Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 5715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-92 тоотод оршин суух, Оодон овогт Ишгомбын Оюунаа /РД: ИА60090607/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Оюунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Оюунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Партизан-Чойбалсан нэгдлийн аргалант бригадад мал маллаж байсан. И.Оюунаагийн хөдөлмөрийн хэлсийг он тус бүрээр 70-р дансанд тусгагдсанаар жагсаасан архивын лавлагааг тэтгэвэр тогтоолгох хэрэгцээнд ашиглах гэсэн боловч нэр зөрсөн байна. Партизан-Чойбалсан нэгдэлд 1977-1988 он хүртэл ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Оюунаа нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ишгомбын Оюунаа нь 1960 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн нь 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Иргэний паспортоор нотлогдож байх ба эцгийн нэр Натжавын Ишгомбын нэрийг авч бүртгүүлсэн байна. Энэ нь түүний иргэний үнэмлэх болон 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн иргэний паспортын бичилтүүдтэй тохирч байна.

 

Мөн гэрч нар нь нэхэмжлэгчийг Ишгомбын Оюунаа гэдэг байсан талаар болон түүнийг Завхан аймгийн Алдархаан суманд төрж, мал маллаж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн албан тушаалтны тамга тэмдэгээр баталгаажсан бичилтүүдтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлээс 1982 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус олгосон Ишгомбын Оюун гэх Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Оодон овогт Ишгомбын Оюунаа мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Ишгомбын Оюунаа нь Ишгомбын Оюун нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Ишгомбын Оюунд Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдлээс 1982 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч Оодон овогт Ишгомбын Оюунаа мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН