Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 5818

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, “Таван-Эрдэнэ” ХХК-ийн байранд байрлах, “Жи Энд Эр” ХХК /РД: 2066998/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 15 дугаар байр, 94 тоотод оршин суух, Халх овогт Гантөмөрийн Ганболд /РД: ЧК65120816/-д холбогдох,

 

“Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Алтангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагч Г.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК-ийн төлөөлөгч Р.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь анх 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компанийн 100 хувийн хувьцааны Р.Аптансүх, Р.Аптанцэцэг, Р.Алтангэрэл нар 50 хувийг, нэгдмэл сонирхол бүхий Б.Гантөмөр, Г.Ганбат, Г.Ганболд, Ш.Нямаа нар 50 хувийг тус тус эзэмшиж байгаа. Компанийн гүйцэтгэх захирлыг 2009 он хүртэл Г.Ганбат, 2009 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигч Г.Ганболд тус тус гүйцэтгэж байсан. Г.Ганбат нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа өөрийн ажил үүргээ шударгаар гүйцэтгэх, компанид үнэнч байх, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр компанийн үндсэн хөрөнгийг дур мэдэн бусдад барьцаалах, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хэлцлийг байгуулах зэргээр хууль бус үйл ажиллагааг явуулж компанид нийт 319 805 252 төгрөгийн хохирол учруулсан. Улмаар түүний төрсөн ах Г.Ганболд нь мөн 2009-2010 хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа гүйцэтгэх удирлагын эрх үүргээ хууль болон дүрэмд зааснаар биелүүлж байгаагүй бөгөөд компанийг төлөөлөх эрхгүй болсон үедээ буюу 2013 онд дээр дурдсан компанийн хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийвэрийн гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хаалгаж мөн л компанийн хууль ёсны ашиг сонирхолын эсрэг хохиролтой үйл ажиллагаа явуулсан. Ийнхүү 2005 оноос хойш ах, дүү хувьцаа эзэмшигчид, нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдийн бие биенээ хайцаалсан хууль бус үйл ажиллагааны улмаас компани болон компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, “Жи Энд Эр” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зогсон, өнөөдрийг хүрч байна. Үүгээр зогсохгүй 2011 онд батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэн баталж бүртгүүлэх, Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох зэрэг зайлшгүй шаардлагаас хамааран хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагатай байхад Г.Ганболд нь хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулдаггүй. Бусад хувьцаа эзэмшигч нарын зарласан хуралд ирдэггүй, хуульд заасан журмын дагуу удаа дараа мэдэгдэхэд Г.Ганболдын нэгдмэл сонирхол бүхий дээрх 50 хувийн хувьцаа эзэмшигчид хуралд ирэхгүй байх, ирсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг орхиж гарах зэргээр хувьцаа эзэмшигчдийн хурал, компанийн үйл ажиллагааг илт үл тоомсорлосон байдлаар ханддаг байсан. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар зар, мэдэгдэх хуудсыг хувьцаа эзэмшигчдийн гарт нь болон гэр, ажлын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, олон нийтийн өдөр тутмын сонинд зар байршуулан хүргүүлж ажилласан боловч ирээгүй бөгөөд үүнээс хойш хурлыг хойшлуулан 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус тус нийт 6 удаа хуралдуулахаар хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд боломжит бүхий л хувилбараар хүргүүлсэн боловч  Б.Гантөмөр, Г.Ганбат, Г.Ганболд нар хуралд ирэхгүй гэсэн бичиг ирүүлсэн бол хувьцаа эзэмшигч Ш.Нямаа нь огт холбогддоггүй, сураг чимээгүй алга болдог. Тиймээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр хойшилсон хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 016/01 дугаар тогтоолын хавсралтаар “Жи Энд Эр" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, мөн өдрийн 016/02 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлаар Р.Алтангэрэл намайг томилж шийдвэрлэсэн. Үүний дагуу миний бие компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн удирдан зохион байгуулахад шаардагдах компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оноос хойш хадгалж байгаа Г.Ганболд болон нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигч Г.Ганбат, Б.Гантөмөр, Ш.Нямаа нараас шаардан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус тус хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолыг хавсарган мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т "Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна", мөн зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж тус тус заасны дагуу “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг хувьцаа эзэмшигч Г.Ганболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Алтангэрэл гэгч нь “Жи энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. “Жи энд Эр” ХХК нь түүний хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг 2 гэр бүл /Раднаа агсаны гэр бүл буюу Раднаа агсан болон түуний хүү Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг, нэг талаас Б.Гантөмөр болон түүний хүү Г.Ганболд, Ганбат, бэр Ш.Нямаа нар нөгөө талаас/-ийн эзэмшлийн компани бөгөөд 2010 оноос хойш тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлаараа санал нэгдэж чадахгүй байгаагийн улмаас хурлаа Компаний тухай хуульд нийцүүлэн хийж чадахгүй, 1996 оноос хойш компаний дүрмээ шинэчлэн баталж чадахгүй 20 жил болж байгаа компани юм. Бид компаний 50 хувийг эзэмшигч нөгөө талдаа компаний хувьцаа эзэмшигчдийн хурлаар компаний шинэчилсэн дүрмийн төсөл, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны шийдвэр болон нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч бидний удаа дараа тавьж буй саналын дагуу сүүлийн жилүүдийн ногдол ашгийн тухай асуудал, компаний 2010 оноос хойшхи үйл ажиллагаа компаний нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох манай гэр бүлийхний оролцоогүйгээр явагдаж ирсэн байдлыг харгалзан хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө компанийн санхүүгийн сүүлийн 5 жил /2010 он болон түүнээс хошихи/-ийн анхан шатны баримт бичигтэй танилцах боломжийг олгохыг хүсэхийн зэрэгцээ, санхүүгийн жилийн тайлан бус сүүлийн 5 жилийн тайлан зэргийг хэлэлцүүлэх саналыг удаа дараа тавьсан боловч тэд энэхүү саналыг хүлээн авахгүй байгаагаас үүдэн бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгэхээс татгалзаж байсан юм. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэгдмэл сонирхолтой ах дүү 3 хуралдаж, компаний дүрмийг батлах, гүйцэтгэх захирал томилох зэрэг асуудлыг дангаараа шийдвэрлэж байгаа нь Компаний тухай хуулийг зөрчиж байгаа төдийгүй тэдний хийсэн энэхүү хууль бус хурлаас гарсан шийдвэрүүд улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны болох боломжгүй юм. Ийнхүү тухайн хурлаар баталсан компаний дүрэм, гүйцэтгэх захирлын өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдэн албажаагүй тул Р.Алтангэрэлийг “Жи Энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй захирал гэж үзэх боломжгүй байна. Иймд төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр төлөөлөх эрхгүй этгээдэд компаний гэрчилгээ, тамгыг шилжүүлэн өгөх боломжгүй бөгөөд энэ асуудал өмнө нь 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 болон 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу. Нэхэмжлэгчийн энэ удаагийн тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг компани шүүхээр шийдвэрлүүлэх бус хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдвэрлэх ёстой бөгөөд Р.Алтангэрэл нар компаний 50 хувийн хувьцааг эзэмшигч бидэнд хүндэтгэлтэй хандаж, тэдний зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр тавьж буй асуудлыг хүлээн авсан нөхцөлд компаний үйл ажиллагаа гацаанаас гарах боломжгой гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК нь хариуцагч Г.Ганболдод холбогдуулан, “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хувьцаа эзэмшигч Г.Ганболдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх тамга, тэмдэг, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулах шаардлагын үндэслэл нь хариуцагчийн хууль бус эзэмшил болж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...Р.Алтангэрэл нь “Жи Энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд, ... “Жи Энд Эр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нарын 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хурал нь компанийн тухай хуулийг зөрчсөн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 759 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 581 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 574 дүгээр тогтоолоор хариуцагч Г.Ганболдыг “Жи Энд Эр” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу гүйцэтгэх захирлын үүрэг дуусгавар болсныг тогтоож, дараагийн гүйцэтгэх удирдлага шинээр сонгогдох хүртэл тухайн компанийн тамга, тэмдэг, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг хувьцаа эзэмшигч нарын хэн ч ашиглах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу хариуцагч Г.Ганболдын “Жи Энд Эр” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх буюу  гүйцэтгэх захирлын үүрэг дуусгавар болсон, “Жи Энд Эр” ХХК нь 8 гишүүнтэй, 50 хувийг нэгдмэл сонирхол бүхий Р.Раднаа, Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг гэсэн эцэг хүүхдүүд, үлдэх 50 хувийг нэгдмэл сонирхол бүхий Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр, Ш.Нямаа гэсэн ах дүү эзэмшиж байсан талаар дүгнэлт хийж шаардлаггүй байна. Хувьцаа эзэмшигч Р.Раднаа 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барж, түүний эзэмшиж байсан “Жи Энд Эр” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмших эрхийг Р.Алтангэрэл 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өвлөсөн байна.

 

“Жи Энд Эр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хурлаар компанийн дүрмийн өөрчлөлтийг батлах, гүйцэтгэх захирлыг томилох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн гүйцэтгэх удирдлагын дүгнэлтийг батлахаар тогтсон байна. Уг ээлжит бус хурлын товыг хувьцаа эзэмшигч Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр нарт хүргүүлсэн боловч тэдгээр нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус хуралд оролцох боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. Ийнхүү, “Жи Энд Эр” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр товлосон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирц Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т заасан буюу саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувьд хүрээгүй тул хурлыг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулсан байх бөгөөд хэлэлцэх асуудал өөрчлөгдөөгүй байна. Улмаар 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит бус хурлын товыг хувьцаа эзэмшигч Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр нарт хүргүүлсэн боловч тэдгээр нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мөн тус хуралд оролцох боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

 

Нөгөөтэйгүүр, талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байх бөгөөд “Жи Энд Эр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон, товыг бусад саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нар болох Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр, Ш.Нямаа нарт мэдэгдсэн нь баталгаат шуудан болон сонингийн хайчилбараар тус тус нотлогдож байна.

 

Хойшилсон 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуралд саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нар болох Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр, Ш.Нямаа ирээгүй тул бусад саналын эрхтэй хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар хуралдаж, дүрмийг шинэчлэн баталж, мөн гүйцэтгэх захирлаар Р.Алтангэрэлийг сонгосон байна.

 

Ээлжит бус хурлыг товлон хуралдуулах, зарыг бусад саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх, хурлыг хойшлуулан дахин товлон зарыг мэдэгдэх, түүнчлэн хойшилсон хурлыг анх тогтоосон хэлэлцэх асуудлын хүрээнд шийдвэрлэсэн үйл явдал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд харшлаагүй байна. Өөрөөр хэлбэл, хойшилсон хуралд саналын эрхтэй хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар оролцож, компанийн шинэчлэсэн дүрмийг баталж, гүйцэтгэх захирлыг томилсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх заалт болон тус компанийн 1996 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн “...Р.Алтангэрэл “Жи Энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь уг шийдвэрийн талаар шүүхэд сөрөг шаардлага гаргаагүй байхаас гадна шүүх хуралдаанд “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг өөрт нь хадгалагдаж байгааг үгүйсгээгүй байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй тул хариуцагч буюу хувьцаа эзэмшигч Г.Ганболдоос компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг шаардан гаргуулах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Ганболдоос “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасныг баримтлан хариуцагч Г.Ганболдоос “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН