Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/267

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ц-д холбогдох эрүүгийн 2021003780303 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дорнод аймгийн Баянтүмэн сумын ............. ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Ц. /РД: ............../

Шүүгдэгч Ц нь 2020 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хатуу хучилттай зам дээр “Тоёота Аллион” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Т-н амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хүү Т эмнэлэгт хэвтээд 16 дахь хоног дээрээ буюу 07 дугаар сарын 01-ний өглөө 06 цаг 10 минутанд бурхан болсон. Миний хүү Т ирээд баруун тархины бяцрал гэсэн оноштой гэж эмч хэлсэн. Тэгээд тархиндаа цус хуралт байхгүй учир хагалгаанд орох заалтгүй, гавлын ясанд гэмтэл байхгүй гэсэн. Тархины нөхөн сэргээх эмчилгээ хийнэ гэж хэлсэн. Юм ярьж бол чадахгүй, гэхдээ хүний хэлсэн үгийг ойлгодог байсан. Аманд нь шөл халбагадаж өгөөд залгиарай гэхэд залгичихдаг байсан. Тэгээд миний хүү их халуураад байхаар нь эмчид хэлсэн чинь рентгэн зураг авч байж мэднэ гээд яаралтай рентгэн зураг авсан чинь зүүн уушигны ирмэгээр ус хурсан байна гэж хэлж байсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр уушгинд гуурс хатгаж, усыг нь гаргаж авсан. Миний хүү Т-т ямар нэгэн хууч өвчин байхгүй. Ослын улмаас миний ач хүү Б-н зүүн хөлний дунд чөмөгний эгц хугаралтай, шилбэнд нь ташуу хугаралт үүссэн байсан. Тэгээд хөлөндөө хадаас хадуулах хагалгаанд орсон. Одоо ач хүү Б-ийн биеийн байдал сайн байгаа. ...Миний зүгээс болон манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөөрхий 3 хүүхэдтэйгээ үлдсэн манай бэр Ц их л хэцүү байгаа байх. Нөхрөө алдаад удаагүй байгаа. Тэгээд дээрээс нь шоронд орох юм болох вий гэхээс их айж байна...” гэжээ. /хх-ийн 17-20 тал/

Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид хэд жолоо барих нь битгий уу гэсэн чинь Ц би машин баръя гэж хэлээд уугаагүй...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц машин барьж байгаа гээд уухгүй байсан...” гэжээ. /хх-ийн 24-25 тал/

Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц машин барьж байгаа гээд ерөөсөө пиво уугаагүй...” гэжээ. /хх-ийн 28-29 тал/

Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянтүмэн суманд байх гэртээ байж байхад 20 цагийн орчимд манай гэрт Ц, Т, *******, *******, тэгээд манай эхнэр ******* нар ирсэн. Тэд нар орж ирэхдээ 2, 2 лаазтай пиво бариад орж ирсэн. Бид нар авчирсан лаазтай пивоо уугаад ярьж хөөрсөн. ...Ц машин барьж байгаа гээд ерөөсөө пиво уугаагүй. ...Орой 00 цаг өнгөрөөгөөд Ц, Т хоёр манай гэрээс явсан. ...Машин нь хашааны гадна талд байсан. Би гэрийнхээ үүднээс гаргаж өгөөд буцаад гэр рүүгээ орсон. Машиныг хэн бариад явсныг бол хараагүй. Гэхдээ Ц машин бариад явна гэж байсан болохоор машинаа бариад явсан байх...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн” 77 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун зүүн таламус, зүүн тал бөмбөлгийн суурийн зангилаа, зүүн духны дэлбэн, суурь хэсэг, баруун ховдолын урд, зүүн ховдлын арын хэсгийн няцрал, баруун чамархайн язарсан шарх, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, шанаа, чамархай, зүүн тохой, баруун гуя, баруун, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна.

3. Гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр спиртийн алкоголь илрээгүй.

6. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

7. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Талийгаач нь их тархины баруун зүүн таламус, зүүн тал бөмбөлгийн суурийн зангилаа, зүүн духны дэлбэн, суурь хэсэг, баруун ховдолын урд, зүүн ховдлын арын хэсгийн няцрал, аксионы тархмал гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хх-ийн 33-35 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн” 457 тоот дүгнэлтэд:

1. Б-н биед зүүн дунд чөмөг, зүүн шилбэ ясны далд зөрүүтэй хугарал, тархи доргилт, дух, зулай, зүүн нүдний дээд зовхины зулгаралт, зүүн нүдний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 85-86 тал/

 

Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаанд:

1. Жолооч Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэстэй байна гэжээ. /хх-ийн 92 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 тал/

- Ослын газрын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14-15 тал/

- Зам тээврийн осолд холбогдсон “Toyota Allion” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 тал/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 тал/

- Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 47-71 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 452, 85 тоот дүгнэлтүүд /хх-ийн 75-76 тал/

- Ц-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31, 96-97 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ...................овогт Ц нь 2020 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хатуу хучилттай зам дээр “Toyota Allion” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч Т-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А, гэрч Э.*******, О.*******, Д.*******, О.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон “Toyota Allion” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өвчний түүхийн хуулбар, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн” 77 тоот, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн” 457 тоот, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 452, 85 тоот дүгнэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ц-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Т-н амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц-н ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Ц-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц-гийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ