Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 131

 

Г.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00993 дугаар шийдвэртэй, Г.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 4 716 936 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8878 дугаар шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болсон. Тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин 3,481,548 төгрөгийг олгосон ч энэ мөнгөөр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь надад хохиролтой байна.

Хариуцагч тал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2016/00451 дугаар тогтоолыг үл хэрэгсэн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ажилд томилсон Б/78 тоот захирамждаа ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар огт дурдаагүй учраас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажил хүлээлцсэн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан 126 хоногийг нэг өдрийн цалин 37 436 төгрөгөөр тооцож, 4 716 936 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төсвийн тухай хуулийн 39, 61 дүгээр зүйлд заасан Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг даргын хооронд гэрээ байгуулж, Төрийн өмчийн ЕБС-ийн төсвийг улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжилт олгодог. Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг дарга нартай Төсвийн тухай хуулийн 39.2-д Аймаг, Нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргатай энэ хуулийн 39.1-д заасан гэрээг сум, дүүргийн түвшинд аймаг, Нийслэлийн төсөв батлагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор байгуулна, 40.1-д Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна гэж тус тус заасныг үндэслэн гэрээг байгуулж, тусгай шилжүүлгийн санхүүжилтийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн.

Тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт буюу төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төсвийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгууллага бүрээр баталж, дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн төсвийн cap, улирлын хуваарийг баталж, санхүүжилтийг олгодог. Энэхүү батлагдсан төсвийн хуваарийн дагуу тухайн сургууль, цэцэрлэгийн төсвөөс сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн цалин хөлсийг олгодог Иймд Нийслэлийн Засаг даргаас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зардлыг олгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах нь хуульд нийцнэ гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 716 936 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оюунсүрэнд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Оюунсүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Оюунсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 90 421 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байгаа тул прокурор оролцуулах ёстой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярыг татан оролцуулаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Оюунсүрэн нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 716 396 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргаас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зардлыг олгох эрх зүйн үндэслэл байхгүй гэж маргажээ.

 

Хэргийн авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8878 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2016/00451 дугаар тогтоолоор Г.Оюунсүрэнг Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 481 548 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

/хх-ийн 10-27-р тал/

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/78 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Оюунсүрэнг 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон атлаа 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажлыг нь хүлээлцүүлж тэмдэглэл үйлдсэн үйл баримт тогтоогдсон болохыг шүүх зөв дүгнэжээ.

/хх-ийн 6, 8-9-р тал/

 

Иймд нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс ажил хүлээн авсан 2016 оны 7 дугаар сарын 07 хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорыг шаардах эрхтэй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэсэн ойлголтод хамаарна.

 

Шүүх дээрх хугацааг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 126 хоногоор, тухайн албан тушаалын нэг өдрийн цалинг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 37 436 төгрөгөөр тооцож, нийт 4 622 717 төгрөгийг гаргуулахдаа Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засаг даргын Тамгын газрын дэргэд “төрийн сан” байдаг зохицуулалтад нийцүүлэн дүгнэлт хийж, дээрх олговор болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид хариуцагч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хариуцагч нь төрийн байгууллагын эрх ашиг сонирхол хөндөгдсөн тул прокурор оролцуулах ёстой байсан гэж гомдох боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар төрийн байгууллага нь хүсэлт гаргасан тохиолдолд прокурор оролцоо шийдвэрлэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл шүүх санаачилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00993 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Т.ТУЯА