Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймаг,  Ө сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой,  ... мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт оршин суух бүртгэлтэй, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, хэрэгт холбогдохдоо Х ХХК-д ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөн ялыг хүнд нь багтааж 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар  1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  460,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Х овогт М.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч М.Г нь  2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр баг, Гэгээн хотхоны ... тоотод иргэн Ч.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Багануур явчихаад 06-ны өдөр вагоноор ирсэн. Тэгэхэд намайг ирэхээс өмнө гэрт Apple брэндийн бидэ суултуур авсан байсан. Суултуур яаж авсан юм бэ гэхэд 800,000 төгрөгөөр авсан мөнгийг нь өгөөд авчихсан юм гэсэн. Тэгсэн чинь тэр хүнд урьдчилгаа өгөөд лизингээр авсан байсан ба компанийн мөнгөнөөс авсан байсан. Тэгэхээр нь би компанийн мөнгөнөөс чи өөрөө аваад хэрэглэчихсэн юм биш үү? 590,000 төгрөг өгсөн гэж байна шүү дээ гээд хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэр үед би хоёр залуутай архи уучихаад гэр рүүгээ орсон байсан. Тэгээд би гэрийнхээ автомат угаалгын машины холбоос шаланкаар түүнийг хэд хэд ороолгосон. Дараа нь тэр коридорт гарчихаад орилоод байхаар нь бас хэд хэд алгадчихаад гарах гэсэн чинь хаалга тэгнэж зогсоод явах гэж байгаа бол нэг мөсөн хувцсаа аваад яв гээд цүнхтэй хувцас бэлдээд тавьсан байсан. Тэгээд маргаан арай намжаад байж байтал миний хавирга эвгүй болчихсон байна гэсэн. Тэр үед хэн нэгэн хаалга тогшсон ба цонхоор ч мөн Г, Г гэж орилсон. Бид хоёр зүгээр юм яриад сууж байсан чинь гэв гэнэт босч гүйгээд хаалганы доод талыг эргүүлсэн. Тэгээд цагдаа нар орж ирэхээр нь тумбочканаас хутга шүүрч аваад гэдэс рүүгээ хатгасан. Б-д учирсан хавирганы хугарлыг би учруулаагүй. Намайг алчуураар цохих гэж байгаад хальтраад бани руу уначихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокуророос санал болгосон ялыг ойлгосон“ гэсэн мэдүүлэг

Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би “Х” ХХК-ны мэргэжилтэн ажил хийдэг бөгөөд манай компаний ажилтан М.Г гэх хүнтэй танилцаж 2020 оны 05 дугаар сараас хойш хамт Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоотыг түрээслэн хамт нэг гэрт байгаа. М.Г бид 2 нэг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс биш. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би компаний мөнгөнөөс ариун цэврийн өрөөний суултуур 800.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн амьдарч байгаа байрандаа суурилуулсан юм. Тухайн өдөр би энэ талаар М.Г-д ямар нэгэн зүйлийн талаар яриагүй түүнийг байхгүй байх үед нь авчираад суурилуулсан байсан юм. 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед М.Г нь гаднаас согтуу орж ирсэн тухайн үед би ариун цэврийн өрөөнд хувцсаа угааж байсан чинь М.Г орж ирээд “энэ юун султуур вэ? авсан юм уу?” гэхлээр би компаны мөнгөнөөс 800,000 төгрөгөөр худалдаж авсан юм гэж хэлсэн чинь М.Г том өрөөнд буйдан дээр суугаад утсаа ухаад сууж байснаа, гэнэт муухай бахираад “Чи намайг хуурлаа, энэ суултуур чинь 600,000 төгрөгийн үнэтэй эд байна” гээд намайг ариун цэврийн өрөөнд хувцас угаагаад зогсож байхад муухай орилоод ороод ирэхлээр нь би намайг цохих гэж байна гэж бодоод муушгиж байсан нойтон хувцсаараа түүний нүүр хүзүү рүү нь гуядахдаа нойтон хувцаснаас гойжсон плита шалан дээр хальтирч унахдаа ванны ирмэг дээр зүүн хавирга хэвлий хэсгээрээ эвгүй унасан тэгээд босоод ирсэн чинь зүүн хавирга эвгүй амьсгалахад хэцүү болоод маш их өвдөөд хавиргаа хугалсан. Ингээд эргэж босож ирээд би түүнд хандан “миний хавирга эвгүй болчихлоо, чамаас боллоо” гээд нүүр, нуруу хэсэг рүү маажиж самардсан чинь намайг ариун цэврийн өрөөнд байсан шаланкаар энд тэндгүй л ороолгосон, тэгээд мөн миний толгой баруун талын чихний ар хэсэг рүү 2 удаа, бөгс рүү 2 удаа өшиглөж, гар хөлнөөс чангааж зулгааж чимхэж байсан. Тэгтэл гэрийн хаалга тогшсон чинь М.Г хаалган дээр очоод “хэн бэ? " гэсэн чинь цаанаас нь цагдаа байна хаалгаа” гэсэн чинь хаалгаа нээхгүй тэд нартай хэрэлдэж эхэлсэн, “та нар явцгаа зайлцгаа, намайг авч явах гээд байна уу? би өөрийгөө ална шүү, цонхноос үсэрнэ” гэх мэт зүйлийн талаар хаалганы наана цаанаас ярьж байсан бараг 2 цаг болсон байх, тэгээд би “хаалга нээгээд өгчих” гэсэн чинь “үгүй, нээхгүй” гээд намайг хаалга руу ойртуулахгүй байгаад байсан. Тэгээд бид 2 хэрэлдэж би түүнийг “Чи хувцсаа аваад яв” гэсэн чинь М.Г нь “тэг би явлаа, миний хувцаснуудыг бүгдийг нь наад чемодамандаа хий” гэхлээр нь би хувцсыг нь хамаад чемдам дотор нь хийгээд “ганцхан чиний гутал үлдлээ, үүдэнд байна” гэсэн чинь тэгвэл 2-уулаа хамт хаалгаруу очно гэхлээр нь би гэнэт түүнээс зугтааж байгаад хаалгыг дотроос нь нээчихсэн чинь цагдаагийн алба хаагчдыг орж ирэхийн завдалгүй М.Г нь хаалгыг буцаагаад хаах гээд тэднийг оруулахгүй гээд хаалгыг түлхэж хаах гэсэн боловч цагдаагийн 3 алба хаагч цаанаас нь дийлээд түлхээд ороод ирсэн чинь М.Г нь тэдэнд түлхүүлж дийлдээд ирсэн чинь гал тогооны өрөө рүү гүйгээд хутга аваад шууд өөрийнхөө хэвлийн тус газар дүрсэн, тэгээд манайд орж ирсэн цагдаа нарыг “гарцгаа би өөрийгөө ална” гээд хэвлийдээ дахин хутгаа тулгачихаад байгаад байсан, урьд нь хатгасан газраас цус гараад байсан. Тэгээд арай гайгүй болоод тайвширч Г нь буйдан дээр суусан гэхдээ хутгаа бол өөрлүүгээ тулгачихаад л байгаад байсан бөгөөд халааснаасаа утсаа авах гэж оролдож байх хооронд нь би хутгыг нь авахаар цагдаагийн алба хаагчид бид түүнээс хутгыг нь булааж авсан. Хутга бариад “өөрийгөө л ална” гээд хутгаа хэвлийдээ тулгачихаад байгаад байсан, надруу болон цагдаагийн алба хаагчид өөр бусад хүмүүсрүү дайрсан асуудал байхгүй. Надад тухайн гэмтлүүд учирсан  уушигны гялтангийн няцралт, зүүн уушигны шалчийлт, цээжний хөндийн цус алдалт, зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугаралыг ванн дээр хальтирч унахдаа хугалсан, ванны ирмэг дээр унаад босож ирэхэд маш их өвдөж, түүнээс хойш амьсгалахад хүнд болж эхэлсэн хажуу тийшээгээ шууд л далийгаад эхэлсэн, энэ гэмтлийг би өөрөө унахдаа үүсгэсэн М.Г нь энэ гэмтэлд бол хамааралгүй. Харин баруун зүүн бугалага, шуу, сарвууны ар хэсэг, дал мөр, нурууны цус хуралт, тархи доргилт гэх гэмтлүүдийг бол М.Г-тэй зодолдох үед үүссэн энэ гэмтлүүдийг М.Г нь надад учруулсан гэж үзэж байгаа. Би 2013 онд Улаанбаатар хотод авто машинд мөргүүлж унаад гэмтэл авч 2 хавиргаа хугалаж байсан тухайн үед жолоочоосоо эмчилгээний төлбөр мөнгө аваад салж байсан тухайн үед миний 7, 8 дугаар хавирга хугарсан гэж байсан юм. Энэ нь хуучин хугарал нь дахин хугарч 2 газар хугарсан байх гэж би бодож байна. Бид анх удаагаа л маргалдаж муудалцаж байна. Урьд өмнө нь зодож цохиж байсан асуудал байхгүй. Миний бие Замын-Үүд сумын эмнэлэгт 13 хоног эмчилгээ хийлгэж байгаад гарсан, одоо биеийн байдал зүгээр өвдөж зовох зүйлгүй болсон, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Би хавтаст хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суух шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Сиди дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10/

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Биднийг ороход тухайн эмэгтэй бэртэл гэмтэлтэй, гар хөл нь хөхөрсөн няцарсан, энд тэндгүй хавдсан хөхөрсөн, толгой хавдсан, “хавирга эвгүй болчихлоо” гэж хэлж байсан, ингээд бид Г-с хутгыг нь салгаж авч тэднийг Ч.Б, М.Г нарыг эмнэлэгт хүргэж анхны тусламж үйчилгээ үзүүлсэн. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, Г гэх хүнийг зодож цохьсон асуудал байхгүй. Өөр рүүгээ хутгаа чиглүүлж барьчихаад “өөрийгөө ална” гээд бид нарын өөдөөс яваад байсан, “хол бай та нар гарцгаа хутга ойрхон байгаа өөрийгөө дүрчихнэ шүү” гээд бид нарыг шахаад ирсэн энэ үед нь бид арагшаа ухарч үүдэнд очсон, түүнээс бид нар луу бол дайрч довтлоогүй, дайрч давшилсан зүйл байгаагүй.”  гэсэн  мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие эдгээр хүмүүсийг танихгүй, Ч.Б гэх хүний биед үзлэг эмчилгээ хийж байсан, садан төрлийн холбоо байхгүй. Ч.Б гэх хүний биед үзлэг хийсэн түүний биеийн онцлог хавирга яс нь анатомын бүтэцийн хувьд их өвөрмөц нимгэн нарийхан ясны бүтэцтэй байсан, хуучин хавирганы хугарал ясны бороожилт хугарсан байж болзошгүй юм. Түүнээс бол хуучин хугаралтай байсан гэж шууд хэлэх боломж байхгүй. Ч.Б хавиргыг тэмтэрч үзхэд хуучин хугаралын бороожилт байж болзошгүй зүйл тэмтрэгдэж байсан ба Ч.Б-с урьд өмнө нь хавиргандаа гэмтэл авч байсан эсэх талаар асуухад тэрбээр хавиргандаа гэмтэл авч байсан гэж хариулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

Шинжээч Э.А мөрдөн шалгах өгсөн “Иргэн Ч.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн ... дугаартай өвчний түүхийг үндэслэн гаргасан. Тухайн өвчний түүхэнд зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугаралтай, 7 дугаар хавирга хоёрлосон хугаралтай гэж тусгасан байна. Учирсан гэмтэлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм. Хүн өөрийн биеэр хатуу, мохоо зүйлд буюу ванны ирмэгт цохиж унах үед тухайн гэмтэл үүсэх боломжтой. 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь өмнө нь хугарч байсан бол дахин гэмтэл авахад хуучин бороолсон байсан хугарал сэдэрч хугарах боломжтой. Зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтлийн улмаас цээжний хөндий дэх уушгины гялтанд гэмтэл үүсгэж, цээжний хөндийд цус хуралдана. Хавирганы хугарлууд зөрүүтэй хугарал гэсэн байгаа тухайн зөрсөн хугарал нь уушгины гялтанг гэмтээж, уушгинаас цус алдана, уушги өөрөө амьсгалын эрхтэн учир гэмтэл үүсэх үед агааргүйтэж шалчийлт үүсэж байгаа юм. Энэ төрлийн гэмтэл авсан хүн бие хамгаалах чадвартай гэж үзнэ. Тухайн Гэмтлийн авсанаар шууд ухаан алдаж унах, биеийн байдал огцом муудаж амь насанд аюултай нөхцөл байдал илрээгүй учир тухайн цаг хугацаанд бол биеэ хамгаалах чадвартай байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 20-ны өдрийн “1. Ч.Б биед зүүн уушгины гялтангийн няцралт, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн цус алдалт, зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, баруун, зүүн бугалга, шуу, сарвууны ар хэсэг дал, мөр, нурууны цус хуралт, тархи доргилт гэмтэлүүд тогтогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан зүүн уушгины гялтангийн няцралт, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун, зүүн бугалга, шуу, сарвууны ар хэсэг дал, мөр, нурууны цус хуралт, тархи доргилт гэмтэлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Ч.Б биед учирсан зүүн 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь зүүн уушгины гялтанд гэмтэл үүсгэж улмаар цээжний хөндийн цус алдсан байна” гэсэн 02/0173 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/

2020 оны 07 сарын 08-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38-39/

Хохирогч Ч.Б эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-ийн 40-69/

Шүүгдэгч М.Г-н согтуурал шалгасан тухай тэмдэглэл /х-хийн 91/

Х ХХК-ний 2020 оны 08 сарын 31-ний өдрийн “М.Г нь 2020 оны 07 сарын 02-ноос Х ХХК-д 1,000,000 төгрөгийн цалинтай мэргэжилтнээр ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн  тодорхойлолт /хх-ийн 92/

Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 93/

Шүүгдэгч М.Г нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 100-102/

Багануур дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдриийн ... шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104/

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэхтогтоолын хуулбар /хх-ийн 106-107/

1 ширхэг Сиди диск, 17.5 см урт, 3.7 сум өндөр ажлын хэсэгтэй бариулын урд хэсэг нь мөнгөлөг төмрөөр бүрсэн, хойд хэсэг ясан хийцийн мэт эрээн гадаргуутай, 2 ширхэг тав хадаасаар их биетэй тогтоосон 12.5 см урт бариултай хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 122/

Шүүгдэгч М.Г-н Дорноговь аймгий Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие нь 2020 оны 07 сарын 08-ны өдөр Ч.Б биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хүсэлтийг  харгалзан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 128/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Г нь архи ууж, согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр баг ... тоотод хохирогч Ч.Б-г алгадаж, угаалгын машины холбоос шаланкаар ороолгож зодож, түүний биед нь баруун, зүүн бугалга, шуу, сарвууны ар хэсэг дал, мөр, нурууны цус хуралт, тархи доргилт бүхий гэмтлүүдийг учруулсан үйл баримт болсон байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А нь 2020 оны 07 сарын 20-ны өдрийн  02/0173 тоот дүгнэлтийг гаргасан байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20/, хохирогч Ч.Б эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-ийн 40-69/, Шинжээч эмч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 02/0173 тоот дүгнэлт /хх-35-36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Г-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.Б нь “...М.Г-д миний зүгээс ямар нэгэн гомдолгүй, хохиролдоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч М.Г нь бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан 17.5 см урт, 3.7 сум өндөр ажлын хэсэгтэй бариулын урд хэсэг нь мөнгөлөг төмрөөр бүрсэн, хойд хэсэг ясан хийцийн мэт эрээн гадаргуутай хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан  прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Г-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Г нь 800,000 төгрөгийн торгох ялыг шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17.5 см урт, 3.7 сум өндөр ажлын хэсэгтэй бариулын урд хэсэг нь мөнгөлөг төмрөөр бүрсэн, хойд хэсэг ясан хийцийн мэт эрээн гадаргуутай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц