| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07620/И |
| Дугаар | 5955 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 5955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орц, 00 тоотод байрлах, “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны /цаашид “СӨХ” гэх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байр, 84 тоотод оршин суух, Дуулга овогт Эрхбаатарын Батхүсэл /РД: ХД73123163/-д холбогдох,
дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 490 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэл, хариуцагч Э.Батхүсэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Г.Гэрэл шүүхэл гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны гишүүн 26 дугаар байр, 84 тоотод оршин суудаг Э.Батхүсэл нь 2012 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 51 сарын төлбөрт 490 300 төгрөгийг төлөөгүй байх тул Э.Батхүсэлээс 490 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Батхүсэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2006 оноос тус орон сууцанд оршин сууж байгаа бөгөөд дээврээс ус гойжих асуудалтай болоод олон жил болж байна. Үе үеийн СӨХ-ны хүмүүс засна гээд олон жил болж байна. Иймд хэзээ дээврийг засаж өгнө тэр үед СӨХ-ны төлбөрийг төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Э.Батхүсэлд холбогдуулан 2012 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 490 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...манай орон сууцны дээрээс ус алддаг, түүнийг засаж өгсний дараа СӨХ-ны төлбөрийг төлнө” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн оршин сууж буй Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 26 дугаар байр, 84 тоот орон сууц нь нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д харьяалагддаг болох нь, мөн хариуцагч уг орон сууцанд оршин суудаг болох нь “Түшээ” СӨХ-ны 209 дугаартай гэрчилгээний хуулбар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй юм.
Гэтэл хариуцагч нь 2012 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 490 300 төгрөг төлөөгүйг үгүйсгээгүй байх бөгөөд уг төлбөрийг төлөөгүй нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь СӨХ-ны доголдолтой үйл ажиллагааны улмаас түүний эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу зохих этгээдэд гомдол гаргах эрхтэй ба хариуцагч нь энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй, мөн татгалзалаа нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заажээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 10 дугаар сарын СӨХ-ны төлбөр болох нийт 106 700 төгрөгийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч нь уг хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр болох нийт 383 600 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 383 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 106 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч Э.Батхүсэлээс 383 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15 359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 12 158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН