| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2015/5158/и |
| Дугаар | 5759 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 5759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34А дугаар байр, 58 тоотод оршин суух, Засаг овогт Даваагийн Одонгуа /РД: ХВ62080801/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34А дугаар байр, 58 тоотод оршин суух, Олхонууд овогт Ганбатын Алтанзул /РД: УХ92072411/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34А дугаар байр, 58 тоотод оршин суух, Засаг овогт Батсүхийн Анар /РД: УХ94043030/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46 дугаар байр, 77 тоотод оршин суух, Олхонууд овогт Сампилын Дэлгэр /РД: ЧЗ71041607/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34А дугаар байр, 58 тоотод оршин суух, Олхонууд овогт Сампилын Ганбат /РД: ХД63061318/ нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг хүчингүй болгож, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Д.Ганбат, хариуцагч С.Дэлгэр, өмгөөлөгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Одонгуа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр С.Ганбат нь "Сайхан булган” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаандаа орон сууцны 01/2011-05-05 тоот гэрээгээр Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 60 айлын орон сууцны 12 давхрын “А” байр буюу 70 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 6 жилийн хугацаатай төлбөрийг цалингаасаа сар бүр 1 108 000 төгрөгийг суутгуулахаар тохиролцон захиалж байрны нэг м.кв-ын үнэ нь 1 200 000 төгрөгөөр тооцсоноос гадна хугацаа дуусахаас өмнө ажлаас гарвал байрны 1 м.кв-ын үнийг 1 600 000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасны дагуу цалингаасаа суутгуулан 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 29 916 000 төгрөг, 2012 онд 4 626 908 төгрөг, нийт 34 542 908 төгрөгийг төлсөн. “Сайхан булган” ХХК-иас С.Ганбат нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гарах тухай өргөдөл өгч, “Хас дөл” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 05/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн компанид ажилд орохдоо “Сайхан булган” ХХК-д төлөх байрны үлдэгдэл төлбөр болох 50 000 000 төгрөгийг Жаргалсайхан захирлаас авч дүү С.Дэлгэрээр тушаалгаж байсныг би мэднэ. Энэ талаар гэрч Амгаланбаатар, Энхбат нарын мэдүүлэг, Жаргалсайхан захирлын тодорхойлолтоор нотлогдоно. Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Дилавхутагт Жамсранжавын гудамж 34А дугаар байр, 58 тоотын 70 метр квадрат орон сууцыг нөхөр С.Ганбат нь “Сайхан булган” ХХК, “Хас дөл” ХХК-д ерөнхий инженерээр тус тус ажиллаж байх хугацаандаа цалингаасаа харилцан тохиролцож төлбөрийг төлсөн бөгөөд одоо уг байранд Д.Одонгуа, хүү Ганбатын Алтанзул, Батсүхийн Анар, Ганбатын Мандах нарын хамт 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Уг орон сууцыг 85 200 000 төгрөгөөр худалдаж авсан. С.Дэлгэрээс нэг төгрөг ч гараагүй ба энэ хаягт оршин суудаггүй. Харин С.Дэлгэр нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг бий болгоогүй мөртлөө Эрхийн улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн Ү- 2205018797 дугаарт бүртгүүлж гэрчилгээг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр авсан байна. Ингэж дур мэдэн эд хөрөнгөө нуун дарагдуулах зорилгоор нөхөр С.Ганбат нь дүү С.Дэлгэртэй хуйвалдаж бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болох дээрх орон сууцыг өөрийнхөө нэр дээрээс дүү С.Дэлгэрийн нэр лүү ямарч эрх зүйн баримт бичиггүйгээр шилжүүлж өгчихөөд дараа нь эхнэр Д.Одонгуад холбогдуулж гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан байдаг. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2015/05445 дугаар шийдвэрээр С.Ганбат, Д.Одонгуа нарын гэрлэлтийг цуцалсан байдаг бөгөөд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар хэн аль нь шаардлага гаргаагүй байдаг. Учир нь тухайн гэр бүл цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж байх хугацаанд тэдний амьдарч байсан үл хөдлөх эд хөрөнгө нь С.Дэлгэрийн өмчлөлд байсан учир шаардлага гаргах боломжгүй байсан. Гэрлэлт цуцалсаны дараа гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар тусад нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдүүлье гэж талууд тохиролцсон байдаг. Иймд С.Ганбат, Д.Одонгуа нарын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд гэрлэлтийн баталгаатай хамтын амьдралтай байх хугацаанд С.Ганбатын “Сайхан булган” ХХК-тай байгуулсан 01/2011-05-05 тоот гэрээний дагуу захиалгаар бариулсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, С.Дэлгэрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, одоо энэ байранд амьдарч байгаа Засаг овгийн Даваагийн Одонгуа, Ганбатын Алтанзул, Ганбатын Мандах, Батсүхийн Анар нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагдаа: Хариуцагч С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байхдаа тус компанитай орон сууц захиалгын 01/2011-05-05 тоот гэрээгээр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоотын 3 өрөө 70 м.кв орон сууцыг 85 200 000 төгрөгөөр захиалан сар бүрийн цалингаасаа 1 108 000 төгрөгийг төлж 2011 онд 29 916 000 төгрөг, 2012 онд 4 626 908 төгрөг, нийт 34 542 908 төгрөгийг төлсөн. Мөн “Хас дөл” ХХК-ийн захирал Жаргалсайханаас тус компанид ажиллаж байхдаа 50 000 000 төгрөгийг зээлж дээрх байрны үлдэгдэл төлбөр болох 50 000 000 төгрөгийг дүү С.Дэлгэрээр өгүүлж байсныг гэрч Жаргалсайхан, гэрч Амгаланбаатар нар мэдүүлдэг. Нэхэмжлэгч Д.Одонгуатай С.Ганбат нь 2001 оноос нэг гэрт амьдарч байгаад 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж, 2088 дугаартай гэрчилгээг авч байсан. С.Ганбатын нэхэмжлэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2015/05445 дугаар шийдвэрээр С.Ганбат, Д.Одонгуа нарын гэрлэлтийг цуцалсан байдаг. Гэтэл хариуцагч С.Ганбат нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэрлэгчдийн орлогоор шинээр бий болсон хөрөнгөөр Орон сууцны 01/2011-05-05 тоот гэрээг байгуулсан атлаа хариуцагч С.Дэлгэрт дур мэдэн шилжүүлсэн байдаг бөгөөд эрх шилжүүлж авсан С.Дэлгэр өөрийн нэрээр “Сайхан булган” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан байна. Иймд хууль зөрчин хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу С.Дэлгэрийн “Сайхан булган” ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 03-ныөдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан С.Дэлгэрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоотын 3 өрөө 70 м.кв орон сууцыг надад хамааруулаад байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр дээрх орон сууцыг “Сайхан булган” ХХК-тай гэрээ хийж төлбөрийг цалингаасаа суутгуулж байсан нь үнэн боловч уг байр С.Дэлгэрийн өмчлөлийн орон сууц. Д.Одонгуатай гэрлэхэд тэрээр 2 дагавар хүүхэдтэй байсан ба бидний дундаас 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Мандах төрсөн. Үүнээс гадна миний урд эхнэрийн 1 хүү, 2 охин байдаг. Миний бие өөрийн төрсөн дүү С.Дэлгэрээс мөнгө төгрөг авч өөрсдийн өмнөх эхнэрээс төрсөн хүүхдүүдэд өгч туслалцаа үзүүлдэг байсан. Энэ хугацаанд би дүү С.Дэлгэрээс 40 гаруй сая төгрөг зээлсэн. Мөн миний бие хүүхдүүддээ туслах, өөрийн хэрэгцээнд зориулж 50 гаруй сая төгрөгийг “Хас дөл” ХХК-иас зээлж авсан. Би “Хас дөл” ХХК-д ажилд шилжихийн өмнө байрны үлдэгдэл зөрүүг С.Дэлгэрээр төлүүлсэн тул гэрчилгээ түүний нэр дээр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч С.Дэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг би өөрийн мөнгөөр худалдан авсан тул уг орон сууц нь нэхэмжлэгч нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Орон сууц захиалан бариулах гэрээ нь яагаад С.Дэлгэр гэдэг хүний нэр дээр шилжив гэж асуугаад байх шиг байна. 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би хамгийн анхны орон сууц захиалан бариулах, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. С.Ганбаттай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Захиалгын гэрээг хамгийн анх надтай хийсэн. Би “Сайхан булган” ХХК-ийн захиралтай очиж уулзаад “...С.Ганбат гэдэг хүний нэр дээр орон сууц захиалан байгуулах гэрээ байна уу. Хэрвээ байгаа бол гэрээгээ хүчингүй болго” гэсэн. Гэтэл захирал нь С.Ганбаттай байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Энэ байр одоо “Сайхан булган” ХХК-ийн нэр дээр байгаа. Хэрвээ 50 000 000 төгрөг чинь таньд байгаа бол одоо гэрээгээ хийж болно гэсэн. Энэ байранд өнөөдрийг хүртэл Д.Одонгуа хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа гэдэг үндэслэлээр өөрсдийн байр гэж үзэж болохгүй. Би 2012 онд байрных нь тавилгыг Эрээн хотоос ахтайгаа хамт яваад гэрийг нь тохижуулан өгч байсан. Ахыгаа салаад ирлээ гээд би энэ хүмүүсийг тэр байрнаас хөөгөөгүй. Хэдий миний өөрийн байр ч гэсэн би өөрөө түрээсийн байранд өнөөдөрийг хүртэл амьдарч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Дэлгэр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Сайхан булган” ХХК-иас худалдан авсан. Уг байранд миний төрсөн ах С.Ганбат болон түүний салсан эхнэр хүүхдүүд огт хамааралгүй. С.Ганбат нь өөрийн гэсэн орон сууцгүй байсан тул түүний эхнэр хүүхдийн хамт амьдрахыг зөвшөөрсөн байсан. С.Ганбат нь 2015 оны 01 дүгээр сараас хойш уг байранд амьдраагүй, одоо цаашид уг байранд Д.Одонгуа болон түүний хүүдүүдийг амьдруулах боломжгүй тул нэхэмжлэгч нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 34А байрны 58 тоотоос албадан гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн байрыг тухайн үедээ нөхөр болох С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, сар бүрийн цалингаасааа байрны төлбөрүүдийг хийж байсан. Мөн “Хас дөл” ХХК-иас авсан цалингаасаа 50 000 000 төгрөгийн тооцоог хийж дуусгасан ба С.Дэлгэрт хамааралгүй байр. “Сайхан булган” ХХК-тай ямарч эрх зүйн бичиг баримт хийлгүйгээр гэрээг хийж манай гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар нар хариуцагч С.Ганбатад холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, хариуцагч С.Дэлгэрт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Д.Одонгуа, Г.Алтанзул, Г.Мандах, Б.Анар нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч С.Дэлгэр нь нэхэмжлэгч нарт холбогдуулан тэднийг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууц нь дан ганц С.Дэлгэрийн өмчлөлийнх, ...нэхэмжлэгч нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш” гэж, нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...Тухайн байр нь С.Дэлгэрт хамааралгүй, ...манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын эд хөрөнгө” гэж тус тус маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч С.Ганбат, С.Дэлгэр нарт холбогдох, “Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, Д.Одонгуа, Г.Алтанзул, Г.Мандах, Б.Анар нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул нэхэмжлэгч нар тухайн орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох нь бие даасан шаардлага бус, харин нэхэмжлэгч нар тухайн орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч Д.Одонгуа болон хариуцагч С.Ганбат нар 2000 онд танилцаж, 2001 оноос хамтран амьдарч, гэрлэлтээ 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэр бүл болж, 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тэдний дундаас Г.Мандах төрсөн талаар талууд маргаагүй байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2015/05445 дугаар шийдвэрээр Д.Одонгуа болон С.Ганбат нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Мандахыг эх Д.Одонгуагийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ./2хх-57-59/
Хариуцагч С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-тай 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 01/2011-05-05 дугаар “Орон сууцны гэрээ”-г байгуулсан ба гэрээгээр Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Сайхан булган” ХХК-ийн 60 айлын орон сууцны 12 дугаар давхарын “А” байрны 66.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нийт 79 800 000 төгрөгөөр, 6 жилийн хугацаанд цалингаасаа суутгуулан худалдан авахаар тохиролцсон нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаарсарын 05-ны өдрийн 533/2835/Б дугаар шийдвэрээр нотлогдож байхаас гадна шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Уг орон сууц нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоотын 70 м.кв талбайтай орон сууц биш эсэхэд талууд маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, 01/2011-05-05 дугаар гэрээнд заасан орон сууц болон нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууц нь нэг орон сууц байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заажээ.
Хариуцагч С.Ганбат нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаас өмнө буюу 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Сайхан булган” ХХК-тай 01/2011-05-05 дугаартай орон сууцны гэрээ байгуулж, гэрээний үнийг 79 800 000 төгрөгөөр тооцон, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 34 542 908 төгрөг төлсөн нь “Сайхан булган” ХХК болон С.Дэлгэр нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээгээр нотлогдож байна /1хх-145-148/. Түүнчлэн, хариуцагч С.Ганбат нь уг төлбөрийг өөрийн хуваарьт хөрөнгөөр төлсөн гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна. Иймд хариуцагч С.Ганбат болон нэхэмжлэгч нарын хамтран амьдрах хугацаанд уг орон сууцны үнэд хариуцагч С.Ганбатаас төлсөн 34 542 908 төгрөгийн хэмжээнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Одонгуа болон түүний хүүхдүүд болох Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нар нь гэр бүлийн гишүүн эсэх талаар хариуцагч нар маргаагүй байх тул дээрх орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхээр байна. Түүнчлэн, Г.Мандах нь 18 насанд хүрээгүй байхаас гадна шүүхийн шийдвэрээр түүнийг нэхэмжлэгч Д.Одонгуагийн асрамжинд үлдээсэн байх тул тэрээр хүүхэд Г.Мандахыг хуульд заасны дагуу төлөөлөх эрхтэй байна.
2. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч С.Дэлгэрт холбогдох “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох шаардлаггүй байна. Харин дээрх орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг болон Г.Мандахыг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагаад даалгах нь зүйтэй байна. Хариуцагч С.Ганбат нь маргааны зүйл болж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх талаар шаардлага гаргаагүй болно.
3. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч С.Дэлгэрт холбогдох, С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар нь уг шаардлагын үндэслэлээ дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын дээрх шаардлага үндэслэлгүй байна.
4. Хариуцагч С.Дэлгэрийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/2011-05-05 дугаартай гэрээний нэг тал болох хариуцагч С.Ганбат нь хариуцагч С.Дэлгэрээр өөрчлөгдөн, гэрээний үнийг 85 200 000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч С.Дэлгэр үлдэгдэл 50 657 092 төгрөгийг “Сайхан булган” ХХК-д мөн өдөр төлсөн болох нь кассын орлогын ордероор нотлогдож байна. /1хх-150 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Дэлгэр нь маргаан бүхий орон сууцны үнэ 85 200 000 төгрөгийг бүхэлд нь өөрийн хөрөнгөөр төлсөн буюу Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэж үзэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нарыг уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч С.Дэлгэр нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нарыг тус орон сууцаас албадан гаргуулахаар шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч С.Дэлгэр, нэхэмжлэгч Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар нарыг болон Г.Мандахыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч С.Дэлгэрт холбогдох, “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох”, “С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагыг, хариуцагч С.Дэлгэрийн “нэхэмжлэгч Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар болон Г.Мандах нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоотын 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Одонгуа /РД: ХВ62080801/, Г.Алтанзул /РД: УХ92072411/, Б.Анар /РД: УХ94043030/, Г.Мандах /РД: УО03290351/, хариуцагч С.Дэлгэр /РД: ЧЗ71041607/ нарыг тогтоож, зохих бүртгэлд өөрчлөлт хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох”, “С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагыг, нэхэмжлэгч нарт холбогдох “Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар болон Г.Мандах нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 724 300 төгрийг, хариуцагч С.Дэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН