Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 111

 

Л.Хэрлэнцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2016/01016 дугаар шийдвэртэй,

 

Л.Хэрлэнцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон тус газрын харьяа Төв аймгийн Баян сум дахь Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс 1 485 121 төгрөг, илүү цагаар ажилласны хөлс 1 883 657 төгрөг, Эрүүл мэндийн тухай хуульд заасан гурван жил тутамд авах мөнгөн тэтгэмж гаргуулах тухай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Л.Хэрлэнцэцэг нь Төв аймгийн Баян сум дахь ШШГЕГ-ын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ШШГЕГ-ын даргын 6/397 тоот тушаалаар ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч байгаагүй учир ШШГЕГ-ын даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6/589 тоот тушаалаар ерөнхий эмчийн орон тоонд энгийнээр томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 32 өдөр амрахаар тушаал гарч ээлжийн амралтаа эдэлж байсан. Гэтэл энэ хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 17-нд ажлаас чөлөөлөх тушаал гарч ажлаа хүлээлгэн өгч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул ерөнхий эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж өгнө үү.

Албадан эмчилгээний газрын удирдлагад танилцуулж их эмчийг яаралтай томилуулах эсхүл ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл авах хүсэлт удаа дараа гаргаж байсны дагуу 2015 оны 5 дугаар сард тус эмнэлэгийн дэд дарга д/х Ц.Мэндсайхан албаны шалгалт хийж дүнг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн даргын зөвлөлийн хурлаар гишүүдэд танилцуулж, ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн цалин нөхөн олгох шийдвэр гаргаж 2016 оны 1 дүгээр сард 247 520 төгрөгийг авсан. 2015 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл хугацаанд ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс 1 485 121 төгрөгийг гаргуулна.

Сүүлийн 3 жилд буюу 2013 онд 351, 2014 онд 341, 2015 онд 268 өвчтөнг ажлын бус цагаар хүлээн авч, өвчний түүх нээж, эмнэлэгийн анхны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Архинд донтой өвчтэй этгээд нь архаг суурь өвчтэй, хордлого ихтэй, дэмийрэлтэй, унаж татсан байдалтай ирж эмнэлгийн тусламж авдаг. Эдгээр хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвхөн 2015 онд 338 цаг шөнийн цагаар буюу илүү цагаар ажилласан тул хөлс 1 883 657 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 3 жил тутамд нэг удаа 6 сарын, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно гэж заасан байдаг боловч энэхүү  мөнгөн тэтгэмж болон нэмэгдэл цалинг олгож байгаагүй тул сүүлийн 3 жилд нэг удаагийн 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:

Л.Хэрлэнцэцэг 2014 оны 4 дүгээр сард цэргийн албаны тэтгэвэрт гаргасан боловч дараагийн ерөнхий эмч ирээгүй байсан тул ШШГЕГ-ын даргад 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл гаргаж, шинэ эмчийг авах хүртэл түр хугацаагаар ажиллахаар тохиролцон, 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ШШГЕГ-ын Б/589 тоот тушаалаар Согтуурах мансуурах донтой эвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ерөнхий эмчээр томилсон. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/1032 тоот тушаалаар тус газрын ерөнхий эмчээр Түвшинжаргал томилогдож, Б/1031 тоот тушаалаар ерөнхий эмч Л.Хэрлэнцэцэгийг чөлөөлсөн.

Л.Хэрлэнцэцэг энэ шийдвэрийг зөвшөөрч ажлаа хүлээлгэн өгөөд сэтгэцийн эмгэг судлаач эмчээр ажиллах хүсэлт гаргасаныг даргын зөвлөлийн хурлаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж, хурлын тэмдэглэл болон холбогдох баримтыг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/644 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн.

Иймд ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Л.Хэрлэнцэцэг тушаал гардаж авснаас хойш 30 хоногь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн 2015 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл илүү цагаар ажилласан хөлс нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хөдөлмөрийн гэрээг тодорхойлсон.  Ажил олгогч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг хэлнэ гэж заасан тул Согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дарга нь түүний ажил олгогч биш. Ажил олгогч болох ШШГЕГ-ын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй.

Түүний ажилласан жилийг цэргийн албанд оруулан тооцож 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосон. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5 дахь хэсэгт тасралгүй ажиллаж байгаа гэж заасан. Гэвч Л.Хэрлэнцэцэг ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаа 3 жил хүрээгүй учраас 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч ШШГЕГ-ын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаартай Ажилд томилуулах тухай албан бичигт Л.Хэрлэнцэцэгийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ШШГЕГ-ын даргын Б/589 тоот тушаалаар их эмчээр энгийнээр томилон сарын цалинг нь төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-12-5 зэрэглэлд хамааруулж 530 116 төгрөгөөр тогтоож, дараагийн эмч томилогдох хүртэл хугацаагаар ажиллуулахаар тохиролцон ажиллуулж байгаад ажил олгогчийн санаачлагаар 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ШШГЕГ-н даргын Б/1031 тоот тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн.

Л.Хэрлэнцэцэг тушаал гардаж авснаас хойш 30 хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлд, эсвэл Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх байтал хуулийн хугацаа дууссан тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй хугацааны цалинг олгох эрх зүйн үндэслэлгүй. Мөн ажил хавсран гүйцэтгэсэний нэмэгдэл цалинг олгуулах тухай хүсэлтээ ШШГЕГ-т 2013 оны 3 дугаар сард гаргасан ба 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 36/1376 тоот албан бичгээр Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр баталсан Төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 5.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл цалин олгохыг хязгаарласан.

Иймд тухайн ажилтны ажлын үр дүнг харгалзан урамшуулал олгох асуудлыг өөрийн байгууллагын даргын зөвлөлийн хуралдаанаар 2013 оны төсөвтөө багтаан шийдвэрлэж болно гэсэн хариу ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга хурандаа М.Хуягбаатараас ирсэн тул даргын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний Б/17 тоот, 2014 оны 6 дугаар сарын 25-ны Б/27 тоот тушаалуудаар 1, 2 дугаар улиралд үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын ачаалал, идэвхи зүтгэлийг харгалзан сарын үндсэн цалингийн 30 хувиар 2 удаа шагнаж урамшуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар ажилтан албаны удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажил хавсран гүйцэтгэсний 40 хувиар цалин олгоно гэж тохироогүй тул Л.Хэрлэнцэцэгийн нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй. Согтуурах мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6/21 тоот тушаалаар 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 77 цаг илүү ажилласан хөлс нэг удаа олгохоор тушаал гарсан боловч тухайн жилийн буюу 2015 оны төсөвт уг мөнгө суугаагүй учир хойшлогдон, 2016 оны 1 дүгээр сард 247 520 төгрөг олгогдсон.

Л.Хэрлэнцэцэгийн 2015 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цагийн тооцоог алба хаагчдын цагийн бүртгэл болон харуулын рапортаас гаргаж үзэхэд нийт ажлын 165 өдөр өвчтэй, 13 өдөр чөлөөтэй, 4 өдөр ээлжийн амралттай, 22 өдөр буюу 5 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 22 цаг 40 минут ажилласан байна. Мөн 1 883 657 төгрөгөөс 247 520 төгрөгийг хасаад үлдэгдэл 1 636 137 төгрөгийг өгөх шийдвэр тушаал гараагүй тул олгох үндэслэлгүй. Тус байгууллагад тэрээр ерөнхий эмчээр цэргийн дэд хурандаа цолтой ажиллаж байгаад 2013 оны 4 дүгээр сарын 08-нд ШШЕГ-ын даргын Б/476 тоот тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарган, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон.

2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ШШГЕГ-ын даргын Б/589 тоот тушаалаар түүнийг их эмчээр энгийнээр томилж байсан, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл ажилласан хугацаа 2 жил 3 cap 15 хоног байгаа ба 3 жил болоогүй тул тэтгэмж олгох боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2015 оны 1 сараас 8 сар хүртэл хугацаанд ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс 1 485 121 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 1 883 657 төгрөг, Эрүүл мэндийн тухай хуульд заасан 3 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 851 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Хэрлэнцэцэгт олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-ийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн ШШГЕГ-ын даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/1031 тоот тушаалд архивын “хуулбар үнэн” тэмдэг дарсан байна. Иймд дээрх тушаалыг ажилтанд гардуулан өгсөн өдөр гэж үзэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэжээ.

Хуулийн дээрх заалтад ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ШШГЕГ-аас Л.Хэрлэнцэцэгт ажлаас халсан тушаалыг танилцуулаагүй атал шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Мөн хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогч ажлаас халагдсан өдөр нь тушаалтай танилцуулах үүрэгтэй, энэ үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр архиваас танилцсан тул хугацаа дууссан гэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-ийг буруу хэрэглэсэн. “...Ажилтан Л.Хэрлэнцэцэг нь ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс илүү цагийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдолоо гаргах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй байна. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр 2015 оны 1 сараас 8 сар хүртэл хугацаанд ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс 1 485 121 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 1 883 657 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” гэжээ.

Ажил олгогч нь Л.Хэрлэнцэцэгийн хүсэлтийг үндэслэн дээрх олговоруудыг олгохоор шийдвэрлэсэн байдаг бөгөөд тус хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан ч шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэгэнт шийдвэрлэсэн олговорт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болохыг шүүх харгалзан үзээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Л.Хэрлэнцэцэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон тус газрын харьяа Төв аймгийн Баян сум дахь Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 1 485 121 төгрөг, илүү цагийн хөлс 1 883 657 төгрөг, Эрүүл мэндийн тухай хуульд заасан мөнгөн тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/1031 тоот тушаалаар Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ерөнхий эмч Л.Хэрлэнцэцэгийг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

/хх 7-р тал/

 

Нэхэмжлэгч Л.Хэрлэнцэцэг дээрх тушаал үндэслэлгүй талаарх гомдлыг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчиж, уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн байна.

 

Тодруулбал Л.Хэрлэнцэцэг нь ерөнхий эмчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гарснаар ажлаа хүлээлгэн өгч, тус хорих ангийн Нэгдсэн эмнэлэгт сэтгэцийн эмгэг судлаач эмчээр ажиллах хүсэлт гаргасан, үүнийг Хорих 401 дүгээр ангийн даргын зөвлөлийн хуралдаанаар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “энгийнээр” уг орон тоонд томилуулах санал хүргүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20/3198 тоот албан бичгээр “Ахмад настан бэлтгэл дэд хурандаа Л.Хэрлэнцэцэгийг тус ангийн сэтгэцийн их эмчээр томилох боломжгүй” болохыг мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон тул шүүхэд гомдол гаргах хугацааг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг архиваас хүлээн авсан өдрөөр тооцох үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 2015 оны 1 дүгээр сараас мөн оны 8 дугаар сар хүртэл хугацаанд ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс, илүү цагаар ажилласны хөлс гаргуулах тухай шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүйг болон Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан мөнгөн тэтгэмжийг олгоход хамаарах урьдчилсан нөхцөл хангагдаагүй зэргийг шүүх холбогдох хуулийн зохицуулалттай нийцүүлэн зөв дүгнэсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Хэрлэнцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2016/01016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Хэрлэнцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 581 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА