Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01632

 

Ц.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00511 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1140 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ц.Н

         Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

         Гэрээнээс татгалзсаны үр дагавар болон хохиролд 52,7 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн өмгөөлөгч Э.У хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ж, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбартаа:  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхрын автомашины 9 тоот зогсоолыг худалдаж авахаар автозогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг 2012-11-20-ны өдөр С ХХК-тай байгуулсан. Гэрээний 2.1-д зааснаар авто зогсоолын үнэ болох 29,000 ам.долларыг 2012-11- 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэтэл гүйцэтгэгч тал автомашины 9 тоот зогсоолыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх болон эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй хохироосоор байна. Энэ талаар удаа дараа шаардсан боловч бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна. Хариуцагчийн хууль болон гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө зөрчигдөн өмгөөлөгч 500,000 төгрөгөөр хөлсөлсөн. Иймд  гэрээг цуцалж, авто зогсоолын үнэ 52,2 сая төгрөг, өмгөөллийн зардал 500,000 төгрөг, нийт 52,7 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Ц.Н нь Пийс Тауэр ХХК-аас оффис үйлчилгээний талбай захиалан, гэрээ байгуулсан. Тухайн үед С ХХК-ийн санхүүгийн ажилтан гэрээгээр хүлээсэн үүрэг болох алдангийг 50 хувиас хэтрүүлэн Ц.Нэд төлсөн байдаг ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлд дурдсан В1 давхрын 9 тоот зогсоолын мөнгийг үйлчилгээний талбайн алдангид суутгаад дээрх талбайн хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Иймд нэхэмжлэгчийн шаардсан 52,7 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл нь огт үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00511 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар С ХХК-с 52,2 сая төгрөг гаргуулж  Ц.Нэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 418 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нэд олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1140 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч  хяналтын гомдолдоо:  Ц.Н, С ХХК-ийн хооронд 2012-11-20-ны өдөр автозогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр автозогсоолыг 2-р улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Энэ гэрээг 2012-11 сард буюу 4-р улиралд байгуулсан гэрээгээр 2-р улиралд багтаан хүлээлгэн өгнө гэх ойлголт байхгүй. 2013 оны 2-р улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Төлбөрийг ч энэ хугацаанд хийсэн. Улсын комисс уг барилгыг 2013 оны 2-р улиралд буюу 2013-07-23-нд байнгын ашиглалтад хүлээн авсан нь тухайн комиссын актаар нотлогддог. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол зүйл автозогсоол. Тэгвэл нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дүнд 2014 онд маргаан бүхий зогсоол бусдын өмчлөлд шилжсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Хожим шүүхэд нэхэмжлэл гаргахдаа С ХХК хугацаандаа гараашийг хүлээлгэн өгөөгүйгээс гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч гэрээнээс хэрхэн татгалзсан болоод гэрээ татгалзсантай холбоотой үүргийг ямар хугацаанд гүйцэтгэх ёстой гэдэг талаар зөв дүгнэлт хийгээгүйгээс Иргэний хуулийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас шаардаагүйгээс гадна гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзах зохицуулалт болох Иргэний хуулийн 205.7-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой үүргийг талууд нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэсэн зохицуулалтад хамаарна. Энэхүү зохицуулалт нь Иргэний хууль дахь гэрээний эрх зүйн бүлэгт хамаарах тул Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна. Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлд хамааруулан шийдвэрлэхдээ гэрээний нэг тал үүрэг зөрчсөн байдал нотлогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Хавтаст хэрэгт хариуцагчийн зүгээс төлбөрийг өөр үүрэгт шилжүүлэн тооцсон гэсэн тооцоолол бүхий бичгийн баримтыг гаргаж өгсөн. Энэхүү баримтыг Ц.Н өөрийн гараар бичсэнээс гадна тэрээр бусад худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахын тулд маргаан бүхий гэрээгээ татгалзан, түүний төлбөрийг өөр гэрээний үүрэгт шилжүүлэн тооцож дуусгасан болохыг гэрч н.Ариунаа нотолсон. Гэтэл дээрх гар бичмэл бүхий баримтын эргэлзээг арилгаагүй нь ИХШХШТХ-н 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.Н 2016-11-03-ны өдөр С ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, автозогсоол худалдах-худалдан авахад төлсөн 52,200,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөг нийт 52,700,000 төгрөг шаардсан /хх 1/ байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаж, “...төлбөрийг буцааж төлсөн...” гэсэн тайлбар /хх 14/ өгчээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 52,200,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

        Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

        Нэхэмжлэгч нь 2012-11-20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхарт 9 тоот автозогсоолыг 29,000 ам.доллараар худалдах-худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

         Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.     

        Зохигч нарын  хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг талуудын хэн аль нь шаардах, гэрээнээс татгалзах, цуцлах эрхтэй юм.

        Ц.Н нь гэрээний дагуу 29,000 ам.доллар төлсөн боловч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхарт 9 тоот автозогсоолыг хариуцагч хүлээлгэн өгөөгүй тул худалдан авагч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.   

        Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.      

        Шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00511 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1140 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 418,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                             ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ