Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5952

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Эрдэнэ сум, Улаан-Уул багт оршин суух, Давааням овогт Бөндөнгийн Энхмаа /РД: ЕН71112308/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, УБТЗамын удирдах газрын байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Хатанзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 3 дугаар ангид мэдээ зөөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан ба 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс шалгалт авсан. Дээрх комисс нь шалгалт надаас авсан бөгөөд тус шалгалтанд ирсэн асуултууд нь миний хийж гүйцэтгэдэг ажил, үүрэгтэй холбоогүй намайг шалгалтанд илтэд унагаж ажилгүй болгох зорилготой байсан. Дээрх хууль бус шалгалтынхаа дагуу миний хөдөлмөрийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр цуцалсан байдаг бөгөөд энэ тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан. Миний хийж гүйцэтгэдэг ажил бол байгууллагуудад ирсэн мэдээг хүргэж тус байгуулгын бүх өрөөнүүд, техникийн ажилчдын өрөө болон гадна талын орчинг цэвэрлэх үүрэгтэй. Гэтэл тус байгууллагын телеграф хариуцсан механкчийн ажил мэргэжилтэй холбоотой асуултыг шалгалтанд оруулсан. Иймд миний хөдөлмөрийн гэрээг хуулийн болоод бодиг үндэслэл байхгүй байхад цуцлан миний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 3 дугаар ангийи даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаал нь  Хөдөлмөрийи тухай хуулийг зөрчсөн. Миний хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон.” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Харин Б.Энхмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод түүний гүйцэтгэх ажил үүргийг заасан байх бөгөөд мэдээ зөөгч, уйлчлэгч”-ийн ажлын байранд тавигдах шаардлагад мэргэжлийн хувьд "Тусгайлсап мэргэжил шаардахгүй” ур чадварын хувьд “харилцааны өндөр соёл эзэмшсэн байна.” гэсэн байдаг. Гэтэл тус ангийн техникийн шалгалтын комиссын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт болон шийдвэр нь Б.Энхмаад ямар мэргэжил эзэмшсэн байх ёстой, ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой гэж үзэж шалгалт авсан тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Энхмаагаас авсан мэргэжил, ур чадварыг тогтоох шалгалт, түүний асуулт, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд  Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 3 дугаар ангийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, УБТЗ-ын Дохиолол холбооны 3 дугаар ангийн Мэдээ зөөгч-Үйлчлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Хатанзориг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 3 дугаар ангийн даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 113 тоот тушаалаар тус ангийн түвшин тогтоох шалгалт авах комиссийн бүрэлдэхүүнийг томилж, шалгалт явуулах удирдамжийг баталсны дагуу тухайн комисс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ангийн нийт ажилтнуудаас түвшин тогтоох шалгалт авсан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 113 тоот тушаалын 1 дүгээр Хавсралтаар батлагдсан “Түвшин тогтоох шалгалт явуулах удирдамж”-ийн 3-д заасны дагуу мэргэжлийн асуултыг билетээр, дүрэм зааврыг тест бөглөх байдлаар авах ба мэргэжлийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд дүрэм, заавраар шалгалт өгөхөөр заасан. Удирдамжийн 4.5-д: “Түвшин тогтоох шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан ажилтан 1 сарын дотор давтан шалгалт өгөх эрхтэй ба 2 дахь удаа хангалтгүй үнэлгээ авсан эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах үндэслэл болно” гэж заасан. Түвшин тогтоох шалгалтыг зөвхөн Б.Энхмаагаас аваагүй, анх удаа аваагүй, ангийн нийт ажилтнуудаас жил болгон авдаг шалгалт ба шалгалтыг хангалтгүй өгвөл 1 сарын дараа давтан шалгалт өгүүлж, давтан шалгалтад тэнцээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцалдаг журамтай. Энэхүү шалгалтыг жил бүр, нийт ажилтнуудаас авдаг болох нь Б.Энхмаагийн 2014, 2015, 2016 онд өгсөн шалгалтын материал болон 2016 оны шалгалт өгөх ажилчдын нэрсийн жагсаалт зэргээр тогтоогдох ба Б.Энхмаа нь түвшин тогтоох шалгалтыг 2014 онд 81,5 хувьтай, 2015 онд 95 хувьтай өгч тэнцэж байсан бол 2016 онд эхний шалгалтыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 50 хувьтай хангалтгүй, давтан шалгалтыг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 53,75 хувьтай хангалтгүй өгсөн тул мэдэгдэх хуудас өгч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түвшин тогтоох шалгалтыг жилийн туршид байгууллагын нийт ажилтнуудад сургалтын төлөвлөгөө гарган, сургалт явуулсаны эцэст авдаг. 2015-2016 оны сургалтын төлөвлөгөөний дагуу ажилтнуудад нийт 21 удаагийн 56 цагийн хичээл орсон байдаг ба Б.Энхмаа нь сургалтанд бүрэн хамрагдсан болох нь 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хөтөлбөр болон сургалтад хамрагдсан ирцийн бүртгэлээр тогтоогдоно. Б.Энхмаагийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилт хэсэгт: “Өөрийн ажилтай холбогдсон тогтоол, тушаал, зааврыг сайн мэдэж, түүнийгээ ажил хэрэг дээрээ нарийн чанд биелүүлж ажиллах”, Ажлын байрны гол үйл ажиллагааны 3-д: цахилгаан мэдээнд мөрдөх албан тушаалтны хураангуйлсан хаягийн жагсаалтыг бүрэн хэмжээгээр тогтоосон байна” гэж заасан байна. Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 40.1.2-д заасныг үндэслэн Б.Энхмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 3 дугаар ангийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 173 тоот тушаал нь хуулийн үндэслэлтэй тул Б.Энхмаагийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхмаа нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажлаас халсан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах хэсэг нь бие даасан шаардлага биш, шаардлагын үндэслэл байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан Б.Энхмаа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 3 дугаар ангийн Мэдээ зөөгч-үйлчлэгчийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. Зохигчид уг гэрээ болон гэрээний дагуу хөдөлмөрлөсөн үйл баримтын талаар маргаагүй байх тул тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 3 дугаар ангийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажилтан Б.Энхмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хөдөлмөрийн гэрээг цуцалсан буюу дуусгавар болгосон тушаалын үндэслэл болон агуулгаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр гэрээг цуцалсан байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаар тушаал болон хавсралтаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-55 дугаар тушаалыг үндэслэн, ангийн түвшин тогтоох шалгалт авах комиссын бүрэлдэхүүн болон удирдамжийг баталсан байна. Уг удирдамжийн 4 дэх хэсгийн 5-д 2 дахь удаа хангалтгүй үнэлгээ авсан ажилтныг ажилдаа “тэнцэхгүй” гэж үзэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. Удирдамжийн дагуу нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр түвшин тогтоох шалгалтад 50 хувийн, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн давтан шалгалтад 53.75 хувь буюу хангалтгүй үнэлгээ авсан тул ажил олгогчийн зүгээс мөн өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, улмаар 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Ажил олгогчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаар комисс томилох тухай тушаал нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-55 дугаар тушаалыг үндэслэсэн байх бөгөөд уг А-55 дугаар тушаалын хавсралтаар шалгалт өгвөл зохих албан тушаалын жагсаалтыг баталсан байна. Гэтэл уг жагсаалтад нэхэмжлэгчийн ажиллаж буй Дохиолол холбооны ангийн мэдээ зөөгч-үйлчлэгчийн албан тушаал хамрагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2014, 2015 онуудад нэхэмжлэгчээс түвшин тогтоох шалгалт авч байсан байх боловч тэрээр уг шалгалтад хамрагдах эсэх талаар тухайн үед гомдол гаргаагүй нь тушаалыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл болохгүй.

 

Иймд ангийн мэдээ зөөгч-үйлчлэгчийн албан тушаал нь шалгалт өгвөл зохих албан тушаалын жагсаалтад хамааралгүй байхад ажил олгогч нь түвшин тогтоох шалгалт авч, уг шалгалтад тэнцээгүй үйл баримтыг дүгнэн нэхэмжлэгчийг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 606 120 төгрөгийг /2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нийт ажлын 84 хоног, 2016 оны 5, 6, 7 дугаар сарын дундаж цалин хөлс 897 127 + 931 721 + 940 112 төгрөг= 2 768 962 /3 сар= 922 987 /21.5 хоног=1 хоногийн 42 930 төгрөг х 84 хоног/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 606 120 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгөх, мөн энэ тухай мэдэгдэх нь ажил олгогчийн үүрэг.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж авахаар Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан, мөн ажил хайгчаар бүртгүүлсэн, ажилгүйдлийн тэтгэмж авсан нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар ажил олгогчийн тушаалыг хүлээн зөвшөөрсөн, мөн ажлаас буруу халсан тухай шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тушаалыг нэхэмжлэгчид хэзээ гардуулсныг баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг ажил олгогчийн тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан гэж үзэхээр байхаас гадна 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхмааг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дохиолол холбооны 3 дугаар ангийн мэдээ зөөгч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 3 606 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхмаад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхмаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 72 648 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН