Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Э сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, ам бүл 1, хувиараа мал аж ахуй эрхлэх, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багт иргэн С.Д-г суран чөдрөөр чих хэсэг рүү ороолгон зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Д нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Би 5-6 жил түүний адууг малласан, хөлс хүч авч байгаагүй. Д нь надаас үхэр 800,000 төгрөгөөр авсан байсан. Түүнийхээ мөнгийг өгөхгүй  байсан болохоор  хязаалан насны гүүгээ  орхиод явчихгүй юу даа  гэхэд, сүртэй юм бэ, өгнө шүү дээ гээд уурлахаар нь би алгадсан. Тэгээд дараа нь морь бариад зогсож байхад нь чөдрөөр ороолгосон чинь чихийг нь гэмтээсэн байсан. Хохирогчид 3,000,000 төлсөн, буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна”  гэсэн мэдүүлэг

Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 05-06/

Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 08 дугаар сарынн 01-ний өдөр Дорноговь аймагт байх Эрдэнэ суманд байх өөрийн эзэмшлийн 17 тооны адуу ачиж байх үед манай хамаатан болох Э.Г над дээр хүрч ирээд тус Г-н адуун дунд байсан миний зээрд халзан, бор зүсмийн адуугаа авъя гэж хэлсэн боловч надад миний адууг өгөхгүй гэж хэлээд байхаар нь би энэ хол газар том тэрэг хөлслөөд ирж байхад гэж уурласан байдалтай хэлтэл миний баруун чихний хойд талд баруун гараа атгаж байгаад 2 удаа хүчтэй цохиод би буцаагаад барьж аваад доороо оруулаад байж байтал Г одоо больё гэж хэлтэл би заза гэж хэлээд доороосоо гаргаад босгоод бид хоёр салаад явж байтал миний баруун чих хэсэг рүү суран чөдрөөр 2 удаа хүчтэй саваад цохьсон тул миний баруун чихнээс цус гарсан. Би буцаагаад хавирч унагаагаад байж байтал А гэх залуу голоор орж ирж салгасан. Миний баруун чихэнд гэмтэл учирсан байдалтай тархи хөдөлсөн байна гэж эмч хэлсэн. 80см уртай өргөн нь 45см урттай хатуу шар өнгийн, чөдөр нь 6 ширхэг тээгтэй тус тээгүүд нь төмөр, модон, хуванцараар хийгдсэн холимог байсан. Миний хажууд жолооч адуучин утас нь ..., А гэрчүүд байсан. Миний чихээр хатгуулаад өглөө оройдоо чих дүнгэнээд байгаа. Би одоогийн байдлаар 200,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Э.Г надад 3,000,000 төгрөг өгсөн. Хохирлын талаар ямар нэг маргаан байхгүй. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Би Улаанбаатар хотод ажилтай тул дахин Замын-Үүд суманд ирэх боломжгүй тул шүүх хуралд суухгүй. Хэргийн талаар ямар нэг санал хүсэлт байхгүй. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би том тэрэг бариад хот хооронд явдаг юм. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Д гэх хүнтэй тохиролцож адуу ачих гээд явсан. Д нь фейсбүүк зарын группээс миний дугаарыг олж надтай холбогдсон. Би танихгүй өмнө нь харж байгаагүй тухайн өдөр л танилцсан юм. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С.Д-тай хамт Улаанбаатар хотоос Дорноговь орсон. Юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна ямар ч байсан хоорондоо зодолдоод ноцолдож байсан. Надтай хамт хотоос очсон С.Д-г Э.Г нь чөдөрөөр толгой хэсэгт нь 2-3 удаа ороолгож байсан. Яг ороолгож байхад нь би хажууд нь зогсож байсан. Хоёулаа эрүүл байсан. С.Д нь Э.Г-г цохиж зодоогүй харин тэврээд хэвтээд байсан. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 14-ний өдрийн “1. С.Д-н биед баруун хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. С.Д-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэсэн 04/102 тоот дүгнэлт /хх-ийн 19/

Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34/

Хохирогч С.Д-д шүүгдэгч Э.Г-с 3,000,000 төгрөг шилжүүлсэн Т банкны баримт /хх-ийн 36/

Шүүгдэгч Э.Г нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 38/

Хохиригч С.Д-н гаргасан хохирлын баримт /хх-ийн 42/

Хохирогч С.Д Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16-р хороонд оршин суугч С.Д миний бие нь  өөрийн биед учирсан хохирол болон эмчилгээний зардлыг Э.Г-с бүрэн гаргуулж авсан тул хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх”-ийн 51/

Шүүгдэгч Э.Г-н Дорноговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Э.Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь  2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багт С.Д-с авах байсан 800,000 төгрөгөө нэхэж, өгөхгүй бол хязаалан насны гүүгээ үлдээчих гэхэд хохирогч нь өгнө, сүртэй юм бэ, өгнө шүү дээ гэж хэлсэний улмаас тэдний хооронд таарамжгүй байдал үүсч хохирогчийн баруун чих хэсэг рүү суран чөдрөөр ороолгосны улмаас хохирогчийн баруун хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Э.Г-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2020 оны 08 сарын 14-ний өдөр 04/102 тоот дүгнэлтийг гаргасан байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-12/ болон гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 2020 оны 08 сарын 14-ний өдөр 04/102 тоот дүгнэлт /хх-ийн 19/, хохирол төлсөн баримт /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч С.Д нь “Э.Г-д ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар  шийдэж өгнө үү. Мөн Э.Г-с эмчилгээний зардал 3,000,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Би шүүх хуралд суухгүй.  ” гэсэн мэдүүлэг болон хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байх тул шүүгдэгч Э.Г-г бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан  прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг  дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Г нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              А.Ц