| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07605/И |
| Дугаар | 5802 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 5802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4-р хороолол, Дилав хутагт жамсранжавын гудамж, 52 дугаар байр, 139 тоотод оршин суух, Долоод овогт Алтангэрэлийн Түвшинжаргал /РД: ЧН73102407/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Шанырбекийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн охин А.Түвшинжаргалын өмчлөлийн орон сууцыг итгэмжлэлийн үндсэн дээр бусдад хөлсүүлж байсан билээ. Тус орон сууцыг Х.Шынарбек нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд тавьлагын хамт хөлслөн, сарын төлбөр нь 650,000 төгрөгийг надад төлөхөөр тохирч бид гэрээ хийсэн. Гэтэл 4 830 000 төгрөгийн түрээсийн гэрээнээс үүдэлтэй хохирол учруулсан тул Баян- Өлгий аймаг, Цэнгэл сум, 8-р баг Партизан тоот хаягт оршин суух Найман жарболды ургийн овогт Хуанбай овогтой Шынарбекээс дээрх төлбөрийг гаргуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд хандсан боловч шүүх хариуцагчийг хаягтаа байхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба захирамжийг тухайн багийн засаг даргын тодорхойлолтын хамт нэхэмжлэгч надад ирүүлсэн юм. Х.Шынарбек нь Улаанбаатар хот руу гэр бүлээрээ нүүсэн, хотод ажиллаж амьдарч байгаа гэх бөгөөд одоо хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Түвшинжаргал нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Шынарбекийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Түвшинжаргал нь Х.Шынарбект холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2115 дугаар захирамжаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Х.Шынарбект холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхогүйгээс нэхэмжлэгчид Х.Шынарбекийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Шынарбекийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Найман жарболды овогт Хуанбайгийн Шанырбек /РД: БМ94051518/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч А.Түвшинжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтангэрэл нарт /утас: 9449 4843, 9191 5199/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.
Хуанбайгийн Шанырбек /РД: БМ94051518/ нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух бүртгэлтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Найман жарболды овогт Хуанбайгийн Шанырбек /РД: БМ94051518/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Х.Шанырбекийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч А.Түвшинжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтангэрэл нарт /утас: 9449 4843, 9191 5199/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН