Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 5692

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, 4 дүгээр бранк 00 тоотод оршин суух, Эмчийнхэн овогт Агирын Нарангэрэл /РД: ПБ74041912/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, “Панораматрейд” ХХК /РД: 2563703/-д холбогдох,

 

28 950 760 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

18 045 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Нарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч “Панарома трейд” ХХК-ийн захирал Д.Бямбадоржтой харилцан тохирч түүний эзэмшлийн “Панарома” зочид буудлын 3, 4, 5 дугаар давхруудыг түрээслэн ажиллуулахаар түүний туслах Б.Баасансүрэнтэй “Түрээсийн гэрээ” байгуулж, сар бүрийн 15-ны дотор түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөгийг төлж байхаар 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, цаашид зочид буудлын засвар үйлчилгээнд хөрөнге оруулалт хийсэн нөхцөлд 3-5 жилээр хугацааг сунган ажиллуулах боломжтой талаар харилцан тохиролцож ажлаа эхлүүлсэн. Тухайн үед уг зочид буудлын дотоод засал, эд зүйл нь ихэд хуучирч муудсан байсан тул би өөрийн хөрөнгөөр бүх давхруудын өрөө тасалгаа, коридорт засвар үйлчипгээ хийж зочид буудлын тавилга, эд зүйлсийг шинээр авч тавих зэрэгт нийт 30 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл хариуцагч нь түрээсийн гэрээ дуусгавар болоогүй байхад буюу 2014 оны 11 дүгээр сард надад урьдчилан мэдэгдэхгүйгээр намайг эзгүй хойгуур гэрээг цуцалж манай хүмүүсийг хөөж явуулсан байсан. Дараа нь би Д.Бямбадоржтой уулзаж хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө буцааж авах гэсэн боловч өгөөгүй тул би аргагүйн эрхэнд Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Д.Бямбадорж, Б.Баасансүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн 201526020049 дугаартай хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж “Ашид Билгүүн” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд хохирлын хэмжээ 28 630 760 төгрөгөөр тогтоогдсон. Гэвч тухайн хэргийг иргэний шүүхээр шийдвэрлүүлвэл зохих иргэд хоорондын маргаан байна гэж үзээд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Прокуророос эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан. Гэрээ зөрчигдсөний улмаас надад учирсан хохирол нь зочид буудалд хөрөнгө оруулалт хийсэн 28 630 760 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 320 000 төгрөг, нийт 28 950 760 төгрөг юм. Иймд хариуцагч тал зохих ёсоор үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан бодит хохирол 28 950 760 төгрөгийг “Панарома трейд” ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Панораматрейд” ХХК-ийн төлөөлөгч Д.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Нарангэрэл нь 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсээр авч ажиллуулахаар тохиролцсон юм. Түрээсийн төлбөр сар бүр 3 000 000 төгрөг байх ба төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөж байхаар болсон. Нэхэмжлэгч нь гэрээг Б.Баасансүрэнтэй байгуулсан ба түрээсийн төлбөрийг Б.Баасансүрэн нь нэхэмжлэгчээс авч над руу шилжүүлдэг байсан. Гэтэл А.Нарангэрэл нь 2014 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх төлбөрийг төлсөн. 2015 оны 01 дүгээр сарын төлбөрийг А.Нарангэрэл нь “...төлбөр төлөх мөнгөгүй байна, та өөр түрээслэх хүн олж түрээслүүл” гэж надад хэлсэн тул би зарлал гаргаснаар дараагийн түрээслэгч 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс энд ажиллаж эхэлсэн. Иймд би түрээсийг А.Нарангэрэлд мэдэгдэхгүй өөр түрээслэгч ажиллуулаагүй. Үүнийг А.Нарангэрэл мэдэж байгаа. Байранд хийгдсэн засварын зардалд үнэлгээ хийсэн үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлгүй дүгнэлт хийж 28 630 760 төгрөгийн үнэлгээний дүн гаргасан байна. Миний бие 2014 оны 7 дугаар сард давхар түрээс явагдаж байгааг мэдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Панораматрейд” ХХК-ийн төлөөлөгч Д.Бямбадорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3очид буудлын 16 өрөөнд байсан 16 ширхэг өнгөт телевизоруудыг А.Нарангэрэл нь өмчлөгчид мэдэгдэлгүйгээр зөөвөрлөн авч явсан.  1 ширхэг телевизорын үнэ 800 000 төгрөг ба нийт 16 ширхэг телевизорын үнэ 12 800 000 төгрөг байна. Зочид буудлын 4, 5, 6 дугаар давхарын оффисын зориулалттай дунд өрөөг сарын 600 000 төгрөгөөр түрээслэн нийт 9 сарын хугацаанд түрээслэсэн. Үүнээс 1 сарын 600 000 төгрөгийг төлөөд үлдэх 8 сарын түрээсийн төлбөр болох 4 800 000 төгрөгийг төлөөгүй байна. Зочид буудлын түрээсийн төлбөрөөс 2014 оны 5 дугаар сарын төлбөрт 500 000 төгрөг дутуу төлсөн байгаа. Сансар кабелийн телевизийн 2014 оны 10, 11, 12 дугаар сарын хураамж болох 345 000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөөгүй. Иймд нэхэмжлэгчээс нийт 18 045 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Нарангэрэл сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Намайг зочид буудлыг түрээсэлж авах үед 3 давхрын 8 өрөөнд 1 ширхэг ч зурагт байгаагүй. 4 давхарт 3 ширхэг, 5 давхарт 3 ширхэг зурагт байсан. Үүнээс 2 ширхэг нь огт гардаггүй эвдэрсэн зурагт байсан. Энэ зурагтнуудыг яах вэ гээд Д.Бямбадорж, Б.Баасансүрэн нараас асуухад “Хог хийдэг өрөөнд хийчих” гэсэн. Зочид буудлын 3 давхрын булангийн өрөөнд эвдэрсэн хэмхэрсэн зүйлсээ хийдэг өрөө байдаг. Тийшээ засвар хийж байсан хүмүүсээр 6 ширхэг зурагтыг зөөж оруулсан. Тиймээс 16 ширхэг зурагтыг тус бүрийг 800 000 төгрөгөөр үнэлж надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нэг ширхэг ч зурагт аваагүй. Миний хувьд 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс “Панарома” зочид буудлын 3, 4, 5 дугаар давхрын 16 өрөөг түрээслэсэн. Оффисын өрөө гээд байгаа өрөөнүүд нь 4 давхрынх нь хог хийдэг өрөө, 5 давхрынх нь камер хянадаг өрөө, 6 давхар нь дээврээс ус гоождог өрөө байсан. Иймээс энэ өрөөнүүдийг ямар нэгэн зориулалтаар хүнд түрээслэх ямар ч боломжгүй өрөөнүүд. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.Бямбадорж нь надтай уулзаад “2 давхрын баар ажиллуулж байгаа хүмүүс энэ өрөөг 600 000 төгрөгөөр түрээсэлнэ. Чи надад 600 000 төгрөг өгөөд чи баарны хүмүүстэй яриад авчих” гэхээр нь би 600 000 төгрөгийг 5026142305 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь баарны хүмүүстэй 600 000 төгрөгөө авах гээд уулзахад өрөөгөө үзчихээд “Бид ийм жижиг өрөөг 600 000 төгрөгөөр түрээслэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би Д.Бямбадоржоос “Баарны хүмүүс түрээслэхгүй байна, одоо энэ өрөөгөө яах вэ” гэхэд Д.Бямбадорж “За тэгвэл чи ашиглавал ашиглаад ашиглахгүй бол тэгээд байлгаж бай” гэсэн. Тиймээс миний хувьд энэ өрөөнүүдийг түрээслэхээр гэрээ байгуулаагүй, ашиглаагүй учраас надаас нэхэмжилсэн 4 800 000 төгрөгийг хүлээн зөвшеөрөхгүй. Миний хувьд сар бүрийн түрээсийн 3 000 000 төгрөгийг Б.Баасансүрэнд хүлээлгэн өгч Б.Баасансүрэн Д.Бямбадоржийн данс руу хийдэг байсан. Энэ тухай Б.Баасансүрэн гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурдсан байдаг. Хэрэв би 5 сарын түрээсийн мөнгийг дутуу өгсөн бол 12 сар хүртэл надаас дутуу 500 000 төгрөгийг нэхэхгүй байна гэж байхгүй. Тиймээс 12 сар хүртэл 3 000 000 төгрөгийг Б.Баасансүрэнд бүрэн бүтэн төлж байсан учраас нэхэмжлэлийг дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг энэ зочид буудлыг түрээслэхэд 2 сарын кабелийн төлбөрийн үлдэгдэл 150 000 төгрөг төлөгдөөгүй байсан. Тэгээд би энэ мөнгийг төлөөд сар бүр нэхэмжлэх ирэхээр нь төлөөд явж байсан. 2014 оны 12 дугаар сарын нэхэмжлэх ирээгүй байхад бид нарыг хөөж гаргасан учраас төлөгдөөгүй. Уг нь анх гэрээ хийхдээ түрээсийн 3 000 000 төгрөгөндөө ус, дулаан, цахилгаан, кабель бүгд багтана гэж байсан боловч Д.Бямбадорж нь эхний 3 сарыг төлөөд цааш төлөөгүй учраас зочид буудлын хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд би төлж ирсэн. Иймээс нэхэмжилсэн 345 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Нарангэрэл нь хариуцагч “Панораматрейд” ХХК-д холбогдуулан гэрээний хохиролд 28 950 760 төгрөг гаргуулах тухай, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 18 045 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч зочид буудлыг бусдад давхар түрээсэлсэн, ...нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй тул намайг бусдад түрээслүүл гэсний дагуу түүнд мэдэгдэж гэрээг дуусгасан, ...нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусахаас өмнө хөөж гаргаагүй” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...миний бие зурагт аваагүй, ...офиссыг түрээслээгүй, ...зочид буудлын түрээсийн болон кабелийн төлбөрийг бүрэн төлсөн” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч “Панораматрейд” ХХК-ийг Б.Баасансүрэн төлөөлөн нэхэмжлэгчтэй 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ээр түрээслэгч А.Нарангэрэл нь түрээслүүлэгч  “Панораматрейд” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороонд байрлах, “Панарома” зочид буудлын 3, 4, 5 дугаар давхарыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 3 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн “...А.Нарангэрэл нь 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсээр авч ажиллуулахаар тохиролцсон, ... түрээсийн төлбөр сар бүр 3 000 000 төгрөг байх ба төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлж байхаар болсон” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, бичгийн хэлбэрээр байгуулсан түрээсийн гэрээнд түрээслэгч талыг төлөөлж нэхэмжлэгч, түрээслүүлэгч талыг төлөөлж Б.Баасансүрэн нар гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийг түрээслэн төлбөрийг хариуцагчид төлж байсан, хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид түрээслүүлэн төлбөрийг авч байсан үйл баримтын талаар болон хариуцагчаас Б.Баасансүрэнд амаар өгсөн төлөөллийн дагуу Б.Баасансүрэн нь нэхэмжлэгчтэй дээрх түрээсийн гэрээг байгуулж, төлбөрийг хариуцагчид шилжүүлэн өгч байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Иймд талууд түрээсийн гэрээний зүйл болон түрээсийн төлбөрийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д заасны дагуу мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар түрээсийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэрэгжээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д “гэрээний хугацаанд гаргасан засвар үйлчилгээ болон зардлыг гэрээний заасан хугацаанаас өмнө гэрээ цуцлагдвал түрээслүүлэгч талаас дээрх зардлыг буцааж гаргуулна” гэж заасныг үндэслэн, гэрээний зүйлийг засан сайжруулахад гарсан зардалд 28 950 760 төгрөгийг шаардсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн санаачилгаар буюу хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүй гэрээг цуцалсан, өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т заасан журмыг зөрчин гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг болон гэрээний 1.6-д заасны дагуу засан сайжруулахад гарсан зардал гэх 28 630 760 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Харин гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгчээс тухайн маргааны зүйл болж буй зочид буудлын 3, 4, 5 дугаар давхарын 16 ширхэг өрөөнд засварыг хийсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн зардлаар засаж сайжруулсан хэмжээг 28 630 760 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд харин шүүхээс томилсон шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 645 дугаар дүгнэлтээр дээрх хэмжээг 16 174 253 төгрөг гэж тогтоосон байна. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь уг иргэний хэрэгт шинжээчийн дүгнэлт биш, бичгийн нотлох баримт байх тул шүүх шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 645 дугаар дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэн, нэхэмжлэгчээс 16 174 253 төгрөгийг зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэх боловч энэ талаарх үндэслэл болон дахин үнэлгээ хийлгэх талаа хүсэлт гаргаагүй.

 

“Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтийг гаргуулахад төлбөрт төлсөн 320 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохиролд тооцох үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу хариуцагчаас 16 174 253 төгрөгийг шаардах эртэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгч хэлэлцэн тохиролцсон түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг Б.Баасансүрэнгээр дамжуулан хариуцагчид шилжүүлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны харилцах дасны гүйлгээний хуулгаар нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг төлөхөөс 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2 500 000 төгрөг төлж, 500 000 төгрөг дутуу төлсөн болох нь нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч уг баримтыг нотлох баримтаар үгүйсгээгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээсийн төлбөрт 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 3, 4, 5 дугаар давхарыг зочид буудлын зориулалтаар түрээслэх явцад зочид буудлын өрөөнд байсан гэх нэг бүр нь 800 000 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг зурагтыг зөөвөрлөн авч явсан буюу нэхэмжлэгчийг түрээсийн гэрээний явцад бусдад хохирол учруулсан гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь 12 800 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн 4, 5, 6 дугаар давхарын офиссын зориулалттай өрөөг түрээсэлсэн, мөн кабелийн телевизийн 2014 оны 10-12 дугаар сарын төлбөрийг төлөөгүй гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь офиссын түрээсийн төлбөрт 4 800 000 төгрөг, кабелийн телевизийн төлбөрт 345 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 16 174 253 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 500 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Баасансүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2016/19930 дугаар захирамжаар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч “Панораматрейд” ХХК-иас 16 174 253 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Нарангэрэлд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 776 507 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Нарангэрэлээс 500 000 төгрөг гаргуулан хариуцагч “Панораматрейд” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 575 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 704 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 248 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238 821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 15 650 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН