Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 770

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч Ц.А, С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А, С.Д нарт холбогдох эрүүгийн 1905045201148 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст татварын байцаагч ажилтай, ам бүл 0, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Жаргалантын 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0-00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Ж овогт Ц-гийн А /00: 0000000000/.

2. Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний үйлдвэрийн инженер мэргэжилтэй, Скай караокед бармен ажилтай, ам бүл 0, ээж, 0 дүүгийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хорооллын Өргөө 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт С-ын Д-ын /00:00000000 /

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А, С.Д нар нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” караокед тооцооноос болж хоорондоо маргалдан харилцан бие биеийнхээ биед халдан, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр салсан нөхөртэйгөө уулзаад улмаар “Скай” караоке ороод 0 шил сэнгүр, 0 шил хайнэкэн пиво авсан. Уг караокений меню нь зөрүүтэй байсан. Мөн караоке нь ажиллахгүй сайн дуулж болохгүй байсан. Би караоке чинь ажиллахгүй байна гэхэд караокены мөнгө авахгүй гэсэн. Авсан пивоо уучихаад гарах гэтэл 0 цаг караокений мөнгө нэхснээс болж маргаан үүссэн. Үйлчилгээний байгууллага байж үйлчлүүлэгчээ хэл амаар доромжилсон. Улмаар Д нь намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдсэн. Гэтэл гаднаас уг караокений захирал гээд согтуу залуучууд орж ирээд намайг мөн доромжилсон. Миний нүүр хөхөрч, гар утас хагарсан, монетон ээмэг маань алга болсон. Надад учирсан гэмтлийг энэ охин учруулсан. Мөн Д-д гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна...” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д мэдүүлэхдээ: “...0000 оны 00 дүгээр сарын 00-ны шөнө 00 цаг өнгөрч байхад А нь манай караокед орж ирээд “өрөө байна уу” гэсэн “цагийн 00.000 төгрөгийн өрөө байна” гэхэд орье гээд орсон. Орж ирээд пиво захиалсан. “Меню нь дээр хайнэкэн 0.0 л гэж бичигдсэн боловч зарагдаж байгаа нь 0.00 л байна” гэхэд А нь манай зөөгчийг загнаад меню шидсэн гэж хэлсэн. Улмаар тооцоон дээрээс болж маргалдсан. Намайг хэл амаар доромжлоод миний үснээс зулгаагаад нүүр самардаад, толгой руу цохисон. Тэр захирал гээд байгаа хүмүүс манайд байнга орж ирдэг үйлчлүүлэгчид бөгөөд тухайн үед намайг өмөөрсөн юм. Би гомдолтой байна. Нүүрэн дээрх соривоо л арилгуулах хүсэлтэй байна. Гэм буруугаа хүлээхгүй байна...” гэв.    

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Д-ын:

“...Би өргөө кино театрын зүүн талд байрлах “Скай” нэртэй караокед бармен хийдэг юм. 0000 оны 00 дүгээр сарын 00-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай караокед нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр караокены өрөө асууж орж ирсэн. 0 шил хэйнэкэн пиво захиалаад 0 цаг дуулна гэсэн. Манай караокены өрөө асууж орж ирсэн. 0 цаг 00.000 төгрөгийн өрөөнд орсон. Тэр хоёр хүн 0 сэнгүр пиво, 0 шил хэйнэкэн пиво литр гэж бичсэн боловч манай 0.0 литрийн хэйнэкэн пиво зардаггүй, 0.00 литрийн хэйнэкэн пиво зардаг талаар зөөгч Эрдэнэням хэлсэн боловч караокены өрөөнд байсан эмэгтэй уурлаад менюгээ манай зөөгч рүү шидсэн. Уурласан хэдий ч захиалсан зүйлээ авч уусан. Үүнээс 00 орчим минутын дараа дахиад 0 шил пиво захиалаад дуулж эхэлсэн. Манай караокены тохиргоо нь автоматаар дуу нь талдаа ороод болиод байсан учир тэр хоёр хүний орсон өрөөний караокены машиныг зөөгч явуулж янзлуулсан. Зөөгч Э над дээр ирээд тэр өрөөнд орсон эгч орох болгонд загнаад янз бүрээр хэлээд байна гэсэн. Би тэгэхээр нь зөөгч Э караокены цагийн мөнгө авч хэрэггүй. Уусан зүйлийнх нь мөнгийг аваад гаргачих гэж хэлсэн. 0 цаг орчмын дараа нөгөө хоёр хүн орсон өрөөнөөс гарч ирсэн. Манай зөөгч тооцооны хуудсан дээр 0 цаг бичсэн байхаар нь би зөөгч Э-ээс “0 цаг дуулсан юм уу, 0 цаг дуулсан юм уу” гэж асуусан чинь тэр эгч “чи юу яриад байгаа юм. 0 цаг дуулсан. Чи надаас илүү мөнгө авах гэлээ танай байгууллага ямар асуудалтай юм бэ, ажилчид нь хүртэл асуудалтай” гэхээр нь би учирлаад хэлтэл намайг хэл амаар доромжилж тооцоогоо хийхгүй гэж дайрсан. Тэгсэн тэр эгчтэй хамт явсан ах “картаар тооцоогоо хийнэ” гэхээр нь би тэр ахын картыг авч 00.000 төгрөг уншуулсан. Тэгтэл тэр эгч “би танайд бүтэн тооцоо хийхгүй. Танайд бараг дуулаагүй” гээд намайг “гичий, янхан” гээд доромжлоод байсан. Тэгтэл тэр эгч утсаа гаргаж ирээд “би танайхыг бичнэ. Бичлэг хийж тавьдаг газар нь тавина” гэхээр нь би тэр эгчийн утсыг гараас нь булааж аваад тэк нь дээр өөрийнх нь урд тавьсан чинь тэр эгч тэр эгч намайг хоёр гараараа үсдэж зулгаагаад намайг тэк нь дотроос гаргаад ирсэн. Тэгтэл тэр эгчтэй хамт байсан ах миний нэг гараас барьж салгах гэж оролдсон. Миний нөгөө гар тэр эгчийн үстэй орооцолдсон чинь нөгөө эгч миний нүүрийг 0-0 газар хумсаараа маажсан. Энэ үед манай зөөгч Э гарч ирж салгасан. Би эхлээд нүүрээ харалгүй “наад хүмүүсээ гарга” гэж Э-д хэлээд толинд нүүрээ хартал 0 газар хумсны сорви болсон. Миний хүзүү цээж хэсэгт хумсны сорви болсон байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд тэр эмэгтэй бид хоёрыг аваад эрүүлжүүлэх рүү явсан. Очоод тэр эмэгтэйг эрүүлжүүлэхэд хийсэн. Тухайн өдөр текний камерыг захирал Т янзлуулах гээд аваад явсан байсан учир камер байгаагүй. Анх томографикт зураг авхуулсан. Толгойгоо хэд хэдэн удаа бариулсан. Нэмж өгөх эмчилгээний барим  байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-21-23, 24-25-р хуудас/,

2. Хохирогч Ц.А-ын:

“... “Скай” караокены бармен эмэгтэй миний гар утсыг булааж аваад намайг үсэдсэн. Тэгээд би тэр эмэгтэйг зөрүүлээд үсэдсэн. Энэ үед тархи доргисон. Тэр эмэгтэй караокены текнийхээ цаана зогсож байсан учир нааг цааш таталцах үед баруун шуу болон даланд гэмтэл үүссэн. Эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээний баримт байхгүй. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эм авч уусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

3. Гэрч Э.Э-ын:

“... Нөгөө эмэгтэй нь Д-ыг үсдэж, нүүрнээс маажсан. Тэр хоёрыг би голоор орж салгахад Дарьдулам нүүрээ маажуулсан уйлаад сэгсийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

4. Гэрч С.О-гийн:

 “...Тухайн өдөр салсан эхнэр болох А бид хоёр уулзаад хамт хороололд өргөө кино театрын баруун талд байдаг караокед орсон. Караокед ороод 0 шил пиво уусан. Караокед сууж байгаад дуусаад тооцоо хийх гээд караокены текин дээр байж байгаад илүү мөнгө авч байна гэж нэг эмэгтэйтэй маргалдсан. Тэгээд А гар утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ гэсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь А гар утсыг булаагаад авсан. Тэгээд маргалдаж байснаа хоорондоо үсдэлцээд авсан. Тэгээд тэнд байсан зөөгч залуу бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд А-тай маргалддаг эмэгтэйгийн нүүр маажигдсан. А үс нь сэгсийсэн байсан. Тэгээд А цагдаа дуудсан. Цагдаа ирээд А-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 00 дүгээр сарын 00- ний өдрийн 00000дугаартай:

“...С.Д-ын биед зүүн доод зовхи, хацар, хамар, өвчүүний хэсэгт зулгаралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00000 дугаартай:

“...Ц.А-ын биед тархины доргилт, баруун гарын шуу, зүүн далны гадна доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,

7. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 58-61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.А, С.Д нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.А, С.Д нар нь хоорондоо маргалдан, харилцан бие биенийхээ биед халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 0 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.А, С.Д нар нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны шөнө 00 цагийн орчим Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” караокед тооцооноос болж хоорондоо маргалдан харилцан бие биеийнхээ биед халдан, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч С.Д-ын мэдүүлэг /хх-21-23, 24-25-р хуудас/, хохирогч Ц.А-ын мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Э.Э-ын мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, гэрч С.О-гийн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 00 дүгээр сарын - ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 58-61-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Д нь “би Ц.А-д гэмтэл учруулахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй” гэж гэм буруугийн талаар маргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.А, С.Д нар нь хоорондоо тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, үг хэлээр доромжлох байдлаар бие биедээ халдаж үснээс зулгаах, хумсаараа маажих зэргээр харилцан зодолдсон байх ба, уг зодооны улмаас харилцан бие биеийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогджээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.А, С.Д нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.А, С.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын хэн хэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба С.Дарьдулам нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршигт үзлэг оношлогоо хийлгэсэн төлбөр 000.000 төгрөгийг гаргуулахаар нотлох баримт гаргаж өгсөн, энэ баримт нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Ц.А-аас 000.000 төгрөг гаргуулж, С.Д-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Харин Ц.А, С.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзав.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.А, С.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 0 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905045201148 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, С.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт Ц-гийн А, М овогт С-ын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

- шүүгдэгч С.Д-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, С.Д нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-аас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А, С.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, С.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Амаржаргал, С.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А С.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ