Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00004

 

                                          Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Ж.И-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/56 дугаартай Сод монгол групп ХХК-ийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 6712010904 дугаар бүхий 799,3 м.кв талбай бүхий гэрчилгээтэй газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Сод Монгол Групп ХХК-ний “Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 20-ны өдрийн А/131 дүгээр захирамж хууль бус гарснаар 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгийн хохирлыг гаргуулж, захиргааны зардлаар өөр газарт нүүлгэн шилжүүлэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгах тухай” шаардлагатай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У, нэхэмжлэгч Ж.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ж.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.И миний бие Мөрөн сумын 6 дугаар баг, 41 дүгээр гудамж 1, 1а тоотод 2 айлын газартай хашаа эзэмшдэг бөгөөд манайх үзүүрийн хашаа учир дэлгүүр хоршоо эрхлэх боломжтой. Гэтэл энэ тоотод олон жил оршин сууж байгаа манай хашааны дээд үзүүрт 2017 оны хавраас манай гудамжны үзүүрт Сод Монгол Групп ХХК нь газар худалдан авч, ШТС-нц барихаар газар шорооны ажил хийх болсон. Одоо энэхүү газар нь манай хашаанаас 1-2 метр зайд хашаатай маань тулгаад шахам барьчихсан, салхины дээд талд учир байнга л бензин шатахуун үнэртэж, машин тэрэгний  дуу тасрахгүй байдалтай байна. Би 41, 42 дугаар гудамжны хэсэг оршин суугчидтай хамтран 2017 оны хавраас эхлэн Мөрөн сум, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргад хандан өргөдөл, гомдол гаргаж, Сод Монгол Групп ХХК-нд олгогдсон газар нь зөвшөөрөлтэй эсэх, ямар зориулалтаар хэний шийдвэрээр газар олгогдсон эсэх, газар дээр ШТС барих зөвшөөрлийг холбогдох байгууллагууд өгч байсан эсэхийг шалгуулж, лавлуулсан бөгөөд энэ талаар тухайн байгууллагуудаас ямар нэгэн зөвшөөрөлгүй, иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан, хот төлөвлөлт болон ШТС-д тавигдах техникийн шаардлага хангаагүй, барилга барих зөвшөөрөл аваагүй гэх зөрчлүүд гарч байгаа талаар албан бичиг авсан болно. Мөн намайг ийнхүү гомдол өргөдөл гаргаж байх хороонд Мөрөн сумын Засаг дарга Ц.Г нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/56 дугаартай Сод Монгол Групп ХХК-ийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон захирамжаа 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр А/121 дугаартай захирамжаар “шатахуун түгээх зориулалт”-аар болгож өөрчилсөн боловч 4 хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/131 тоот захирамжаар өөрчлөлтийг цуцалж эргүүлээд “худалдаа үйлчилгээний зориулалт”-аар болгон эзэмшүүлсэн. Гэтэл Сод Монгол Групп ХХК нь худалдаа үйлчилгээний  биш шатахуун түгээх зориулалтаар өнөөдрийг хүртэл ажиллаж, ШТС барьж, үйл ажиллагаагаа ямар ч зөвшөөрөлгүй явуулж Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг минь ноцтой зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ШТС-ыг айлуудын дунд, салхины дээд талд барьж, 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байгаад гомдолтой байна. ... Иймд Мөрөн сумын иргэн Ж.И миний болон манай гэр бүлийн гишүүдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” ноцтойгоор зөрчиж, хууль бусаар Сод Монгол Гурпп ХХК-д газар эзэмшүүлсэн, газрыг зориулалтын дагуу  ашиглахгүй байхад түүнд хяналт тавихгүй, албадан нүүлгэх, газрыг хураан авах хуульд заасан эрх хэмжээ байхад түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа тул Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/56 дугаартай Сод Монгол Групп ХХК-ийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 6712010904 дугаар бүхий  799,3 м.кв талбайтай гэрчилгээтэй газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

         Гуравдагч этгээд Сод монгол групп ХХКомпани шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “... Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 20-ны өдрийн А/131дүгээр захирамж хууль бус гарснаар 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгийн хохирлыг гаргуулж, захиргааны зардлаар өөр газарт нүүлгэн шилжүүлэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгах тухай” шаардлага гаргажээ.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т нараас гаргасан тайлбар хүсэлтдээ: Хариуцагчтай эвлэрэх боломжтой бол эвлэрэх саналтай байна гэв.

         Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-аас гаргасан тайлбар хүсэлтдээ: Хэргийн оролцогч нартай эвлэрэх боломжтой гэв.

         Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-аас: “Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай ярилцаж, тохиролцвол эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.И Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/56 дугаартай Сод Монгол Групп ХХК-ийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 6712010904 дугаар бүхий 799,3 м.кв талбай бүхий гэрчилгээтэй газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Сод Монгол Групп” ХХКомпани нь  “Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 20-ны өдрийн А/131 дүгээр захирамж хууль бус гарснаар 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгийн хохирлыг гаргуулж, захиргааны зардлаар өөр газарт нүүлгэн шилжүүлэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгах тухай” бие даасан шаардлага  гаргажээ.

         Шүүх хуралдаанаар уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ж.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нар “Нэхэмжлэгч Ж.И нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны явцад бичгээр эвлэрлийн гэрээ гэрээг доорхи нөхцөлтэйгээр байгуулав.       

       Үүнд:

     1. Нэхэмжлэгч Ж.И нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/56 дугаартай “Сод Монгол Групп” ХХК-ийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 6712010904 дугаар бүхий 799,3 м.кв талбайтай гэрчилгээтэй газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана. Дахиж “Сод Монгол Групп” ХХК-ийн ШТС-89 колонкийн талаар маргаан гаргахгүй.

     2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь нэхэмжлэгч иргэн Ж.И-т өөрийх нь хүсэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газар нутагт түүний эзэмшлийн газрыг ижил өөр газарт нүүлгэн шилжүүлэх, эсхүл өөр газарт шинээр 1149.7 м2 газар олгохоор харилцан тохиролцов.

     3.Сод Монгол Групп ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/131 дүгээр захирамж хууль бусаар гарснаар “Сод Монгол Групп” ХХК-д 600.000.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас “Сод Монгол Групп” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлж, захиргааны зардлаар өөр газарт нүүлгэн шилжүүлэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгах” гэсэн бие даасан шаардлагаасаа татгалзана. 

     4. Мөрөн сумын Засаг дарга нь 2017 оны 7-р сарын 20-ны өдрийн А/131  захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 7-р сарын 16-ны өдрийн А/121 тоот “Газрын зориулалт өөрчлөх тухай” захирамжийг сэргээж, “Сод Монгол Групп” ХХК-ийн Шатахуун түгээх станц зориулалттай 798 м2 газар эзэмших эрх, газар ашиглах гэрчилгээг баталгаажуулна.

     5. Мөрөн хотын 2019 оны хот зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн Ж.И-т газар олголт хийх үүргийг Мөрөн сумын Засаг дарга хүлээнэ.

      6. Энэ гэрээ шүүхийн явцад талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд энэ гэрээний 1,2,3,4-т заасан үүргээ талууд бүрэн  биелүүлснээр нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нарын хүсэл зориг биелсэнд тооцож талууд эвлэрснийг гэрчилнэ.

     7. Талууд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, эвлэрлийг баталгаажуулснаар энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүх болон арбитрт маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал Ж.И үл маргах журмаар гэрээний 2-т заасан үүрэг шаардлагыг Шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

     8. Талууд эрх зүйн бүрэн чадамжтай болно” хэмээн дээрхи  нөхцлөөр эвлэрч, бичгээр гэрээ байгуулж шүүх хуралдаанд илэрхийлсэн болно. 

      Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдын эвлэрсэн тухай  дээрхи гэрээ нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4-т “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болох, шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгах, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор заасан, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д” Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл ... эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай  нийцэж байх тул хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, тэдний эвлэрлийг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болсон болно.   

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.И, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээд Сод Монгол Групп ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нарын эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Ж.И-ийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Г-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/56 дугаартай Сод Монгол Групп ХХК-ийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 6712010904 дугаар бүхий 799,3 м.кв талбай бүхий гэрчилгээтэй газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Сод Монгол Грүпп ХХК-ний “Мөрөн сумын Засаг даргын 2017 оны 07 сарын 20-ны өдрийн А/131дүгээр захирамж хууль бус гарснаар 600 000 000 /зургаан зуун сая/ төгрөгийн хохирлыг гаргуулж, захиргааны зардлаар өөр газарт нүүлгэн шилжүүлэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгах тухай” шаардлагатай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.И-т олгосугай. 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН