| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0110/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/115 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Э т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, овогт Т.Э
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн ******* зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар чулуу тээрэмдэж, ашигт малтмалын боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Манай хашаанд алтны шалам байсан гэж хүмүүс мэдүүлсэн байсан. Би алт олборлосон зүйл байхгүй. Би төмрөөр юм хийдэг. Хайргануудыг буталж төхөөрөмжийг шалгаж үзсэн. 2019 оны 09 дүгээр сараас хойш 2-3 удаа төхөөрөмжийг ажиллуулж үзсэн. Хашаанд 380 волтын тог байсан. Мөн худаг ухсан байсан гэв.
Шүүгдэгч Т.Э ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би алт олборлоогүй байсан, алтны чулуу угааж үзээгүй, алтны тээрмийн төхөөрөмж хийж ажиллуулж үзэн зарах гэж байсан, тухайн шуудайтай чулуунуудаас 2 шуудай чулуу нь хуучин хашааг худалдаж авахад байсан цагаан чулуу байсан, бусад нь байшингийн дотор нүх ухахад гарсан чулуунууд байсныг шуудайлж тавьсан байсан, тэрнээс ямар нэг байдлаар алттай чулуу гаднаас зориудаар авч ирж тээрэмдсэн зүйл бол байхгүй...3ахиалгаар бол хийгээгүй, хийчих юм бол зарагддаг гэж сонсоод хийсэн, хүний захиалгаар хийгээгүй, хийчихээд ажиллуулж үзээд болж байвал хүнээ олоод зарах гэж байсан,… ус тунгаах зорилгоор ухсан...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
Хохирогч байгууллагын төлөөлөгч Х.******* мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүй чулуу тээрэмдэж бутлах үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Т.Э нь хууль бус үйл ажиллагаа явуулсан байна...энэ үйл ажиллагаа нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт явагдсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан болохоор энэ асуулдыг хуулийн дагуу шийдвэрлэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29
Гэрч С.******* мөрдөн байцаалтад өгсөн
... байшингийн дээврийг барих гэж байгаад зүүн талын хамар хашааны хавтанг задалъя гэж бодоод автал Т.Э гэх залуу хашааны баруун урд талд байх гараашны ар талд нүх ухсан шуудайтай шлам байсан. Өмнө нь тийм нүх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 /,
Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн
... 2017 оны 06 дугаар сараас******* тоотод нүүж ирчихээд тухайн хаяг дээрээ байдаггүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн байхаар нь хаалгыг нь тогшоод утасны дугаарыг нь авах гэхэд утасныхаа дугаарыг өгөхгүй байсан. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний үед нөгөө айлын хашааны үүдэнд машинтай хүмүүс шаваад байхаар нь би сэжиг аваад хашааны завсраар хартал хашааны баруун урд талд байх гараашнаас шаланк татаад хашаанд байх муу усны нүх рүүгээ усаа шавхаж хийгээд байсан...2019 оны 09 дүгээр сарын 29-нөөс хойш шөнийн цагаар 23 цагаас өглөө 07 цаг хүртэл ажиллуулаад 09 цаг гэхэд усаа шавхаад дууссан байдаг...гарааш руу орж үзээгүй, гаднаас нь харахад алтны шлам мэт шингэн усыг муу усныхаа нүх рүү асгаж байсан.,.2019 оны 09 дүгээр сарын эхээр хүүхдүүд сургуульд орж эхэлснээр ажиллаж эхэлсэн юм шиг байгаа юм, өөрийн нүдээр харж мэдсэн нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр...манай харалдаа ар талын гудамж бөгөөд манай гэрийн харалдаа ар талд байдаг, шөнө унтаж байхад машин асаж байгаа юм шиг хүнгэнээд дуугараад байдаг, юу дуугараад байна гээд гарч харахад Т.Э ын хашааны үүдэнд машинууд ирсэн хүмүүс холхилдоод байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /
Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн
... 2017 оны 09 дүгээр сард зарсан...түүхий эд, мах толгой, цувдай хураадаг байсан тэр гарааш руу бол 380кв-ийн цахилгаан оруулаагүй, тоггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 /,
Гэрч Ц.******* мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн алтны чулуу тээрэмдэх баяжуулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Энэ нь Аж ахуй нэгж, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчиж байгаа иргэн нь гарал үүсэл нь тодорхойгүй буюу гар хийцийн тоног төхөөрөмж хэрэглэн баяжуулалт хийж байгаа нь өөрөө хууль бус юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020.03.02-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн “..боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 692 200 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 69 /,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1127 дугаар шинжээчийн
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Fanta нэртэй ундааны савны дундуур савлаж хийсэн шаварлаг шингэн ус мэт зүйл, bagro гэсэн бичиглэл бүхий бүхий цэнхэр өнгийн барианы шилэнд хийсэн шлам гэх зүйлд мөнгөн усны агуулга илэрээгүй болохыг шинжилгээний үр дүнгээр харуулсан болно.
3. Тус дээжнүүдэд химийн хорт бодис байгаа эсэхэд шинжилгээ хийлгэх боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 64-66/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 78-79 /, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-9/, хэргийн газраас хураан авсан шалмаас дээж авсан тэмдэглэл /хх-ийн 15-16/, , эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-56/, эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 57-60/, шүүгдэгч Т.Э ын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 96/, шүүгдэгч Т.Э ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 75, 127/, шүүгдэгч Т.Э ын депозит дансны хуулгууд / хх-ийн 90-93/, шүүгдэгч Т.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 87/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн ******* зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар чулуу тээрэмдэж, ашигт малтмалын боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Т.Э ын... Би алт олборлоогүй, алтны чулуу угааж үзээгүй, алтны тээрмийн төхөөрөмж хийж ажиллуулж үзэн зарах гэж байсан...3ахиалгаар бол хийгээгүй, хийчих юм бол зарагддаг гэж сонсоод хийсэн, хүний захиалгаар хийгээгүй, хийчхээд ажиллуулж үзээд болж байвал хүнээ олоод зарах гэж байсан юм...ус тунгаах зорилгоор ухсан...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
Хохирогч байгууллагын төлөөлөгч Х.*******... энэ үйл ажиллагаа нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт явагдсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан болохоор энэ асуудыг хуулийн дагуу шийдвэрлэх байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 28 /,
Гэрч С.*******...Т. гэх залуу хашааны баруун урд талд байх гараашны ар талд нүх ухсан шуудайтай шлам байсан. Өмнө нь тийм нүх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 /,
Гэрч Б.*******... шөнө унтаж байхад машин асаж байгаа юм шиг хүнгэнээд дуугараад байдаг гарч харахад Т.Э ын хашааны үүдэнд машинууд ирсэн хүмүүс холхилдоод байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,
Гэрч Б.*******..., 2017 оны 09 дүгээр сард зарсан...түүхий эд, мах толгой, цувдай хураадаг байсан тэр гарааш руу бол 380кв-ийн цахилгаан оруулаагүй, тоггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 /,
Гэрч Ц.*******... Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн алтны чулуу тээрэмдэх баяжуулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Энэ нь Аж ахуй нэгж, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчиж байгаа иргэн нь гарал үүсэл нь тодорхойгүй буюу гар хийцийн тоног төхөөрөмж хэрэглэн баяжуулалт хийж байгаа нь өөрөө хууль бус юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019.12.17-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн “..боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 692 200 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 69 /,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1127 дугаар шинжээчийн...Шинжилгээнд ирүүлсэн Fanta нэртэй ундааны савны дундуур савлаж хийсэн шаварлаг шингэн ус мэт зүйл, bagro гэсэн бичиглэл бүхий бүхий цэнхэр өнгийн барианы шилэнд хийсэн шлам гэх зүйлд мөнгөн усны агуулга илэрээгүй болохыг шинжилгээний үр дүнгээр харуулсан болно.....гэх дүгнэлт /хх-ийн 64-66/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Э нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,… 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Т.Э нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Т.Э ын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулаагүй байх тул хохирол төлбөргүй гаргуулах хохиролгүй болно.
Шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Э т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Э т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс Т.Э ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Т.Э ын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө хийсэн тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх буюу шорооноос алтыг ялгах боломжгүй, эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан жанам 1 ширхэг, мулдокь 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, зүсэгч 1 ширхэг зэргийг хурааж, улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 тал шуудай чулууг устгуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, харин хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Т.Э ын эзэмшлийн... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* тоот хашаанд байрлах, 4 метр урт, 3 метр өргөн, блок, дээвэр нь мод төмөр орсон байшин....битүүмжилсэн эд хөрөнгө нь гэр бүлийн дундын өмчлөл ба шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулаагүй байх тул эд хөрөнгө битүүжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Т.Э т буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Т.Э ыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Э ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Э т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд сар бүр 450000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Э ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан жанам 1 ширхэг, мулдокь 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, зүсэгч 1 ширхэг зэргийг хурааж, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Т.Э ын эзэмшлийн ...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* тоот хашаанд байрлах 4 метр урт, 3 метр өргөн, блок, дээвэр нь мод төмөр орсон байшин...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Т.Э т буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Т.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 тал шуудай чулууг устгуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Э т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА