Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/276

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням

Шүүгдэгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ш-т холбогдох эрүүгийн 1921003620291 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймгийн 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 47А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ..... овогт Ш. /РД: ............./

Шүүгдэгч Ш нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт хуурайшилт ихтэй, салхины хурд ихтэй үед гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж “Хьюндэй Трак” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан хуурай өвсийг цэвэрлээгүй, мөн халсан янданг хуурай өвстэй ойр байлгасны улмаас тус яндангаас цонолт өгч гал гарч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 9984,6 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 61.325.413 төгрөгийн буюу их хэмжээний шууд хохирол, уг түймрийг унтраахад 950838 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгаас Дорнод аймагт ирсэн. Миний машины яндангийн халалтаас болж түймэр гаргасан. Түймэр гарсан даруй Онцгой бадлын алба дуудаж, авах ёстой арга хэмжээг авсан боловч салхи ихтэй байсны улмаас галыг унтрааж чадаагүй...гэв.

Иргэний нэхэмжлэгч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг хээрийн түймэр 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд гарсан гэх мэдээлэл нь засаг дарга С.*******т аймгийн Онцгой байдлын газраас ирсэн байсан. Би уг хээрийн түймэрт сумаас түймэр унтраах 3 дугаар ээжлийн хүмүүстэй очсон. Энэ түймэр нь Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт гарсан. Энэ нутаг нь Цагаан-Овоо сум, Баянтүмэн сумын хилийн зааг нутаг байгаа юм. Уг хээрийн түймэр нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд анх гараад 19 цагийн орчимд унтарсан. Түймэр унтарсны маргааш нь манай сумын газрын даамал *******, багийн засаг дарга С.*******, сумын цагдаа *******, байгаль хамгаалагч М.******* нарын бүрэлдэхүүнтэйгээр хэмжилт хийхээр явсан. Уг ажлын хэсгийн зураглалд зөвхөн манай сумын нутаг дэвсгэрт гарч манай сумын нутаг дэвсгэрт унтарсан байсан. Тухайн өдөр их хүчтэй салхитай өдөр байсан. Түймэрт өртсөн хүн, мал, эд хөрөнгө байхгүй. Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 9984,6 га газрын хээрийн талбайг шатааж 62.051.051 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс гал түймэр унтраахад гарсан зардал 725.638 төгрөг болсон. Түймэр гаргасан Ш нь түймэр унтраахад гарсан зардал 725.638 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шатсан талбайд өвс ногоо ургаж сэргэсэн...” гэжээ. /хх-ийн 20-24 тал/

Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Баян-Уул суманд оршин суудаг бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад нутгийн дүү Ш гэх залуу манайд ирээд “Хоёулаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу явж хадлан хадаад үлдээсэн 2 ширхэг тракторыг аваад ирье, та надтай хамт яваад ирэх боломж байна уу” гэж асуухаар нь би зөвшөөрч Сүхбаатар аймгаас Дорнод аймаг руу Шын эзэмшлийн том ачааны машинаар хөдөлсөн. 2019 оны 05 дугаар сарын 08-ны 11 цагийн орчимд Дорнод аймгийн трактор байгаа гэх газраа ирсэн. Тэгээд трактороо данхраадаад машиндаа ачих гэж байхад машины яндангийн доороос гэнэт гал гарсан. Тухайн үед өвс нь хуурай, салхи их хүчтэй байсан болохоор гал маш хурдан тархсан. Ш бид хоёр хуурайшилтын үед хайхрамжгүй байдлаасаа болоод түймэр тавьсандаа харамсаж байна...” гэжээ. /хх-ийн 31 тал/

 Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2013 онд Баянтүмэн сумын 4 дүгээр багийн засаг даргын ажлыг хүлээж авахад “*******” гэх газар нь манай сумын баруун хойд хэсгийн хилийн цэг гэж хүлээж авсан. Монгол Улсын газрын зурганд “*******” гэх газар нь манай сумын нутаг дэвсгэрт орсон байдаг. 2018 оны 08 дугаар сараас Цагаан-Овоо сумынхан зөвшөөрөлгүй хадлангийн салаад манай багийн “*******” гэх газар руу гаргасан. Үүнээс болж Цагаан-Овоо сум болон манай сум нь дээрх газрын манай, танай гэж маргах болсон. Аймгийн газрын албаны мэргэжилтнүүд уг газарт очиж хэмжилт хийгээд манай Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр гэж тогтоож өгсөн юм. ...Бид түймэр анх гарсан цэг дээр очиход манай багийн “*******” гэдэг газрын зүүн хойд хэсгээс гарсан байсан. Бид нар шатсан талбайг хэмжихэд 9984,6 га газар шатсан байсан. Бид шатсан талбайг тэр чигт нь хэмжсэн. Хэмжилт хийж байхад газрын даамал ******* нь өөрийн хэмжигч багажаар байнга хэмжиж цэг авч явсан. Тэгэхэд Цагаан-Овоо сумын нутаг ороогүй гэж хэлж байсан. Мөн бид нар сансрын зургийг авч хараад нягталж үзэж шалгасан...” гэжээ. /хх-ийн 34-35 тал/

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 046/018 тоот дүгнэлтэд:

Хариулт-1: Уг хээрийн түймэр нь иргэн Шын эзэмшлийн “Hyundai Truck” маркийн ачааны ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсож байсан газраас гарсан байх магадлалтай байна.

Хариулт-2: Уг хээрийн түймэр нь иргэн Шын эзэмшлийн “Hyundai Truck” маркийн ачааны ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн яндангаас хуурай өвсөнд цонолт өгч уг хээрийн түймэр гарсан байх магадлалтай байна гэжээ. /хх-ийн 40 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 тал/

- Гэрч Н.*******гийн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/

- Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт №1 /хх-ийн 66-67, 87-88 тал/

- Түймэр гарсан галыг унтраахад оролцсон иргэдийн цалин, шатахуун, хүнсний зардал /хх-ийн 68-70, 72-75 тал/

- Шүүгдэгч Ш-ын зүгээс түймэр унтраахад гарсан зардлыг төлсөн баримтууд /хх-ийн 89-90 тал/

- Ш-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-30, 48-50 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ......... овогт Ш нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт хуурайшилт ихтэй, салхины хурд ихтэй үед гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж “Hyundai Truck” маркийн ******* СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан хуурай өвсийг цэвэрлээгүй, мөн халсан янданг хуурай өвстэй ойр байлгасны улмаас тус яндангаас цонолт өгч гал гарч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 9984,6 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 61.325.413 төгрөгийн буюу их хэмжээний шууд хохирол, уг түймрийг унтраахад 950838 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э, гэрч М.*******, С.*******, Н.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт №1, шүүгдэгч Шын зүгээс түймэр унтраахад гарсан зардлыг төлсөн баримтууд, Дорнод аймгийн Онцгай байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 046/018 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш-ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 61.325.413 /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ш-ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 61.325.413 /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Ш-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Дорнод аймгийн Баянтүмэн сумын 9984,6 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 61.325.413 төгрөгийн буюу их хэмжээний шууд хохирол, уг түймрийг унтраахад 950.838 төгрөгийн шууд бус хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь түймрийг унтраахад гарсан зардал болох 950.838 төгрөгийг төлсөн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан байх тул шүүгдэгч Ш-аас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 61.325.413 төгрөгийн хохирлыг гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ш-ын .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт Ш-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, 61.325.413 /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ш-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-аас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 61.325.413 /жаран нэгэн сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түймрийг унтраахад гарсан зардал болох 950.838 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ш-ын ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ