| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07622/И |
| Дугаар | 5781 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 5781
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 16-32 тоотод оршин суух, Бодонгууд овогт Гончигжамцын Эрдэнэбилэг /РД: ХБ59063078/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 27-15 тоотод оршин суух, Харчин овогт Цэрэндашийн Мөнхбат /РД: ЧД76082578/-д холбогдох,
116 061 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 27 дугаар байрны 15 тоотод оршин суух Ц.Мөнхбаттай орон сууц барьцаалан 2011.05.11-ний өдөр сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн 25 000 000 төгрөг, 4.000 ам.доллар дээр харилцан тохиролцож нэмж 2012.05.11-ний өдөр 3 000 000 төгрөг, 17.000 ам.доллар бүгд 28 000 000 төгрөг, 21 000 ам.доллар зээлдүүлсэн юм. Гэрээний дагуу Ц.Мөнхбат зээлийг 2015.04.11-ний өдөр бүрэн төлөх ёстой байсан боловч бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл бэрхшээл гарч төлбөр хийх хугацааг сунгаж өгөхийг хүссэн 2015.11,19-ний өдрийн хүсэлийн дагуу 2015.11,20-ны өдрийн үүссэн өр төлбөрийг төлж барагдуулах тухай гэрээ байгуулж хугацааг сунгасан. Мөн төлбөр барагдуулах талаар 2016.05.24-ний өдөр баталгаа гаргасан хэдийч төлбөр хийгдэлгүй өнөөдрийг хүрлээ. Үндсэн зээл болох 28 000 000 төгрөг, 21 000 ам.долларын зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл 12.500.000 төгрөг, 10 400 ам.доллар, бүгд 40.500.000 төгрөг, 31 400 ам.долларыг Ц.Мөнхбатаас нэхэмжилж байна. Иймд Ц.Мөнхбатаас 40 500 000 төгрөг, 31.400 ам.доллар буюу 75.561.274 / төгрөг бүгд 116.061.274 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлага 40 500 төгрөг, 31 400 ам.доллар буюу 75 561 274 төгрөг, бүгд 116 061 274 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхбат нь нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгт бүрэн хэмжээгээр хариуцаж төлөхөөр эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэг нь хариуцагч Ц.Мөнхбатад холбогдуулан 116 061 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн “...116 061 274 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхбат нь нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгт бүрэн хэмжээгээр хариуцаж төлөхөөр эвлэрэв” гэх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, Ц.Мөнхбатад холбогдох 116 061 274 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 116 061 274 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738 256 төгрөгийн тал хувь болох 369 128 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 369 128 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 369 128 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН