| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0125/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/130 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч С.Л түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Л ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 06-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 овогт С.Л
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Л нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ *******” гэх нэртэй газарт бэлчээрт байсан иргэн Б.Т ийн ззэмшлийн 5 тооны монгол үүлдрийн үхрийг 2020 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 3900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Л ын мөрдөн байцаалтад өгсөн
....Би бусдад учруулсан мөнгийг бүрэн барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/
Хохирогч Б.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн
... би 2020 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 5 тооны монголын үхэр алдсан. Тэгээд тэрнээс хойш эрж хайгаад олдохгүй байсан чинь 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр үхэр хайгаад явж байсан чинь Баян-Овоо сумын Нарийны гүүр гэх газар ******* гэх айлд байсан. Тэгээд үхрээ авах гэтэл би энэ үхрийг худалдаж авсан мөнгөө авч байж өгнө гээд өгөөгүй... 2 тооны хүрэн гунжин үнээ, 1 тооны хүрэн бяруу, мухар улаан үнээ, тарлан нүүртэй ягаан бяруунууд алдсан, бүгд зөв чих араасаа цуулбар буруу чих өмнөөсөө цуулбар имтэй үхрүүд байгаа...миний хувьд алдагдсан 5 тооны үхрээ зүсээр нь буцаан авсан, мөн үхрээ эрж хайсан зардалд С.Л нь 800.000 төгрөг өгч надад учирсан хор уршгийн бүрэн арилгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-19/
Иргэний нэхэмжлэгч Х.******* мөрдөн байцаалтад өгсөн
... 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг Баруун бүсийн 2192 дугаартай лангуун дээрээ сууж байсан чинь нэг залуу ирээд та тугал авах уу гэхээр нь би авна гэхэд манай гэрийг асууж байгаад явчихсан. Тэгээд хэд хоногийн дараа буюу цагаан сараас өмнөхөн би өдөр хоногоо сайн санахгүй байна манай нөхөр хөдөөнөөс залгаад 1 хүн 5 үхэр аваад манайд ирчихсэн байна гэж над руу ярихаар нь би авчих гэж хэлсэн. Тэгээд тэр залуу Баруун бүс дээр ирээд 2000000 төгрөг бэлнээр аваад явсан...мухар улаан гунж, бидэртэй хүрэн гунж, цавь дээрээ цагаантай бяруун гунж, 2 бяруу өгсөн. Тэр залуу шууд манай хөдөө гэрт аваачиж өгсөн байсан...би фейсбүүк дээрээ үхэр бяруу авна гэж зар тавьсан байсан...Тэр залуу өөрийгөө банкны өглөгтэй болоод цагаан ногоон сар болох гээд банкны өглөгөө өгөх гэж малаа зарж байна гэж ярьж байсан. Миний хувьд С.Л аагаас 2000000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-23/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № 138 дугаар шинжээчийн
1...хулгайд алдагдсан гэх 5 толгой үхэр нийт 3900000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 44-45/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 01-03/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-06/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 73-79/ шүүгдэгч С.Л ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, иргэний үнэмлэхний лавалгаа /хх-ийн 72/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94/, депозит дансны хуулгууд /хх-ийн 66-68, 86/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 82-83/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч С.Л нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ *******” гэх нэртэй газарт бэлчээрт байсан иргэн Б.Т ийн ззэмшлийн 5 тооны монгол үүлдрийн үхрийг 2020 оны 02 дугаар сарын 21- 22-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 3900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч С.Л гийн....би бусдад учруулсан мөнгийг бүрэн барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/
Хохирогч Б.Т ийн ... Миний хувьд алдагдсан 5 тооны үхрээ зүсээр нь буцаан авсан, ...үхрээ эрж хайсан зардалд надад С.Л нь 800000 төгрөг өгч надад учирсан хор уршгийн бүрэн арилгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-19/
Иргэний нэхэмжлэгч Х.*******... намайг Баруун бүсийн 2192 дугаартай лангуун дээрээ сууж байсан чинь нэг залуу ирээд та тугал авах уу гэхээр нь би авна гэхэд манай гэрийг асууж байгаад явчихсан,...манай нөхөр хөдөөнөөс залгаад 1 хүн 5 үхэр аваад манайд ирчихсэн байна гэж над руу ярихаар нь би авчих гэж хэлсэн,... тэр залуу Баруун бүс дээр ирээд 2000000 төгрөг бэлнээр аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-23/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № 138 дугаар шинжээчийн...хулгайд алдагдсан гэх 5 толгой үхэр нийт 3900000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Л нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ *******” гэх нэртэй газарт бэлчээрт байсан иргэн Б.Т ийн ззэмшлийн 5 тооны монгол үүлдрийн үхрийг 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 3900000 төгрөгийн хохирол учруулж, улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч хохирогч Б.Т ийн 5 тооны үхрийг 3.900.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч С.Л нь бусдын 5 тооны үхэр хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Л нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Л ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Л ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Л ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Л нь хохирогч Б.Т ийн 5 тооны үхрийг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Х.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2000000 төгрөгийг төлж барагдуулсан ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ
Учир нь шүүгдэгч С.Л ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч С.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч С.******* ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч С.Л нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Л ад хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Л ад ял оногдуулахгүйгээр оршин суугаа газар,ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч С..Лхагвын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай Мустанг-150 маркийн /LXYPCKL 08K0267836/ мотоциклийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт С.Л ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Л ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.Л ад нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Л нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч С.Л ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Мустанг-150 маркийн /LXYPCKL 08K0267836/ мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Л ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Л ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА