Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5964

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22А дугаар байр, 127 тоотод оршин суух, Боржигон овогт Загдрагчаагийн Эрдэнэсан /РД: УХ90011475/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22А дугаар байр, 129 тоотод оршин суух, Бэсүд хотог овогт Баатарын Оюунчимэг /РД: ДМ80081308/-т холбогдох,

 

3 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат, гэрч Д.Отгонбаатар, Б.Шинэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Эрдэнэсан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сараас хувиараа гал тогооны тавилгын бизнес эрхлэх болсон. Энэ үеэр буюу мөн оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Оюунчимэг нь надад 4 000 000 төгрөгийн гал тогооны хаалганы захиалга өгсөн. Б.Оюунчимэг нь хаалгуудын үнийг 15-20 хоногийн дотор төлнө гэсэн учир танилын хувьд итгэн бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй. Уг захиалгыг бүрэн биелүүлэхийн тулд би найз н.Болдбаатарынхаа ах эгч нараас зээл авсан. Иймд захиалга авснаас хойш 5 хоногийн дотор хаалгуудыг Б.Оюунчимэгийн өгсөн тоо, хэмжээ, загварын дагуу бэлтгэж түүнд хүлээлгэн өгсөн. Гэтэл Б.Оюунчимэг нь зээлээр худалдан авсан эдгээр хаалгуудынхаа үнийг амласан хугацаандаа төлөөгүй. Иймд 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр би Б.Оюунчимэг болон түүний нөхөр Отгонбаатартай найз Еолдбаатарын хамт уулзаж мөнгөө өгөхийг хүссэн. Гэвч тэд шүүх, цагдаагаар яваад ав гэх байдлаар зохисгүй харьцсан. Энэ уулзалтын бичлэгийг би өөрийн утсан дээр хийснээ цаасан дээр буулган нэхэмжлэлдээ хавсаргасан. Харин тийнхүү уулзснаас хойш 2015 оны 8 дугаар сард дансаар 300 000 төгрөг, мөн олон дахин шаардуулсны эцэст 10 хоногийн дараа бэлнээр 600 000 төгрөг, нийт 900 000 төгрөг төлөөд үлдэгдэл 3 100 000 төгрөгийг одоо болтол төлсөнгүй. Иймд Б.Оюунчимэгээс 3 100 000 төгрөгийг надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оюунчимэг нь З.Эрдэнэсанд гал тогооны тавилганы хаалганы захиалга өгөөгүй. Гэрээ хийгээгүй. Хүлээж аваагүй. Б.Оюунчимэгт энэ талаар мэдэх зүйл байхгүй. Тэр үед Б.Оюунчимэг нь хүүхэд төрүүлээд гэртээ нялх хүүхдээ асраад сууж байсан. Ажил хийгээгүй болно. Утасны бичлэгт эрэгтэй хүний дуу гараад байна. Б.Оюунчимэг нь эмэгтэй хүн юм. Б.Оюунчимэгтэй ярилцаагүй болно. Тийм учраас нэхэмжлэлд дурьдсан зүйлийг нотлохгүй байна. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Эрдэнэсан нь хариуцагч Б.Оюунчимэгт холбогдуулан 3 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Б.Оюунчимэг нь З.Эрдэнэсанд гал тогооны тавилганы хаалганы захиалга өгөөгүй. Гэрээ хийгээгүй. Хүлээж аваагүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...4 000 000 төгрөгийн үнэ бүхий тавилгын 48 ширхэг хаалгыг хариуцагчид худалдсан ба үлдэгдэл төлбөр 3 100 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй” гэж тодорхойлж байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүрэг нь хуульд зааснаар болон гэрээний үндсэн дээр үүснэ. Талуудын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид тавилгын 48 ширхэг хаалгыг худалдсан буюу шилжүүлсэн гэх үйл баримт, мөн үлдэгдэл төлбөрт 3 100 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Түүнчлэн, хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан Мөнхбаатар Тэмүүлэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр орлого 500 000 төгрөг, мөн өдөр зарлага 300 000 төгрөг” гэсэн байгаа нь хариуцагчаас нэхэмжлэгчид дээрх гэрээний дагуу төлбөр төлсөн үйл баримтыг нотолж чадахгүй байна.

 

Гэрч нарын мэдүүлэг нь харилцан адилгүй, өөрөөр хэлбэл, гэрч М.Тэмүүлэн, Б.Шинэбаатар нар нь нэхэмжлэгчийг хариуцагчид тавилгын хаалгыг худалдсан талаар гэрчилсэн бол гэрч Д.Отгонбаатар нь нэхэмжлэгчийг хариуцагчид бус өөрт нь худалдсан талаар тус тус гэрчилж байна. Нөгөөтэйгүүр, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлгээр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас 1 диск /дүрс болон дуут бичлэгтэй/-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Эдгээрт бичигдсэн яриа болон дүрс бичлэг нь хэргийн 5-7, 35-38 дугаар талд хөрвүүлсэн баримтуудтай таарч байгаа, энэ талаар зохигчид маргаагүй хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй учир уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь уг шаардлагаа үүрэг хүлээвэл зохих этгээдэд холбогдуулан гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Оюунчимэгт холбогдох, 3 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Эрдэнэсангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хяналан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН