Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 09

 

Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар, 

Яллагдагч Д.Д,

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаагийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр яллагдагч Д.Дд холбогдох эрүүгийн 1730001790142 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 1977 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5,  эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг, Орлойн 1-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ЛБ77101617/ Д.Д  

Д.Д нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “З” гэх газраас иргэн Г.Бгийн эзэмшлийн хураалттай байсан өвснөөс 140 боодол өвсийг хулгайлан авч, бусдад 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Прокуророос Д.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хавсарган, уг хүсэлтийг хангаж ялын санал, яллах дүгнэлтийг тус тус үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар захирамжаар:  Хохирогч Г.Б нь Сүхбаатар аймгийн Асгат суманд хадлан хадах зөвшөөрөлтэй эсэх, яллагдагч Д.Д нь уг гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан эсэх, бусадтай бүлэглэн үйлдсэн эсэхийг шалгалгүй орхигдуулсан. Хохирогчоор тогтоох тогтоол, хохирогчийн мэдүүлэг, яллах дүгнэлт зэрэгт хохирогч Г.Бгийн нэрийг Г.Бн гэж алдаатай бичсэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолд гэрч Б.Цын мэдүүлгийг дурдсан атлаа хэрэгт авагдаагүй, прокурорын тогтоолууд, яллах дүгнэлтэнд хохирлыг зөрүүтэй бичиж ирүүлснийг шалгаж, зөв тооцож ирүүлэх шаардлагатай, уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. 

Прокурор эсэргүүцэл, тайлбартаа: ... Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр хурлын зарыг утсаар мэдэгдсэн боловч урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүхээр хянан хэлэлцэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг үндэслэн хэргийг прокурорт буцааж, хуулийг буруу хэрэглэсэн. 

Яллагдагч Д.Д нь бусдын эзэмшлийн өвсийг хулгайлан авахдаа тээврийн хэрэгсэл ашиглан, бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй. 

Хохирогч Г.Б хадлан хадах зөвшөөрөлтэй эсэх нь хэрэгт хамааралгүй. Эрүүгийн 1730001790142 дугаартай хэргийг эрүүгийн 1730001550135 дугаартай хэргээс тусгаарлахдаа гэрч Б.А, Б.Ц нарын мэдүүлгүүдийг хуулбарлан авч хэрэгт хавсаргаагүй байсныг шүүхэд хэргийг шилжүүлснээс хойш мэдсэн ба уг нотлох баримтуудыг шүүх хуралдааны үеэр гарган өгч хэлэлцүүлэх бүрэн боломжтой. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” боломжийг зааж өгсөн байхад шүүх уг зохицуулалтыг хэрэглэлгүй, хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон. Шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хянан хэлэлцэлгүйгээр шүүгчийн захирамж гарган, хэргийг прокурорт буцаасан. 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Дд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Прокуророос Д.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хавсарган, уг хүсэлтийг хангаж ялын санал, яллах дүгнэлтийг тус тус үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Яллагдагч Д.Дд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хуралдаанаар шийдвэрлэж байхыг цаашид анхаарах нь зүйтэй байна. 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх 

хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Дд холбогдох, эрүүгийн 1730001790142 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД         Б. ДЭНСМАА

                                                                  С.ОЮУНТУНГАЛАГ