Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 110

 

Н.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06411 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Баярсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Отгонбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Д.Отгонбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Н.Баярсайхан нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Д.Отгонбаяртай худалдах-худалдан авах гэрээ байгуулж талх, нарийн боовны үйлдвэрийн тоног төхөөрөмж 45 000 000 төгрөгөөр худалдан, урьдчилгаа 17 000 000 төгрөгийг авч үлдэгдэл 28 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай сар бүр 2 800 000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон. Үүнээс хойш Д.Отгонбаяр нь 3 800 000 төгрөг төлөөд үлдэгдэл 24 200 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг тохиролцсон. Хариуцагчаас ирүүлсэн болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн үлдэгдэл 28 000 000 төгрөгөөс 6 100 000 төгрөг төлснийг хасч, 21 900 000 төгрөг, алданги 10 950 000 төгрөг, нийт 32 850 000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгана, тоног төхөөрөмжөө буцаан авахгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2014 оны 9 дүгээр сарын 22-нд иргэн Н.Баярсайханаас талх нарийн боовны тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж, Эрдэнэт хотод тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Тоног төхөөрөмжийг ашиглаагүй 1 сар гаруй болсон ба ажлын байрны түрээсийн төлбөрийг эхлээд төлж, цахилгаан залгуулж шалгах ёстой гээд урьдчилж 2 000 000 төгрөг бэлнээр авсан. Тоног төхөөрөмж буцаагдах болвол энэ мөнгийг буцааж өгөхгүй гэж тохиролцсон. Гэрээ байгуулсан өдөр 17 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд 2 800 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 15-нд 1 800 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 15-нд 1 500 000 төгрөг, нийт 23 100 000 төгрөг, урьдчилан төлсөн 2 000 000 төгрөгийг оруулаагүй. Бид тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймаг Зүүнхараад аваачиж үйл ажиллагаагаа эрхэлсэн боловч хүн ам бага үйлдвэрлэлээс сар бүр төлөх ёстой 2 800 000 төгрөгийн ашиг олж чадахгүй байсан учир Эрдэнэтэд аваачсан.

Тоног төхөөрөмж 2,10 м х 1,80 м хэмжээтэй учир заавал том дэлгэгддэг хаалгаар ордог, агуулахын зориулалттай 200 м.кв талбайтай байрыг сарын 600 000 төгрөгөөр түрээслэн, үйл ажиллагаа явуулах шаардлага хангасан засвар хийж мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авч ажлаа явуулсан. Эрдэнэтэд шинээр зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, боломжоороо сард 1 000 000 төгрөг өгч байя гэхэд Н.Баярсайхан уурлаж, тоног төхөөрөмжөө буцаан авна үйл ажиллагааг чинь зогсоолгоно гэж дарамталсан. Ажил зогссон, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжөө ав гэхэд хийх газар байхгүй гээд аваагүй учир түрээс хий төлөөд байхаар нэгэнт их мөнгө зарлагадчихаад байгаа тул Улаанбаатар хотод зах зээл сайн газар үйл ажиллагаа явуулъя гэж тохирч Улаанбаатарт авчирч Хайлаастад агуулахын зориулалттай 180 м.кв байрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэж мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд шаардлага хангасан ажлын байр бэлдэж үйл ажиллагаагаа эхэлсэн.

Гэтэл бас л 2015 оны 7 дугаар сарын эхээр ирж эхнэр н.Бямбасүрэн нь загнаж тоног төхөөрөмжөө авна гэсэн. Би мөнгө зээлж маш их зарлага гаргасан, мөнгийг өгөхийн тулд тоног төхөөрөмжөө зарж бидний өгсөн 23 100 000 төгрөг, Н.Баярсайханы авах ёстой 21 900 000 төгрөгийг гарган авахаар тохиролцсон. 2015 оны 7 дугаар сарын 20-нд Н.Баярсайхан ачааны кран машин хөлсөлсөөр тоног төхөөрөмжөө авахаар ирж бид тоног төхөөрөмжийг угсралтаас салгаж ачихад бэлэн болгосон. Мөнгө буцаан өгөх гэрээ хийе гэхэд иргэний үнэмлэх байхгүй байна гээд маргаж байгаад уурлаад орхиод явсан.

Бид аргагүйн эрхэнд Баянхошуунд хашаанд аваачиж амбаар барьж хураан тавьсан. Дараа нь хэд хэд утсаар ярилцан 2 талаасаа зарахаар болсон. Бид олон үйлдвэрээс асуусан боловч үнэ өндөр байна гээд зарж чадаагүй. Төслийн зээлээр хүн авахаар болсон, технологоо зааж өгөөрэй гэсэн боловч тэр хүн нь аваагүй. Миний хувьд төлсөн 23 100 000 төгрөгөөс гадна үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардалд хүнээс зээлж 15 000 000 төгрөгийн зарцуулсанд маш их гомдолтой, хохиролтой байна. Иймд нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тоног төхөөрөмж нь бүрэн бүтэн байгаа тул Н.Баярсайханд хүлээлгэн өгмөөр байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Отгонбаяраас худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 21 900 000 төгрөг, алданги 10 950 000 төгрөг, нийт 32 850 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Баярсайханд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 322 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Баярсайханд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2016/29430 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...дээрх гэрээний 3.2-т худалдагч талд гэрээнд заасан хугацаандаа тооцоогоо хийгээгүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хүү төлнө” гэж заасан. Уг заалт хүү эсхүл алданги тооцохоор заасныг дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй гээд, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж зааснаар тайлбарлавал зохигчид гэрээндээ алдангийн талаар буюу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон, харин хүүгийн талаар тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь хуульд нийцэхгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “...Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тодорхой заасан. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Талх нарийн боовны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ”-ний 3.2 дахь хэсэгт “худалдагч талд гэрээнд заасан хугацаанд тооцоогоо хийгээгүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож худалдагч талд хүү төлнө” гэж тов тодорхой заасан. Гэрээний талууд энэ заалтаар алданги тооцохоор тохиролцоогүй.

Худалдан авагч Д.Отгонбаяр би Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу хүү төлнө гэж ойлгож гэрээ байгуулсан. Шүүх хэрвээ уг гэрээний 3.2 дахь хэсэгт “худалдагч талд гэрээнд заасан хугацаандаа тооцоогоо хийгээгүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож худалдагч талд хүү төлнө” гэж заасан хуулийн заалтыг тодорхой оруулаагүй байсан бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлж алданги гэж тайлбарласан бол болох байсан. Гэтэл гэрээний талууд гэрээнд хуулийн заалтыг тов тодорхой бичиж, үүнийгээ хуульд заасны дагуу ойлгосон байхад шүүхийн зүгээс хэт нэг талыг барьж их хэмжээний алданги тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардаж байх бөгөөд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч Н.Баярсайхан гэрээнээс татгалзаагүй байна. Харин хариуцагч Д.Отгонбаярын “...айлын хашаанд тоног төхөөрөмжийг хураасан байгаа тул цаашид алдагдах зэргээс болж тоног төхөөрөмжийг иргэн Н.Баярсайханд хүлээлгэн өгнө...” гэж тайлбарлаж байгааг гэрээнээс татгалзсан гэж үзэж өгсөн, авсаныг буцаах үндэслэлгүй” гэжээ. Хариуцагч ажлын байр бэлдэж, үйл ажиллагаа эхэлсэн. Гэтэл 2015 оны 7 сард тоног төхөөрөмжөө авна гэсэн, харилцан тохиролцож тоног төхөөрөмжөө зарж бидний өгсөн 23 100 000 төгрөг, Н.Баярсайханы авах ёстой 21 900 000 төгрөгийг гарган авахаар тохиролцсон. Ингээд машин хөлсөлж тоног төхөөрөмжөө авахаар ирэхэд нь угсралтаас салгаж ачихад бэлэн болгосон, бидний мөнгийг төхөөрөмжөө зараад буцаан өгнө гэсэн гэрээ хийе гэхэд маргаж уурлаад орхиод явсан тул айлын хашаанд хураасан, утсаар ярилцан 2 талаасаа зарах болсон, хүн аваагүй.

Гэтэл шүүх тоног төхөөрөмжийг хураасан байгаа гэж гуйвуулан дүгнэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. 2015 оны 07 дугаар сард нэхэмжлэгч өөрөө сайн дураар гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжөө зарж мөнгийг гаргаж авахаар болсон учир би дахин үйл ажиллагаа явуулалгүй тоног төхөөрөмжийг хураасан. Хэрэв нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй бол үйл ажиллагаагаа үргэлжлэн төлбөрөө төлөх байсан. Гэтэл гэрээнээс татгалзсан мөртлөө их хэмжээний мөнгө, алданги нэхэмжилж, шүүх хангасан нь үндэслэлгүй. 2015 оны 7 сараас хойш нэг ч удаа гэрээний төлбөр нэхэж байгаагүй.

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Талх нарийн боовны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ”-ний 2.2 дахь хэсэгт “...хэрэв гэрээний хугацаанд төлбөр тооцоог барагдуулаагүй тохиолдолд худалдагч нь тоног төхөөрөмжийг дахин худалдах, буцаан авах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байх эрхтэй” гэж зааснаас үзэхэд Н.Баярсайхан надаас тоног төхөөрөмжөө буцаан авах, бусдад дахин худалдах эрхтэй байна.

Хариуцагчийн зүгээс Н.Баярсайханд тоног төхөөрөмжийг буцаан өгөхөд татгалзахгүй гэдгээ шүүх хуралдаанд удаа дараа хэлсэн. Гэтэл шүүх энэ гэрээний 3.2 дахь хэсгийг л харж, тайлбарлаж алданги гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа 2.2 дахь заалтыг огтхон ч харгалзаагүйд гомдолтой. Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг огтхон ч хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид 10 950 000 төгрөг гаргуулан Н.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Баярсайхан, хариуцагч Д.Отгонбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24 200 000 төгрөг, алданги 12 100 000 төгрөг, нийт 36 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад төлбөр төлсөн тооцоонд үндэслэн үлдэгдэл төлбөр 21 900 000 төгрөг, алданги 10 950 000 төгрөг, нийт 32 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан “Талх, нарийн боовны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г талууд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж, нэхэмжлэгч Н.Баярсайхан хариуцагч Д.Отгонбаярт 45 000 000 төгрөгөөр гэрээний хавсралтад дурдсан тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авагч тал 17 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдсэн төлбөрийг 10 сарын хугацаанд сар бүр 2 800 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар хүү тооцох, урьдчилгаа төлбөр хийсэн өдрөөс эд хөрөнгийг ашиглах эрх үүсэх нөхцлийг харилцан тохиролцсон байна.

/хх 4,5 дахь тал /

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Уг гэрээний үүрэг ёсоор нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг худалдан авагч талд нийлүүлсэн, хариуцагч урьдчилгаа төлбөрт 17 000 000 төгрөг, төхөөрөмжийг ашиглах явцад шилжүүлгээр 1 500 000 төгрөг, 2 800 000 төгрөг, 1 800 000 төгрөг, нийт 23 100 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

/хх 17, 18, 20, 33 дахь тал/

Хариуцагч Д.Отгонбаяр дээрх төлбөрөөс гадна 2 000 000 төгрөг бэлнээр төлсөн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбарласныг шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.

/хх 14, 51-55 дахь тал/

Хариуцагчийн энэ тайлбарт нэхэмжлэгч тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг үндэслэн урьдчилгаа төлбөрт төлсөн 2 000 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2 “Худалдагч талд гэрээнд заасан хугацаандаа төлбөр тооцоогоо хийгээгүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож худалдагч талд хүү төлнө” гэж тохиролцсон байна.

Шүүх гэрээний дээрх заалтыг Иргэний 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалттай холбон тайлбарлаж, алдангийн талаар тохиролцсон гэж дүгнэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцон 10 950 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэсний дагуу “хүү” тохирсон утга агуулгатай байхад шүүх “алданги” гэж үзсэн нь буруу. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлд “хүү” төлүүлэх талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээнээс татгалзсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Иймд гэрээнээс татгалзсан үр дагавар буюу өгсөн, авсан зүйлийг буцаах тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Н.Баярсайхан нь хариуцагч Д.Отгонбаяраас гэрээний үүрэг шаардах эрхтэй боловч худалдан авсан эд хөрөнгийн үнийн зөрүү 19 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 12 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06411 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Отгонбаяраас “Талх, нарийн боовны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 19 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Баярсайханд олгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 12 950 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “ 322 200 төгрөгийг” гэснийг “257 450 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох, энэхүү үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

           

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА