Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 776

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны ‘’Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С.Т-д холбогдох эрүүгийн 2005022831218 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24 -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 6, ах, эгч, дүү, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 000-н 0-000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б овогт С-гийн Т /00: 0000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч С.Т нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххххх” гэх нэртэй худалдааны төв дотор иргэн Т.-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, уруул цээжний зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т  мэдүүлэхдээ: “...Хохирогч Г нь миний хүүхдийн эцэг Б-гийн гэрт хамт амьдарч байгаа. Би 0 сарын 0-нд хүндрэлтэй төрсөн. Намайг жирэмсэн байх үеэс эхлээд янз бүрээр доромжилдог байсан. Тухайн өдөр Г-тай уулзах гэж очсон. Хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.Г-гийн:  

“...0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Апекс худалдааны төв дотор лангуугаа ажлуулаад сууж байтал 00 цагийн орчим манай найз залуу Б-гийн уулздаг байсан эмэгтэй болох Т ирээд ямар ч үгийн зөрүүгүй миний үснээс зулгаагаад “Чи миний гэр бүлийг салгалаа” гээд орилоод байсан. Тэгээд лангууны барааг нураагаад “Б чамд хайргүй, чи янхан биеэ үнэлдэг, Б чиний мөнгөнд болдог” гэх мэтээр орилоод байсан. Т анх лангуу руу орж ирэхдээ намайг буруу хараад зогсож байхад миний толгой руу хатуу зүйлээр гараа атгаж байгаад цохисон байж магадгүй. Цохиод үснээс зулгаахад миний толгой манарсан.Тэгээд намайг үсдэж байхдаа миний хөл рүү өшиглөөд дайраад байсан, ерөнхийдөө байн байн үснээс зулгаагаад байсан. Уруул цээжний зулгаралт, баруун бугалга баруун гуяны цус хуралт гэмтлүүдийг Т намайг үснээс зулгаачихсан байхдаа гуя руу өшиглөөд хөхрүүлсэн, баруун бугалга руу гараа зангидаж цохиод бас хөхөрсөн, нүүр цээжийг хумсаараа маажихад зулгаралт үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

2. Шүүгдэгч С.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Б гэдэг хүнтэй 0000 оны 0 дугаар сараас 00 дугаар сар хүртэл хамт амьдарч байгаад Б гэр бүлээс гадуур Г гэдэг эмэгтэйтэй холбогдсоноос болоод бид тусдаа амьдрах болсон. 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Б гэр бүлээс гадуур Г гэдэг эмэгтэйтэй холбогдсоноос болоод бид тусдаа амьдрах болсон. 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Б-гийн хүүхдийг төрүүлээд утсаар надтай холбогдож байсан ба 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Г над руу 0 удаа залгасан байхаар нь би эргэж залгаад холбогдтол “Б чамайг төрөхөд очсон уу, чи хүүхдээ өгөх гэж байгаа юм уу” би Б-тай ямар ч холбоогүй” гэх мэтийн зүйл яриад байхаар нь би Б руу залгаад “над руу битгий Г-г залгуулаад бай” гэж хэлсэн. Тэгтэл Г над руу мессеж бичээд “би чамайг одоо дарамтална. Чи Б-д юу яриад байгаа юм би одоо жирэмсэн” гэж бичээд байсан. Тэгэхээр нь би уурандаа Г-гийн ажил дээр очоод маргаан үүсгэсэн. Тэгээд би Г-гийн үснээс зулгаатал зөрүүлээд миний үснээс зулгаагаад бид хоёр зууралдаж байхад миний цээжийг маажаад, гэдэс рүү өшиглөсөн. Би кесер хагалгаагаар төрсөн болохоор хагалгааны шарх эдгээгүй байсан. Би Г-д гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Үснээс нь зулгааж зууралдаж ноцолдсон. Тухайн үед би уурандаа биеэ барьж чадахгүй, бухимдаад үйлдлээ хянах чадваргүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай:

“...Т.Г-гийн биед тархи доргилт, уруул цээжний зулгаралт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч С.Т-гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

5. Хохирогч Т.Г-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Т-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Т-нь Т.Г-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч С.Т-нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххххх” гэх нэртэй худалдааны төв дотор иргэн Т.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, уруул цээжний зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Т.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

- Шүүгдэгч С.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00 ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч С.Т-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч  Т.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч С.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч С.Т-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Т-нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 0000 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 227 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч С.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

-       Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005022831218 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.Т-г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

1. Б овогт С-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч С.Т-г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ