нь 1389 хүн байгаа юм уу 1390 хүн байгаа үгүй нь маш тодорхойгүй байна. Нэр дэвшигч Б.Г нь 684 хүний санал авсан буюу нийт санал хураалтанд оролцсон сонгогчидийн 50.74 хувийн санал авсан гэдэг. Нийт санал өгсөн сонгогчидийн тоо нь 1389 хүн байвал 684 хүний санал авсан, Б.Г нь 50.74 хувийн санал аваагүй байгаа юм. Үүнийг би хүчингүй болгож өгнө үү гэсэн юм. Сонгуулийн дүн нь хүчингүй 41 саналын хуудсыг хасаж дүнг гаргасан. Энэ 41 хүний хүчингүй саналыг ямар учраас хассан юм бэ гэхэд хариуцагч нар нь өмнөх шүүх хуралдаан буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа журмын дагуу хүчингүй хуудсуудыг хасаж тооцсон гэсэн хариу тайлбарыг хэлсэн. Ингэж санал өгсөн хүмүүсийн саналын хуудсыг ямар хууль, дүрэм, журмаар хассан юм бэ? Үүнийг бол хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах. Гуравдугаарт нь: Сонгуулийн нэгдсэн хороо нь захирагчийн сонгуулийг зохион байгуулахдаа хоёр хувааж нэрсийн жагсаалт гаргасан байдаг. Баримтуудаас харахад 4 нэрсийн жагсаалт гаргасан. Миний өгсөн санал нь миний тойргийн хайрцганд орохгүй нөгөө тойргийн саналын хайрцганд орсон байгаа юм. 1319 дүгээр хэсгийн хороо нь А-Н хүртэл үсэг, Н-Я хүртэл үсгээр эхэлсэн сонгогчид нь 1320 дугаар хэсгийн хороонд саналаа өгөх гэж байгаа юм. 1320 дугаар хэсгийн хороо нь шилжиж ирсэн, 18 насанд хүрсэн сонгогчид гээд дөрвөн нэрсийн жагсаалтыг гаргасан байдаг. Хууль, дүрэмд нэрсийн жагсаалт олон байхгүй гэдгийг зааж өгөөгүй байдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчидийн Хурлаас гарсан тогтоол дээр бол журмаар зохицуулаагүй асуудлыг Сонгуулийн тухай хуулийг баримтлан явуулна гэж сонгуулийн нэгдсэн хороонд үүрэг болгосон байдаг. Жишээ нь: Миний нэр Н-Я хүртэл нэрсийн жагсаалтанд байлаа гэхэд миний өгсөн санал нь нөгөө хэсгийн хорооны саналд орсон байдаг. Тэгэхээр энэ сонгуулийг яаж зохион байгуулж дүн гаргасан гэдэг нь тодорхой биш байгаа юм. Энэ асуудал нь ойлгомжгүй учраас гэрчүүдээс нэмж тодруулах зүйлүүд байгаа юм.  1994 оны 59 дүгээр журам дээр ингэж зааж өгсөн байна. Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол дээр ч гэсэн мөн ингэсэн байна. Захирагчийн сонгуульд 2298 сонгогч бүртгэгдсэн гэж байна. Тэгэхээр ийм сонгогч байсан гэж нотлогдож байна. Журам дээр сонгуулийн нэг хэсэг нь тосгонд 2000 сонгогч, хотод 6000 сонгогч байж болно. Хатгал тосгон нь 2298 сонгогчидтой байсан учраас хоёр хэсэг байгуулсан байна гэж ойлгож байна. Сумын иргэдийн Төлөөлөгчидийн хурлын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн  захирагчийн сонгууль явуулах дараалал батлах тухай гэсэн 47 дугаартай тогтоол байгаа юм. Хавсралт дээр нь ингэсэн байна. Сонгогчидын нэрсийн жагсаалт гаргах нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгаа юм. Хэсгийн хороо нь сонгогчидын нэрсийн жагсаалтыг 10-аас доошгүй хоногийн өмнө гаргана гэсэн байна. Яах гэж хэсгийн хороо байгуулдаг вэ гэхээр санал хураалтыг зохион байгуулах, саналыг нэгдсэн хороонд өгөх үүрэгтэй юм. Хэсгийн хороо нь хүн амьдардаг байршилаар нь нэрсийн жагсаалтыг гаргах ёстой юм. Сонгуулийн нэгдсэн хорооноос үсгийн дарааллаар нэрсийн жагсаалтыг гаргаж болохгүй. 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр сонгогчидын нэрсийн жагсаалт гаргах ажил зохион байгуулагдсан. Энэ үед хоёр хэсгийн хороодын дарга гишүүд бүгд байсан байдаг. Сонгуулийн нэгдсэн хорооны дарга Ц.Баттөр нь 2295 сонгогч бичигдсэн байна. 1319 дүгээр хэсгийн хороон дээр А-Н хүртэл 1097 сонгогч, 1320 дугаар хэсгийн хороон дээр Н-Я хүртэл 963 сонгогчийн нэр, 18 насанд хүрсэн 65 сонгогч, шилжиж ирсэн 168 сонгогч нийт 1188 сонгогчийн нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өглөө. Шилжиж ирсэн сонгогчийн нэрсийн жагсаалт 4 хуудас, 18 нас хүрсэн сонгогчийн нэрсийн жагсаалт 2 хуудас, Н-Я хүртэл сонгогчийн нэрсийн жагсаалт 21 хуудас тус тус байна. Тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга Б хянасан Ч.Б гэж байна. Үүнээс хаж байхад нэгдсэн хорооноос нэрсийн жагсаалтыг гаргасан байна. 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хэсгийн хороодод нэрсийг өгсөн байна. Тиймээс нэрний үсгээр нь хэсгийн хороодод хувааж өгсөн байна. Тэрнээс биш бүх хүний санал ав гэсэн зүйлийг хэлж дурдаагүй байна. Үүнээс үндэслээд 1319 дүгээр хэсгийн хороонд нэр байгаа хүн 1320 дугаар хэсгийн хороонд санал өгөөд саналын хайрцагт орсон байна. Журмаараа бол тухайн хэсэгт нэр нь байгаа хүний санал тухайн хэсгийн хорооны саналын хайрцагт санал нь орох ёстой байсан. Энийг бодоод үзэхээр маш ойлгомжгүй байгаа юм. Түрүүн хариуцагч хэлж байна. Хатгал тосгон баг байхгүй гэснээ сүүлдээ 6 дугаар баг гэж байгаа гэж хэлж байна. Багийн дарга байхгүй гэж хэлж байна. Тухайн үед сонгууль болж байхад багийн дарга байсан. Ингэж худлаа ярьж болохгүй байх. Нэрний үсгээр нь санал ав гэсэн ямар шийдвэр хаана байгаа юм бэ? Тэр шийдвэрийг нь үзмээр байна. 41 саналын хуудсыг ямар журмаар хасаж сонгуулийн дүнг гаргасан юм бэ гэдгийг тайлбарлаж өгнө үү. Би сайн мэдэхгүй байна. Би өмнө нь хэлж байсан. Сонгуулийн нэгдсэн дүнг нэр дэвшигч бүрээр гаргаж тооцох бөгөөд саналын хайрцагаас гарсан нийт хуудсаар тооцно. Саналын хайрцагаас 41 хуудас гарсан. Надад өгсөн саналын хуудас ч гэсэн гарсан. Б.Г-т өгсөн саналын хуудас ч гэсэн гарсан. Энэ гурвыг хувьлаж байж сонгуулийн дүнг гарах ёстой байгаа юм. Тэгтэл 41 хуудсыг шууд хасаж тооцсон нь хаана тийм журам байгааг би харахгүй байна. Гуравдагч этгээд түрүүн олон санал авсан нь ялна гэж хэлж байна. Энэ дээр хот тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигч захирагчаар сонгогдоно гэж байна. Нийт сонгогчийн олонхийн санал гэдэг нь 50+1 гэсэн ойлголт юм. Би хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцсан байгаа юм. Нийт сонгогч нь 1389 юм уу? 1390 юм уу гэдгийг мэдэхгүй байна. 1319 дүгээр хэсгийн хороон дээр 707 сонгогч юм уу? 706 сонгогч юм уу гэдгийг мэдэхгүй байна. 1320 дугаар хэсгийн хороон дээр 682 юм уу 683 юм уу энэ тоонууд нь хоёр хэсгийн хороодын гарын үсэг зурсан тоон дээр тулгаж үзэхээр зөрөөд байна. Миний бодлоор энэ саналын хуудсуудыг дахин тоолж үзэж болох уу? энэ асуудал нь ил тод байх, хууль ёсны байх гэсэн зарчмуудыг зөрчиж байгаа юм. Би тийм учраас ингээд явж байгаа юм.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н нь “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан  “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар “Хатгал тосгоны Захирагчаар Б.Г-ыг батламжилсан захирамжийг хүчингүй болгуулах, мөн Хатгал тосгоны  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд холбогдуулан “Хатгал тосгоны  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалган, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах тухай” шаардлагыг нэхэмжлэгчээс нэмэгдүүлжээ.

Шүүх, Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч,  хэргийн нөхцөл байдал болон хуулийн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэг. “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ч.Н-оос “... уг сонгуульд нийт 2298 сонгогч иргэдээс 1389 сонгогч оролцсон, Ч.Н миний бие 664 санал буюу 47,8 %, Б.Ганбаатар 684  санал буюу 49.24 %-ийн санал авсан, ... сонгуульд оролцсон сонгогчдын тооноос хүчингүй саналын хуудас гэсэн үндэслэлээр 41 сонгогчийн саналыг хуудсыг хасч дүнг гаргасан нь хууль зөрчсөн,...  сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал аваагүй нэр дэвшигч Б.Г-ыг 50.74 хувийн буюу сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал мэтээр санал хураалтын дүнг гаргасан нь хууль зөрчсөн” хэмээн маргаж байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хороо  нь

“Хот, тосгоны  Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 21 дэх заалт, 1319, 1320 дугаар хэсгийн хорооны шийдвэрийг тус тус үндэслэн гаргасан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор: /маргаан бүхий захиргааны акт/

  • Захирагчийн сонгуульд нийт 2298 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэнээс санал хураалтанд 1389 сонгогч санал өгч санал хураалтын ирц 60.4 %-тай байсан тул Захирагчийн сонгуулийг хүчинтэйд тооцож;
  • Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн санал хураалтын хүчинтэй саналын хуудас 1348, хүчингүйд тооцсон  саналын хуудас 41, нэр дэвшигч Б.Г-ын төлөө өгсөн санал 684 буюу нийт санал хураалтанд оролцсон сонгогчдын 50.74%, нэр дэвшигч Ч.Н-ын төлөө 664 буюу нийт санал хураалтанд оролцсон сонгогчдын 49.26 %-ийн санал авсан тул нэгдсэн санал хураалтын дүнг баталж;
  • Нэр дэвшигч Б.Г нь нийт санал хураалтанд оролцсон сонгогчдын олонхийн буюу 50.74 хувийн санал авсныг баталж, Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга /Т.Г/-д уламжилж; тогтоолыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь /Захирагчийн Сонгуулийн Нэгдсэн   хорооны баримт бичгийн 18 дугаар хуудас/ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн  хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно”, Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 24 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэх болон  нэхэмжлэгч Ч.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй  байна.  Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороо нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 24 цаг 12 минутанд бүх 7 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Нэгдсэн хорооны дарга Ц.Б-өөс: Захирагчийн сонгуулийн дүнгийн тухай  буюу “нийт 2300 хуудаснаас- 2 цагаан хуудас гарсан ба -2298 саналын хуудас бүртгэгдсэн тухай,  олгоогүй үлдсэн- 907 хуудас, хүчинтэй саналын хуудас-1348, хүчингүйд тооцсон  саналын хуудас-41, нэр дэвшигч Б.Г-ын төлөө өгсөн санал 684 буюу сонгогчдын 50.7%, нэр дэвшигч Ч.Н-ын төлөө 664 буюу сонгогчдын 49.2 %-ийн санал авсан  танилцуулж, Сонгуулийн нэгдсэн хорооны Захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гаргаж уншиж танилцуулсан тухай, мөн 1319 дүгээр хэсгийн хороо-707 санал буюу 64.2%, 1320 дугаар хэсгийн хороо-683 санал буюу 57.2%, нийт 1389 сонгогчдын санал буюу 60.4%-ийн ирцтэй санал өгсөн тухай хурлын тэмдэглэл үйлдсэн байна.  /Захирагчийн Сонгуулийн Нэгдсэн   хорооны баримт бичгийн 29 дүгээр хуудас/

 

а/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг зохион байгуулсан  1319 дүгээр хэсгийн хороо нь  нийт 1100 саналын хуудас хүлээж авч, А-М үсэг хүртэлх үсгийн дараалалд 1097 сонгогчтой санал хураалтын үйл ажиллагааг   2018 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл санал хураалтыг явуулж, “нийт 707 сонгогч санал өгч сонгуулийн ирц 64.3 хувьтай болсон тул санал хураалтыг хүчинтэйд тооцож, 28 саналын хуудсыг  хүчингүйд тооцож, үлдсэн 393 саналын хуудсыг хүчингүй болгосон тухай” шийдвэр гаргаж, хуралдааны тэмдэглэл үйлдсэн нь нотлогдож байна. 

б/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг зохион байгуулсан  1320 дугаар  хэсгийн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор: “... Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1320 дугаар хэсэгт Н-Я үсэг хүртэлх үсгийн дараалалд 963 сонгогч, 2017-2018 онд шилжиж ирсэн 160 сонгогч, 2018 онд 18 нас хүрсэн 65 сонгогч, нэмэлтээр 6 иргэн нийт 1194 сонгогчтой санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын эцсийн дүнгээр нэр дэвшигч Б.Г-ын авсан санал 344 буюу 50.3%, нэр дэвшигч Ч.Н-ын санал 326 буюу 47.4%, бүгд хүчинтэй санал хуудас-670 буюу 98.1%, хүчингүйд тооцсон саналын хуудас-13 буюу 1.9%, дахин олгосон саналын хуудас-1, үлдсэн саналын хуудас-514, гэж”  тогтоол тус тус  гаргаж, хуралдааны тэмдэглэл үйлджээ. 

Иргэн Ч.Н-ын нэхэмжлэлтэй энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад  2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт явуулсан тус шүүхийн үзлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд:

1/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг зохион байгуулсан  1319 дүгээр хэсгийн хороо нь  нийт 1100 саналын хуудас хүлээж авч, А-М үсэг хүртэлх үсгийн дараалалд 1097 сонгогчтой  санал хураалтыг явуулж,  706 сонгогч саналаа өгч, сонгогчдын  ирц 64.3 хувьтай болсон тул санал хураалтыг хүчинтэйд тооцож,  /707 гэж буруу бичсэн өөрөөр хэлбэл санал авахад 1 сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр дахин нэг саналын хуудас авсныг сонгогчийн тоонд оруулан буруу бичсэн нь  тогтоогдсон/, Зөөврийн хайрцгаар 105 сонгогч санал өгсөн буюу /Уст чиглэл-26 санал, Жанхай чиглэл- 39, Харгана чиглэл-40 санал/,  28 саналын хуудсыг  хүчингүйд тооцож, санал авахад зарцуулагдаагүй үлдсэн 393 саналын хуудсыг хүчингүй болгож урах ажиллагаа хийж энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжилсэн тухай тэмдэглэлд тусган, шийдвэр гаргасан нь нотлогдож байна. 

2/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг зохион байгуулсан  1320 дугаар  хэсгийн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор: “... Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1320 дугаар хэсэгт Н-Я үсэг хүртэлх үсгийн дараалалд 963 сонгогч, 2017-2018 онд шилжиж ирсэн 160 сонгогч, 2018 онд 18 нас хүрсэн 65 сонгогч, нэмэлтээр 6 иргэн нийт 1194 сонгогчтой нэрсийн жагсаалт үйлдэж, санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын эцсийн дүнгээр нэр дэвшигч Б.Г-ын авсан санал 344 буюу 50.3%, нэр дэвшигч Ч.Н-ын санал 326 буюу 47.4%, бүгд хүчинтэй санал хуудас-670 буюу 98.1%, хүчингүй саналын хуудас-13 буюу 1.9%, дахин олгосон саналын хуудас-1, үлдсэн саналын хуудас-514, гэж”  тогтоол тус тус  гаргаж, хуралдааны тэмдэглэл үйлдэж, улмаар   даруй  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд хүргүүлсэн нь: 

 Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 10, 18 дах заалтын 3/-д  “хэсгийн хороо сонгогчдын нэрчийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог хэсгийн хэмжээгээр тоолж гаргана”, 4/-д “... хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэж шийдвэр гаргаж, уншиж сонсгосны дараа нэгдсэн хороонд нэн даруй хүргүүлнэ” гэсэн  заалттай нийцэж байна.

 

Иймээс хэсгийн хороодын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэрүүд,  Нэгдсэн хорооны 06 дугаар тогтоол болон тус шүүхийн үзлэгээр илэрсэн баримт, нөхцөл байдлууд, хорооны гишүүдээс гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд  болон бусад нотлох баримтуудаас дүгнэхэд:

Хөвсгөл аймгийн Хатгал Тосгоны хаягийн бүртгэлтэй оршин суугчдын үсгийн дарааллаар овог, нэр, хаяг, регистрийн дугаарыг бүртгэсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг баримтлан  “нийт 2298 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэнээс 1389 сонгогч саналаа өгч, санал хураалтын ирц 60.44 хувь байх тул Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийг хүчинтэйд тооцож, саналын хайрцагаас 1389 саналын хуудас гарч ирснээс хүчинтэй саналын  тоо 1342, үүнээс  Б.Г-ын төлөө 679 санал/684-5/, Ч.Н-ын төлөө 663 санал /664-1/, хүчингүй хуудасны тоо 47 /41+6/ гэж тоологдож байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны   2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор: Тосгоны Захирагчийн сонгуулийн саналын хуудас хүчингүйд тооцох журмыг баталж, уг журмаар:

 “...Огт тэмдэглээгүй, эсхүл нэгээс илүү хүний нэр тэмдэглэсэн, энэ журамд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн. Үүнд: Нэр дэвшигчийн овог эсвэл нэрийг дугуйлсан, нэр дэвшигчийн овог эсвэл нэрийн өмнө хойно цэглэсэн, хүснэгтийн гадна тэмдэглэгээ хийсэн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж журамлажээ.   /Захирагчийн Сонгуулийн Нэгдсэн хорооны баримт бичгийн 15-16 дугаар хуудас/

Энэхүү журмын дагуу Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хороо  нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор:  2 хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн сонгуулийн дүнг нэгтгэн гаргахдаа “...41 саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь  Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 17 дах заалттай нийцэж байх бөгөөд ...нэр дэвшигч нарын төлөө санал өгсөн хүчинтэй саналын хуудаст хийсэн шүүхийн үзлэгээр “ ... дээрхи журамд заасан хүчингүйд тооцох тохиолдлууд бүхий  6 /Б.Г-ын төлөө гэж тоолсон хүчинтэй  санал дотор  5 хүчингүйд тооцох саналын хуудас, Ч.Н-ын төлөө гэж  тоолсон хүчинтэй санал дотор 1 хүчингүйд тооцох саналын хуудас/ саналын хуудас гарч ирсэн тул   хүчингүйд тооцогдох уг 6 саналын хуудсыг шүүхээс нэмж бүгд /41+6/ 47 саналын хуудсыг хүчингүйд тооцож улмаар  “хэний ч төлөө өгөөгүй саналын хуудас” гэж үзэн, саналын хайрцагаас гарсан нийт саналын хуудаснаас хасч тооцох нь   үндэслэлтэй байна.  

 

Иймд саналын хайрцагаас 1389 саналын хуудас гарч ирснээс дээрхи журмын дагуу хэний ч төлөө санал өгөөгүй 47 саналын хуудсыг  /1389-47/ хасахад  1342 хүчинтэй санал нь нэр дэвшигч Б.Г 679 санал буюу 50.60%, Ч.Н  663 санал буюу 49.40%-ийн санал авсан гэж үзсэн тул маргаан бүхий захирганы акт болох  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол нь олонхийн санал авч чадаагүй нэхэмжлэгч Ч.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хоёр.. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан  “Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар “Хатгал тосгоны Захирагчаар Б.Г-ыг батламжилсан захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “ Нэр дэвшигч Б.Г нь нийт санал хураалтанд оролцсон сонгогчдын олонхийн буюу 50.74 хувийн санал авсныг баталж, Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга /Т.Г/-д уламжилжилж... шийдвэрлэж, улмаар холбогдох албан тушаалтанд хүргүүлжээ.

 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалт, Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  гаргасан 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “Б.Г-ыг ажилд томилох тухай” Б/07дугаар захирамжаар: “...Б. Г-ыг Хатгал Тосгоны Захирагчийн үүрэгт ажилд томилсон...” нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-д “...тосгоны захирагчийн бүрэн эрхийг сумын Засаг дарга хүлээн зөвшөөрнө” гэсэн заалттай нийцэж байна.

 

Гурав.  Хатгал тосгоны  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалган, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хатгал тосгоны Захирагчийн ээлжит сонгуулийн тов зарлах тухай” 43 дугаар  тогтоолоор: Хатгал тосгоны Захирагчийн ээлжит сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн баасан гаригт Хатгал тосгоны төвд зохион байгуулахаар товлон зарлаж,

Мөн өдрийн 44 дүгээр тогтоолоор: “...Уг сонгуулийг зохион байгуулах  нэгдсэн  хороог нэр бүхий 7 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр баталж, Захирагчийн сонгууль явуулах журмаар зохицуулагдаагүй асуудлыг Сонгуулийн хуулийг баримтлан шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгож, Сонгуулийн саналын хуудас хүчингүйд тооцох журам гаргаж мөрдүүлэхийг нэгдсэн хороонд хариуцуулж, ...хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулахыг хорооны дарга,  гишүүдэд  үүрэг болгосон байх ба, 

Мөн 45 дугаар тогтоолоор: Захирагчийн сонгуулийн санал авах, тоолох 2 хэсгийг байгуулж, Нэг дүгээр хэсгийг Тосгоны  Соёлын төвд, Хоёрдугаар хэсгийг Тосгоны  Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд зохион байгуулахаар тогтоож,  

Улмаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороо нь  2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргаж, Захирагчийн сонгуулийн хэсгийн 1319, 1320 гэсэн дугаар бүхий 2 хороодыг байгуулж, Соёлын төвд 1319 дугаар хэсгийн хороо, Ерөнхий боловсролын спорт зааланд 1320 дугаар хэсгийн хороог  байрлуулж  ажиллуулахаар тогтоожээ.

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны   2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар “Нэр дэвшигчдийг баталгаажуулах тухай” тогтоолоор: Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд тосгоны оршин суугчдын хурлаас нэр дэвшсэн Б.Г, бие даан нэр дэвшсэн Ч.Н нарыг нэр дэвшүүлэхээр бүртгэж баталгаажуулж, саналын хуудсанд нэр дэвшигчдийг Цагаан толгойн үсгийн дарааллаар байршуулахаар ... шийдвэрлэсэн  нь Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.16-д заасныг  зөрчөөгүй байна.  

Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хороо нь Хатгал Тосгоны хаягийн бүртгэлтэй оршин суугчдын овог, нэр, хаяг, регистрийн дугаарыг бүртгэн   үсгийн дарааллаар сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэж, 1319 дүгээр хэсгийн хороонд  А-М үсэг хүртэлх үсгийн   сонгогчдын 1097 нэрсийн жагсаалтыг, 1320 дугаар хэсгийн хороонд  Н-Я хүртэлх үсгийн сонгогчдын 1194 нэрсийг жагсаалтыг хүргүүлсэн нь  Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 12 дах заалтын “Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэсэг тус бүрээр гаргах бөгөөд түүнийг үйлдэхдээ тухайн нэгжид байнгын хаягийн бүртгэлтэй оршин суугчийн нэрсээр гаргана...” гэсэн заалттай нийцэж байна.

Тус шүүх 2018 олны 11 дүгээр сарын 23-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын албан өрөөнд шүүхийн үзлэг явуулахаар тогтож, улмаар уг үзлэгээр нэр дэвшигч Б.Г-ын төлөө саналд оруулж тоолсон 5 хүчингүй саналын хуудсыг, нэр дэвшигч Ч.Н-ын төлөө саналд оруулж тоолсон 1 хүчингүй саналын хуудас гарч ирсэн нь тогтоодсон боловч энэхүү хүчингүйд тооцогдох саналын хуудсууд нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны   2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор: Тосгоны Захирагчийн сонгуулийн саналын хуудас хүчингүйд тооцох журмыг баталж, уг журмаар:

 “...Огт тэмдэглээгүй, эсхүл нэгээс илүү хүний нэр тэмдэглэсэн, энэ журамд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн. Үүнд: Нэр дэвшигчийн овог эсвэл нэрийг дугуйлсан, нэр дэвшигчийн овог эсвэл нэрийн өмнө хойно цэглэсэн, хүснэгтийн гадна тэмдэглэгээ хийсэн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж  заасан: хүчингүйд тооцох тохиолдлууд бүхий  6 /Б.Г-ын төлөө гэж тоолсон хүчинтэй  санал дотор  5 хүчингүйд тооцох саналын хуудас, Ч.Н-ын төлөө гэж  тоолсон хүчинтэй санал дотор 1 хүчингүйд тооцох саналын хуудас/ саналын хуудас гарч ирсэн тул  уг 6 хүчингүйд тооцогдох саналын хуудсыг шүүхээс дүгнэж бүгд /41+6/ 47 саналын хуудсыг хүчингүйд тооцож улмаар  “хэний ч төлөө өгөөгүй саналын хуудас” гэж үзэн, саналын хайрцагаас гарсан нийт саналын хуудаснаас хасч тооцох нь   үндэслэлтэй байх бөгөөд энэхүү нөхцөл байдал  нь сонгуулийн нэгдсэн дүнд ноцтойгоор нөлөөлөхгүй, мөн түүнчлэн дээрхи нөхцөл байдлыг шүүхээс  дүгнэхэд: ...саналын хайрцагаас 1389 саналын хуудас гарч ирснээс дээрхи журмын дагуу хэний ч төлөө санал өгөөгүй 41+6 саналын хуудсыг  /1389-47/ хасахад  1342 хүчинтэй санал нь нэр дэвшигч Б.Г 679 санал буюу 50.60%, Ч.Н  663 санал буюу 49.40%-ийн санал авсан гэж үзсэн тул маргаан бүхий захиргааны акт болох  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол нь олонхийн санал авч чадаагүй нэхэмжлэгч Ч.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж хариуцагчийг буруутган Хатгал тосгоны  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгах, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11, 13, 14 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг баримтлан иргэн Ч.Н-ын нэхэмжлэлтэй “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05ны өдрийн 06 дугаар тогтоол, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар “Хатгал тосгоны Захирагчаар Б.Г-ыг батламжилсан захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Хатгал тосгоны  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалган, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах тухай”  шаардлага  бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                               Б.ЭНХТАЙВАН