Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 757

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч М.Далайхүү даргалж,

нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч С.С,

шүүгдэгч И.У түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас И.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2003003010226 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр 0 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт И-гийн У /00: 00000000/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч И.У нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 16 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Элбэг их дэлгүүрийн хойд талын замд 00-00 000 улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчиж туслах зам дээр зогсож байсан 00-00 000 улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийг шүргэн улмаар мөн дүрмийн 10.3 дахь заалтад заасан “Жолооч гарцаар зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.У мэдүүлэхдээ:

“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмээд гэмтэл учруулсандаа уучлал гуйж байна. Эмчилгээний зардалд 1.707.400 төгрөгийг төлсөн байгаа. Мөн өөр бусад эм тариа, тосны мөнгийг өгсөн боловч баримтаа авч чадаагүй. Цаашид эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилбэл төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ: “..2020 оны 5 дугаар сарын 1-нд гарцаар гарч яваад энэ осолд өртсөн. Миний гуя, өвдөг дээгүүрээ няцралтай. Энэ гэмтлээс болж 0 удаа яаралтай хагалгаанд орсон. Өндөр настай хүн халуун зунаар 2 удаа хагалгаанд орж их зовж байна. Даралт байнга ихэсдэг болсон. Өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад зардалд нийтдээ 4.074.890 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ гэмт хэргийн хохирогч болсон гэмтэл учирсан нь тодорхой болохоор шүүх хуралдаанд өмгөөлөгч аваагүй оролцож байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/,

3. Хохирогч С.С-ын:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн орчим охин С.Д, 14 настай охин Ж.О нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Элбэг” их дэлгүүрийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний замаар алхаж байгаад гарцаар зам хөндлөн гарч явтал гэнэт миний баруун талаас түс хийтэл мөргүүлээд юу ч санахгүй байгаа. Намайг машины доороос чирч гаргасан гэдгийг манай охин надад хэлсэн, Миний зүүн хөлийн өлмий дундах яс хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

4. Насанд хүрээгүй гэрч Ж.О-н:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эмээ эгч нарын хамт “Элбэг” их дэлгүүрийн зүүн талын замын уулзвараар зам хөндлөн гарч яваад нэг харсан эмээ том, өндөр машин доогуур орчихсон харагдсан яг аль хэсгийн доогуур гэдгийг тодорхой санахгүй байна. Эмээг машин доороос гудамжинд явж байсан танихгүй хүмүүс татаж гаргасан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

5. Гэрч С.Д-ын:

“..2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 00 цаг өнгөрч байхад эмээ, дүү нарын хамт “Элбэг” их дэлгүүрийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган хүний замаар алхаж явахад “Элбэг” их дэлгүүрийн зүүн талын зам дээр тээврийн хэрэгслүүд баруун тал руугаа шахаад зогсчихсон байхаар нь ард талаар нь замын зорчих хэсгийг зам хөндлөн гарахаар алхаж явтал гэнэт араас түс хийтэл мөргөхөөр нь эргээд хартал саарал өнгийн Тоёота Альфард маркийн автомашиныг эмэгтэй жолооч жолоодчихсон өвөр дээр нь жаахан хүүхэд суучихсан байсан. Осол гаргасан тээврийн хэрэгсэл эмээ бид нарыг зам хөндлөн гарах гэж явахад харагдаагүй бөгөөд гэнэт хойноос орж ирээд нуруу хэсэг рүү мөргөсөн. Энэ маань миний зүүн гар талд сугадаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

6. Гэрч М.С-ын:

“...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Тоёота Алион маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн 00 дугаар хороо “Элбэг” их дэлгүүрийн зүүг талын зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй тээврийн хэрэгслүүд зогсчихсон байхаар нь араас нь очоод зогссон. Тэр үед Тоёота Альфард маркийн автомашин ирээд танихгүй эмэгтэй бууж ирээд “та жаахан урагшлаад өгөөч, хойно чинь зогсож юм буулгах гэсэн юм аа” гэхээр нь би машинаа асаагаад толиндоо харахад Альфард машины баруун талын заалны хаалга онгорхой байдалтай зогсож байхаар нь хөдлөх санаатай байж байтал тэр машин хөдлөөд миний машины хойд гүферийн булан руу мөргөхөд “хүн дайрчихлаа ш дээ” гээд орилохоор нь би автомашинаа бага зэрэг урагшаа болгож зогсоогоод машинаасаа буугаад ирэхэд тэр машины зүүн урд талд хөгшин настай эмэгтэй хүн газар хэвтсэн байдалтай толгойгоороо боржур дэрлэсэн байдалтай байсан бөгөөд жирэмсэн эмэгтэй хоёр хөл дээрээ өвдөглөн суусан байдалтай байсан. Осол гаргасан жолоочтой ярилцаад засварт 00.000 төгрөг авсан бөгөөд миний хувьд гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

7. Гэрч О.Г-ийн:

“...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн орчим “Элбэг” их дэлгүүрийн зүүн талын зам дээр 0000 000 улсын дугаартай Тоёота Альфард маркийн авто машинтай очсон. Тухайн үед бэр эгч У машин жолоодож явсан ба хажууд нь эгч Б суугаад ой гарантай охиныг тэвэрч явсан. Урд талд зогсож байсан улаан өнгийн суудлын автомашин ухрах араандаа хийж хойд гэрэл нь асаж байгаа харагдсан. Энэ үед У эгч машинаа асаагаад урагшаа хөдөлж байсан. Энэ үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хөгшин настай эмэгтэй, бас нэг эмэгтэй хамт хоёр машин дундуур амжаад гарна гээд хурдан алхаад гарах гэж байхад хөгшин настай эмээг машин зүүн хойд хэсгээр шүргэж байгаа юм шиг харагдсан. Машины урдуур гэрч байсан эмээг мөргөх үед У эгч машин барьж байсан бөгөөд ой гарантай охин нь Б эгчийн өвөр дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаартай:

“...С.С-ын биед зүүн хөлийн эрхий хурууны өлмийн яс, дотор шаантаг ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайн зөөлөн эдийн доор цус хураа, баруун нүдний зовхи, баруун хацар, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, баруун шуу, баруун сарвуу, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 52-54-р хуудас/,

9. Мөрдөгчийн:

“...Жолооч И овогтой У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө ...гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх-ийн 74-75-р хуудас/,

10. Хохирогч С.С-мын эмчилгээ хийлгэсэн тухай амбулаторийн дэвтэр, шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэмтэлтэй холбоотой фото зурагууд,  

11. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан” тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/,

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-р хуудас/,

13. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Алдарт эхийн 2-р зэргийн одон, үнэмлэх, шүүгдэгчийн нөхөр эмнэлэгт хэвтэж байгаа талаарх баримт,

14. Хохирогч С.С-мын эмчилгээнд 1.707.400 төгрөг төлсөн тухай баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд И.У-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч И.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Сосорбурамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Ч.Н дүгнэлтдээ: “Гэм буруу дээр маргах зүйлгүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч И.У нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 00 цаг 00 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Элбэг” их дэлгүүрийн хойд талын замд 00-00 000 улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчиж туслах зам дээр зогсож байсан 00-00 000 улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийг шүргэн улмаар мөн дүрмийн 10.3 дахь заалтад заасан “Жолооч гарцаар зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:   

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/, хохирогч С.С-мын мэдүүлэг /хх-ийн 23-24/, насанд хүрээгүй гэрч Ж.О-н мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч С.Д-мын мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, гэрч С.С-мын мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, гэрч О.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54-р хуудас/, Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 74-75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.У-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1.707.400 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Харин шүүх хуралдаанд хохирогч С.С нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд нэхэмжилсэн 4.074.890 төгрөгөөс 2.574.894төгрөгийг шүүгдэгч И.У-с гаргуулж, хохирогч С.С-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 1.499.996 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “И.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах”, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасах гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Ч.Н дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч И.У нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч И.У нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч И.У-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба, шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасах шаардлагагүй гэж үзэж, энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2003003010226 хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт И-гийн У-ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.У-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.У-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.У-с нийт 2.574.894 / хоёр сая таван зуун далан дөрвөн мяна найман зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч С.С-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.С-ын нэхэмжлэлийн шаардлагаас 1.499.996 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

5. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ